Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн зургаан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, замтай ойр байрлах сургууль, хүүхэд ихээр зорчдог гудамж, замуудад осол, хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарууд байршуулжээ.
Уг ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө буюу 120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд 10 цэгт, нийт 16 ширхэг сэрэмжлүүлэх самбар байршуулсан байна. Маргааш 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Тиймээс эцэг, эх, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож ирээдүй болсон бяцхан үрстээ зөв үлгэр дуурайл үзүүлж, аюулгүй байдлыг нь хангаарай.