Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлөөс туршилтын вакциныг хүүхдэд туршиж, уулгаж байна гэсэн мэдээллийг хийлээ. Тус хэвлэлийн хуралд Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанхолбоо, дэд тэргүүн Ц.Эрхэмбаяр, Орон нутгийн эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанхолбоо ярихдаа
Үндсэн хуульд заасанчлан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалтад хар толбо болсон өдөр боллоо. Учир нь ерөнхий боловсролын 15 сургуулийн 8214 хүүхдэд “Д” витамин гэх зүйлийг албадан уулгаж, туршилт хийж байна. Иймээс эцэг эх, эмч, багш нарын гомдлын дагуу энэхүү хэвлэлийн хурлыг зарласан. Бидний олж мэдснээр хоёр удаа хүүхдүүдэд туршилт хийсэн сэжиг бүхий баримт илэрсэн. Хүүхдүүдэд эмийн туршилт судалгаа хийх зөвшөөрөл өгсөн Эрүүл мэндийн яам, хамтран зохион байгуулж Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам оролцсон болох нь баримтаар тогтоогдсон. Энэ бусармаг үйл ажилгаагаа таслан зогсоохыг шаардсан бичгийг бид эдгээр яамд болон Нийгэм Хөдөлмөр Хамгааллын яаманд давхар өгсөн.
Бага насны хүүхдэд сүрьеэгийн вакцины туршилт хийж байгаа энэхүү бусармаг үйл ажиллагаагаа таслан зогсоо мөн энэ талаар тайлбар ирүүлэхийг шаардаж байна. Хариуг гурав хоногийн дотор өгөхийг шаардсан. Гэвч Нийгэм Хөдөлмөр хамгааллын яамнаас бусад нь бидэнд хариу ирүүлсэнгүй. Иймээс “Сүрьеэ өвчнөөс “Д” витамины нөлөөгөөр урдчилан сэргийлэх” нь гэсэн энэ төсөл хөтөлбөрөө нэн даруй зогсоо. Хүүхдийн эрүүл мэндэд учруулсан хохирлоо судлан тогтоо, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт энэ хурлыг дууссаны дараа хүргүүлнэ. Ямар үндэслэлээр “Д” витамин хүүхдүүдэд туршаад байна гэсэн баримтыг ярина вэ гэвэл “Эрүүл мэндийн үүсэл” ХХК нь Боловсролын яамнаас зөвшөөрөл авч, Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, сайдын тушаал гарч 15 сургуулийн 8214 хүүхдэд туршилт хийсэн. 2015 оны хоёрдугаар сараас долоо хоног бүр нэг тун “Д” витаминыг хүүхдүүдэд уулгаж араас нь ус өгөөд амыг нь ангайлгаж, шалгаж хүчээр эм уулгадаг. Эмч нар хүүхдүүдэд эм өгч туршиж байгаад сэтгэл өвдөж байгаагаа илэрхийлсэн. Иймээс энэ талаар төр, хууль хяналт, цагдаа хүчний байгууллагад мэдэгдэж, ийм бусармаг үйл ажиллагаагаа зогсоогооч гэдэг үүднээс энэ хурлыг хийж байгаа юм. Бид урьд нь энэ талаар Ерөнхий сайд болон холбогдох гурван яаманд мэдэгдэл хүргүүлж байсан. Бидний мэдэгдэлд хариу өгөхгүй бол хохирсон хүүхдүүдийн ар гэр, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, эмч нарын хамт жагсаал цуглаан зохион байгуулах дараагийн арга хэмжээндээ орно гэдгээ мэдэгдэж байна гэсэн юм.
Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Ц.Эрхэмбаяр ярихдаа
Би нэг талаар Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүний албыг нөгөө талдаа хохирсон хүүхдүүдийн эцэг эхийг төлөөлж байна. Яагаад гэвэл манай эгчийн хүүхэд энэхүү туршилтад хамрагдсан. Энэ туршилтыг хийхдээ эхлээд хүүхдүүдийн цуснаас ямар ч эцэг эхийн зөвшөөрөлгүй шинжилгээ авсан. Тэгээд эрүүл гарсан хүүхдүүдийг сонгож авч эмээ уулгасан. Уг нь эм гэдэг өвчнийг эдгээх ёстой байтал эрүүл хүүхдүүдийг эхлээд өвчлүүлсэн. Туршилтаа хийж эхлэхээсээ өмнө Монголын 10000 гаруй хүүхдүүдэд судалгаа хийсэн. Энэ нь ямар учиртай судалгаа гэвэл “Сүрьеэгийн бага хэлбэрийн тархалтыг судлах судалгаа” юм. Үүнээс гэр хорооллынхоос 5 хувь, байшин хорооллоос 20 хувь хүүхдэд сүрьеэ илэрсэн байна.Тийм болохоор энэ вакциныг хийснээр хүүхдүүдийн сүрьеэ тусах эрсдэл багасна гэж анх туршилтыг эхлүүлсэн байгаа юм. Тэгээд эцэг эхчүүдийг дуудаж уулзан сүрьеэгийн тархалт их байна гэсэн худал ухуулга мэдээ тарааж, үнэ төлбөргүй эмээр хангаж эмчлэх тухай эцэг эхчүүдэд хуурамч гэрээг танилцуулж гарын үсэг зуруулан зөвшөөрөл авсан. Олон улсад үүнийг эмнэл зүйн туршилт гэж нэрлэдэг. Иймэрхүү вакцин эмийн туршилтыг насанд хүрсэн хүнд өөрийн зөвшөөрлөөр хийдэг. Гарч болох эрсдлийг тооцож өдөрт 500 долларын нөхөн төлбөр олгодог. Гэвч Монголд тийм зүйл байтугай эцэг эхэд нь ч үнэн зөв мэдээлэл өгч мэдээллэхгүйгээр туршилт хийж байна. Манай дүү одоо уушги нь өвддөг болсон. Тиймээс биеийн тамирын хичээлдээ орж чадахаа байсан. Нүд нь анивчдаг, амархан ядардаг, сульддаг болсон. Туршилтад орохоос өмнө энэ хүүхэд эрүүл байсан. Иймээс энэ туршилтад орсон 8214 хүүхдийн эцэг эх бидэнд хандаач ээ. Хүүхдэд чинь эрүүл мэндийн ямар нэгэн өөрчлөлт гарсан бол бидэнтэй цуг энэ бусармаг үйлдлийг таслан зогсооход гар бие оролцооч ээ гэж хүсмээр байна хэмээн ярилаа.
С.ОТГОНБАЯР