Categories
мэдээ нийгэм

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багш ажлаасаа халагджээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Амила” цэцэрлэгийн багш хүүхэд зодож ёс зүйн алдаа гарган ажлаасаа халагджээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн багш Г.Анхтуяа нь энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр бага насны хүүхдийг чирч зодон багшийн ёс зүйн алдаа, үйлдэл гаргасан байна. “Амила” цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр түүнийг ажлаас нь халж, багшаар ажиллах эрхийг нь хасах саналыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтад хүргүүлсэн аж.

Ёс зүйн алдаа гаргасан багшийг ажлаас нь чөлөөлсний дараа тус цэцэрлэгийн зөвлөл “Цаашид Амила цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилээс камерийн нэгдсэн хяналтын системд оруулж оператор бүх салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж мониторинг хийгдэх болсныг мэдэгдье” гэжээ. Түүнчлэн нийт эцэг эхчүүдээс уучлал хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Гэтэл цахим орчинд нэгэн ээж тус цэцэрлэгийн талаар бичихдээ “Сүүлийн хэдэн сар шөнө миний хоёр настай бяцхан охин дандаа уйллаа. Уйлахдаа хүн цохиод авч байна уу гэмээр чарлаж уйлаад тайвширдаггүй болсон. Гэтэл “Амила” цэцэрлэгийн багш Ганболдын Анхтуяа зодож цохиод, чирч гудчиж харанхуй өрөөнд оруулж байгаа бичлэгийг өчигдөр буюу тавдугаар сарын 28-нд олж үзлээ.

Анхтуяа багшийн хүүхэд зодох зөрчлийг өмнө удаа дараа гаргаж түүнд сануулж байсан талаар эрхлэгч н.Солонго хэлсэн. Өөрөөр хэлбэл “Амила” цэцэрлэг нь хүмүүжиж байгаа хүүхдийн бие махбодод халдаж буй талаар мэдэж байсан атлаа Анхтуяа багшийг үргэлжүүлэн ажилуулсан нь тус цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхийг ноцтой зөрчсөн байна. Би маш их гомдолтой байна. Охиноо яаж сэтгэл санааны хямралаас гаргах вэ?” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *