Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдүүд ярьж байна: Их уйдах юм

Хүүхдүүд хөл хорионы үеэр гэртээ юу хийж байна. Тэд нийгэмд болж байгаа үйл явдлуудыг хэрхэн хүлээж авч байна. Энэ талаар хүүхдүүдтэй ярилцлаа.

“Монгол билиг оюу” сургуулийн 5-р ангийн сурагч Д.Наранбилэг (10 настай):

-Хөл хорионы үеийг гэртээ хэрхэн өнгөрүүлж байна. Хичээлдээ явмаар санагдаж байна уу?

-Би өглөө босоод ороо хураагаад, шүд, гар нүүрээ угаагаад, цайгаа уусны дараа ээжийнхээ орыг бас хураадаг. Тэгээд зураг зураад, номоо уншаад, жаахан тоглоод, орой нь зурагт үздэг юм байна. Заримдаа гадаа гардаг. Гэхдээ ихэнхдээ уйдах юм.

-Ам бүл хэдүүлээ амьдардаг вэ. Ихэнх цагийг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлж байгаа байх.

-Би аав, ээж, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Аав, ээж хоёртойгоо дандаа цуг байгаа нь таалагдаж байгаа. Нялх дүү маань таван сар хүрч байгаа. Намайг арван настай байхад төрсөн. Би дүүгээ тэврэх, үнэрлэх дуртай. Дуугарч байгаа, уйлж байгаа нь хүртэл өхөөрдөм санагддаг.

-Том хүмүүсийг хүүхдүүдээс юугаараа ялгаатай гэж боддог вэ. Хурдан том болохыг хүсч байна уу?

-Насанд хүрсэн, ажил хийдэг гэдгээрээ хүүхдүүдээс өөр. Хурдан том болмооргүй байна.

-Яагаад?

Яагаад гэвэл том хүн болчихвол ингэж гоё тоглож чадахгүй шүү дээ.

-Хөл хорионд орсноос хойш чиний амьдралд юу өөрчлөгдөв?

-Би найзуудтайгаа уулзаж чадахаа больсон. Бараг гадаа гарч болохгүй. Тэгээд дандаа маскаа зүүнэ, юманд хүрэхгүй гэх мэт муухай зүйлс их болчихсон.

-Хамгийн их хийх дуртай зүйл юу вэ?

-Яг одоо бол хичээл рүүгээ алхаж яваад найзуудтайгаа л уулзахыг хүсч байна. Бас Дарханд байгаа өвөө, эмээ дээрээ очмоор байна. Rokit Bay-ийн дуунуудыг сонсох дуртай.

-Чиний хамгийн хайртай хүмүүс хэн бэ. Яагаад тэднийг хайрладаг вэ?

-Дүү болон аав, ээж болон эмээ, өвөө гэр бүлийнхэндээ хамгийн их хайртай. Дүү маань миний төрсөн дүү болохоор хайрладаг. Мэдэхгүй ээ, цаанаасаа л хайртай юм байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч юу хийдэг хүн бол?

-Ордонд суудаг хүмүүсийг зүгээр ярилцлага өгдөг хүмүүс гэж боддог. Ямар ажил хийдгийг нь мэдэхгүй байна. Улсыг удирддаг юм болов уу? Нэрийг нь мартчихаж.

-Шидтэн ирээд нэг хүслийг нь биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?

-Бэрд чинь гурван хүсэл гэдэг биз дээ. Би хамгийн түрүүнд коронавирусыг арилгана.

-Чи өөрийнхөө юунд дуртай вэ?

-Би өөрийнхөө булчиндаа, хурдан гүйдэгтээ дуртай. Бас ямар нэгэн өвчлөлгүй, эрүүл байгаадаа дуртай.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болмоор байна?

-Би хөлбөмбөгчин эсвэл тагнуулч болно.

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч М.Барс-Эрдэнэ (11 настай):


-Чиний хувьд хөл хорио тогтоосон энэ үед өдөрт юу хийж өнгөрүүлж байна?

-Өглөө босоод нүүр, гараа угаагаад, хичээлийн цаг болохоор хичээлээ хийчихээд үлдсэн цагт нь тоглож өнгөрүүлж байна. Ер нь бүх хүүхдүүд тэгж байгаа байх.

-Өмнө нь хичээл, сургууль хэвийн явагддаг байсан үеийнхээс юугаараа ялгаатай байна?

-Мэдээж хичээлдээ явах сайхан байсан. Гэртээ байгаад байхаар найзуудаасаа хол, хөгжилтэй биш уйтгартай шүү дээ.

-Дүүдээ амны хаалт өөрөө оёж өгсөн гэсэн. Юм оёхыг хэн зааж өгсөн бэ?

-Ээж маань зааж өгсөн. Жаахан хүндрэлтэй байсан ч ээжийн зааснаар оёдлын машинаар оёчихсон.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болмоор байна?

-Тогооч л болмоор байгаа. Ээжийгээ хараад амттай хоол хийдэг хүн болмоор санагдсан. Би зарим хоёрдугаар хоолнуудыг хийж чадна. Ээж, эмээ хоёроосоо сурсан.

-Хүндэлж явдаг хүн бий юу?

-Хөлбөмбөгийн нэг гадаад тамирчин бий.

-Хамгийн том мөрөөдөл нь юу вэ?

-Нэгдүгээрт ээжийгээ өөрийн гэсэн машинтай болгоод чаддаг бол дүүгээ алхдаг болгочихмоор байна. Өөрөө онц сурахыг бас хүсч байна.

Бэлтгэл бүлгийн сурагч Т.Маралжин (5 настай):


-Хөл хорионы үеийг гэртээ хэрхэн өнгөрүүлж байна. Гэрээсээ гарахгүй болохоор уйдаж байна уу?

-Би босоод нүүрээ угаагаад, хувцсаа өмсөөд тоглоомуудаараа орой болтол тоглодог. Гэхдээ ангидаа хурдан явмаар байна.

-Хөл хорионы үеэр ээж, аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлэх хэр байна?

-Манай ээж цэцэрлэгийн багш. Аав харин хөгжмийн багш хийдэг. Аав, ээж хоёртойгоо гурвуулаа дандаа цуг байгаа. Гэхдээ ээж ажилдаа явахгүй байгаа ч компьютер дээрээ дандаа сууж, ажлаа хийдэг.

-Хамгийн их хийх дуртай зүйл юу вэ?

-Би барбигаар тоглох хамгийн дуртай. Тоглох хүн байхгүй ганцаараа жаахан уйддаг болохоор дүүтэй болгоод өгөөч гэж ээжээсээ гуйсан.

-Хэрвээ коронавирус арилчихвал хамгийн түрүүнд юу хиймээр байна вэ?

-Гадаа хүссэнээрээ тоглож, найзуудтайгаа уулзана. Аавын маань надад захиалсан барби коронавирус намдахаар ирнэ гэсэн. Тэгэхээр хурдан л урьдных шигээ ангидаа явж, найзуудтайгаа тоглохсон гэж хүсч байна.

-Хайрыг юу гэж боддог вэ?

-Тэврэхийг хэлдэг юм болов уу.

-Том болоод ямар ажил, мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ?

-Балетчин бас нугараач болно. Шидтэн ирвэл намайг гүнж болгоод өгөөч гэж гуйна. Бас ангийн найзуудтай минь уулзуулж, тоглоомын төвд тоглуулж өгөөч гэж хүснэ.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *