Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгасны улмаас энэ зун хүүхдийн зуслангууд амрагчид хүлээн авах боломжгүй болжээ.
Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын Гэр бүл, хүүхдийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Алтанзаяагаас тодруулахад, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 30-ныг хүртэл сунгасантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 зуслан ажиллахгүй. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монголын зуслангийн холбоо болон зуслангийн удирдлагуудтай хэлэлцэж энэ цаг үед хүүхдийн зуслан ажиллах нь эрсдэлтэй гэж дүгнэсэн. Хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд зуслангууд ямар зохион байгуулалтаар хүүхдийг амруулах талаар түр журмыг батлаад байна. Харин жил бүр тогтмол амардаг хүүхдүүдэд чиглэсэн цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зуслангууд эхнээсээ цахим хөтөлбөрөө манай байгууллагад илгээгээд байна” гэв.