Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн гэв

Сүүлийн үед насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ.
Зуны амралтаар хүүхдээ хаана, хэнтэй найзалж, юу хийж байгааг нь сайн анхаарч, гэмт
хэрэгт холбогдохоос нь сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд анхааруулсан
юм. Өнгөрсөн долоо хоногт хүүхдүүд нийлж дэлгүүрт хулгай хийж байгаад баригдсан
бол энэ долоо хоногт 14 настай хүү хүний машин хулгайлж, жолоодож яваад баригдсан
юм. Сонгинохайрхан дүүргийн II хороонд суух 14 настай М Баянгол дүүргийн VI хорооны
байрны өмнөөс “Hyundai Accent” маркийн машин хулгайлж, унаж явахад нь цагдаагийнхан
саатуулжээ. Нийслэлд хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас
мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригт 11, лхагва гаригт мөн тооны хулгайн хэрэг бүртгэгджээ.
Иймээс хотоос гарч, амралт зугаалгаар явах гэж байгаа бол гэрээ хөршдөө, орцны жижүүртээ,
хорооны цагдаадаа хэлж орхихыг Цадаагийн ерөнхий газраас  анхаарууллаа. Мөн машинаа хамгаалалттай, гэрэлтэй
газарт орхиж байхыг сануулсан юм.

 

АЛГА БОЛСОН ГЕОЛОГИЧ ЗАЛУУГИЙН ЦОГЦОС ОЛДЖЭЭ

 Баянхонгор аймгийн Баян-Өндөр
суманд ажлаар явж байгаад ор сураггүй алга болсон АМГ-ын геологичийн цогцсыг эрлийн
багийнхан олсон байна. Тэрээр  хяналт, шалгалт
хийх зорилготойгоор хамт явсан хоёр хүнээсээ төөрч, долоо хоногийн турш сураггүй
байсан юм. Түүнтэй хамт явж байсан  АМГ-ын
Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, жолооч Ч.Түмэнбаяр нар нутгийн
иргэдтэй таарснаар амь аврагдсан юм. Харин харамсалтайгаар амиа алдсан  Б.Мөнх-Эрдэнэ 
АМГ-т ажиллаад нэг жил болж байгаа аж. Эрлийн баг талийгаачийн цогцсыг өчигдөр
Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газраас олжээ. АМГ-ын гурван
ажилтан төлөвлөгөөт шалгалтаар 20 хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллахаар
энэ сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумаас 120-130 км зайд, Идрэнгийн нуруунд явж байхад
нь машиных нь гурван дугуй хагарснаар ийн тусламж дуудах гэж яваад хоорондоо төөрөлдөж,
нэг нь  амиа алджээ.  Талийгаачийн ар гэрийнхэн МАК-ийн нисдэг тэргийг
хөлсөлж, эрэл хайгуул хийж байсан аж. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач залуу
цангаж амиа алдсан байна. Тэр хавьд ус огт байхгүй бөгөөд хамгийн ойрхон айл нь
80 километрийн цаана байдаг гэнэ. 

 

Г.БУЯНДОРЖИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД
БУЦААВ

БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан хэрэгт шүүгдэж байгаа
“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хэргийг хоёр өдөр шүүж, шүүх шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийг
шүүгээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин нягтлан шалгах шийдвэрийг
гаргасан байна. Мөн Г.Буяндоржийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг
хэвээр үлдээжээ. Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс
баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс
“Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
зэрэг хэрэгт сэжиглэж байгаа. Мөн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан,
бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж нэр хүндэд нь халдсан хэрэгт шүүгдэгчээр татаад
байсан юм.

 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Н.МӨНХБАТЫГ СЭЖИГТНЭЭР ТАТСАН
БАЙНА
 

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат,
Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж
байгааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр мэдэгдлээ.
Шалгагдаж байгаа хүмүүс дотор Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд
ч багтсан гэнэ

Н.Мөнхбат болон Эдийн засгийн
хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд “Халзан бүргэдэй Солонготын
даваа”-ны зуун километр  авто замын гүйцэтгэл
38 орчим хувьтай байж байхад уг газарт шинээр зам тавих гэж буй ойлголтыг Засгийн
газарт төрүүлж, Засгийн газрын тогтоол оруулж батлуулсан аж.  Ингээд 45.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад
“Монройд” гэдэг компанид зам барих эрхийг шилжүүлэн өгчээ.

Мөн Замын-Үүдийн боомтын ачааны
шалган нэвтрүүлэх боомтын цогцолборт 8.7 километр хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр
өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байжээ. Мөн 20 тэрбумын ажлыг 33 тэрбумаар
хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг
шилжүүлж олгосон гэнэ. Иймд Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн
яамны удирдах албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Э.БААТАР 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *