Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн энэ оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдааны үеэр Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулав. Уг судалгааг хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1236 сурагчийн дунд явуулсан байна.

Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон “Хүүхдийн үзэл бодолтой байх, санал бодлоо илэрхийлэх эрх нь бүх орчинд хэрэгжих ёстой. Хүүхдэд нөлөөлөх бүхий л асуудлаар хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, тэрхүү санал бодолд зохих ач холбогдол өгч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь насанд хүрэгчдийн үүрэг бөгөөд хүүхдүүд эрхээ мэдэж, эрхийн зөрчлийг таньж, мэдэгдэх, цаашилбал хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой энгийн соёл юм” гэлээ.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хоёрдугаар хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийлээ. Хуралд маань Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода болон ТББ, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм. Хүүхдээсээ санал бодлыг нь сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсоод зогсохгүй. Ер нь тэднийг чиглэсэн хөрөнгө оруулалт хэр үр дүнтэй байна. Цаашлаад дүүрэг, хороонд хүүхдүүдэд зориулсан халамж, тусламжийн хөрөнгө, санхүү хэр үр ашигтай явагдаж байгааг тодорхойлох боломж бүрдэнэ. Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүний 30 хувь нь буюу 450 мянга гаруй нь хүүхэд. Бид хүүхдүүддээ илүү анхаарч ажиллах нь чухал юм. Хүүхдийн эрх нийгмийн аль ч хэсэгт зөрчигддөг. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд эрх, үүргийг нь таниулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сургалт зохион байгуулах ажлыг манай байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган хийж байна. Мөн 152 хороонд эрсдэлийн программыг ажиллуулж байгаа” гэв.

Түүнчлэн бүх орчинд насанд хүрэгчид, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлддөг байвал тэдний төлөө хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно гэж хүүхдүүд үзэж байна. Судалгааны дүнд үндэслэн хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоол гаргахаар тогтоолын төслийг танилцууллаа

Уг хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг батлав. Тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр боллоо. Энэ үеэр хотын дарга “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албан ёсоор зарлаж байна. Энэ тогтоолын дагуу дүүрэг бүрийн Хүүхдийн зөвлөлийн дарга нарт “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болохыг үүрэг болгож байгаа юм. Харин уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулахыг Нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийд даалгалаа. Хүүхдээ сонсч, тэдний дуу хоолойг хүндэтгэнэ гэдэг бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв бурууг хүүхдүүд өөрсдөө дүгнэж хэлбэл бид ажлынхаа үр дүнг бодитоор харах болно” хэмээн тогтоолын төслийг танилцуулахдаа онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *