Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийв. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 715 хүн хүүхэд харагчийн сургалтад сууж, улмаар шалгалтдаа тэнцээд “хүүхэд харагч” гэсэн гэрчилгээгээ гардаж авчээ.
Үүний 391 хүн нь байрныхаа дүгнэлтийг гаргуулаад, хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авсан байна. Тус таван өдрийн сургалтын үеэр хүүхдийн эрх хамгаалал, эрүүл ахуй, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа гэх мэт хичээлүүдийг заадаг аж. Өнөөдрийн байдлаар 150 хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй байранд тодорхой шалгууруудыг давсан 277 хүүхэд асрагч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1300 гаруй хүүхэд хамрагдаж байна. Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь хоёроос зургаан настай хүүхдийг /цэцэрлэгт явах боломжгүй/ харж, амраах, тоглуулах, асран хамгаалах үйлчилгээг хэлнэ. Улсаас хувьсах болон хоолны зардал гэж 113,300 төгрөгийг гаргаж байгаа. Үүний 60 хүртэлх хувийг эцэг эхээс гаргуулж болох байна.