Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно

Хүн, тэр дундаа хүүхдийг хөгжүүлэх арга зүй нь шинжлэх ухааны үндэс, онолд суурилах ёстой. Энэ тухай Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтэд заасан байдаг төдийгүй МУ-ын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг” болно гэсэн зорилтыг тодорхойлсон юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн салбарт хэрэгжүүлэх зорилтыг хангаж, үйл ажиллагааг тодорхойлохын тулд эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн санал, санаачилга, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ашиглах нь зүйтэй хэмээн заажээ.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхим хамтран “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

“Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлын зорилт нь хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдэх, Олон Улсын нийтлэг жишиг, үндэсний өв уламжлал, онцлогийг хослуулж, бодит хэрэгцээнд суурилсан бодлого боловсруулахад суурь мэдээлэл болоход оршино. Мөн хүүхдийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох аж.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэн, судлаачид, багш, хүүхдийн байгууллагын ажилтнууд, ЕБС-ийн сурагчид оролцох боломжтой бөгөөд гурван үе шат, гурван дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

Нэгдүгээр үе шат: ЕБС-ийн сурагчдын дунд “Хүүхдийн амьдралын орчин ба хүүхдийн сайн сайхан байдал” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан 2017 оны 1 дүгээр сарын 21-30 ны хооронд зохион байгуулна.

Хоёрдугаар үе шат: Их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторантуудын дунд “Хүүхдийн сайн сайхан байдалд чиглэсэн нийгмийн үйлчилгээ, хөтөлбөр төслүүдийн чанар, үр дүнг үнэлэх нь” сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж, 2016 оны 12 дугаар сарын 20-оос 2017 оны 1 дүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулна.

Гуравдугаар үе шат: Эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн хүрээнд “Хүүхдийн сайн сайхан байдлыг хангах арга зам” сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж, 2016 оны 12 дугаар сарын 20-оос 2017 оны 1 дүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулна.

Ийн шалгарсан 15 илтгэл, 5 эссэг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага

Илтгэл нь эрдэм шинжилгээний зорилттой уялдсан, судалгаанд үндэслэсэн, бодит байдалд хэрэгжиж болохуйц шинэлэг санаа дэвшүүлсэн болон бодит мэдээлэл ашиглаж баримт материал хавсаргаж, ашигласан ном, материалын жагсаалт бичиж, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал хийсэн байх гэсэн шаардлагуудыг тусгажээ.

Илтгэлийн бичвэр дараах шаардлагыг хангасан байна

Үсгийн фонд Arial, хэмжээ 11,12, мөр хоорондын зай 1,5, А4 бичгийн цаас,10-12 хуудас байна.

Илтгэгчдэд тавигдах шаардлага

Хамтарсан болон ганцаарчилсан илтгэл байж болох бөгөөд илтгэлийн хураангуйг боловсруулсан байх бөгөөд Power Point дээр 10 минут танилцуулахаар бэлтгэсэн байна. Мөн илтгэгч нь 4×6 харьцаатай 1 хувь цээж зураг, хувийн мэдээлэл, хариу холбоо барих утасны дугаар, и-майл хаягаа бичнэ.

Илтгэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-25 өдрийн 09-17.00 цагийн хооронд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 307 тоотод хүлээн авна.

Эссэ бичлэгийг 2017 оны 1 дүгээр сарын 23-25 ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд дараах цахим хаягаар хүлээн авна. azjargal.j@fcy.gov.mn, selenge137@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *