Бага насны хүүхдийг хаана, юу нь өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй уйлахад эцэг эхчүүд яахаа мэдэхгүй сандралддаг. Тэр дундаа ханиад, хатгалгаа аль нь болохыг мэдэхгүй гэрээр дур мэдэн эмчилгээ хийх нь бий. Юун түрүүнд хүүхэд чинь өвдсөн бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүүхэд хатгалгаа туссан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх, ямар арга хэмжээ авах талаар Үндэсний эрүүл мэндийн портал “Emch.mn” ингэж зөвлөсөн байна.
Хатгалгаа буюу уушгины үрэвсэл гэдэг нь хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд үрэвсэж идээ, цэр, цусаар бөглөрөхийг хэлнэ. Иймд эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангахад бэрхшээл үүсч үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадаж (амьсгалын тоо олшрох) эхэлнэ. Өөрөөр хэлбэл амьсгаадах, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалахад өвдөлт үүсэх, хамар сарталзах, хамар, уруул хөхрөх нь уушгины хатгалгааны үндсэн шинж юм.
Ихэнхдээ нянгаар дамжуулан ханиад томуу тусч улмаар хатгалгаа болон хүндэрдэг. Харин маш ховор тохиолдолд мөөгөнцрийн улмаас тусах нь бий.
Вирус, нянгийн хатгалгааны хувьд илрэх шинжүүд ижил боловч явцаараа ялгагдана. Нянгийн хатгалгааны хувьд дээр дурдсан шинж тэмдгүүд өвчин эхэлсэн эхний эсвэл хоёр дахь өдрөөсөө л илэрч эхлэх бөгөөд тохирсон антибиотикийг зөв тунгаар хэрэглэсэн тохиолдолд эмчилгээ эхэлснээс хойш 24-48 цагийн дотор хүүхдийн биеийн байдал эрс сайжирч шинж тэмдгүүд намжиж эхэлнэ.
Харин вирусийн хатгалгааны хувьд ханиад шуухинаагаар эхлэн шинж тэмдгүүд аажмаар өдөр өдрөөр нэмэгдэнэ. Эхлээд цөөн ханиаж байснаа ханиалга нэмэгдэж халуурч амьсгаадах, хоолонд дургүй болох, хөхөндөө муудах шинжүүд нэмэгдсээр ойролцоогоор долоо хоногийн дараа хатгалгааны шинжүүд илэрнэ. Ийм учраас вирусийн хатгалгааг өвчин эхэлсэн эхний хоногуудад оношлох боломжгүй бөгөөд өвчин эхэлсэн эхний өдрөөс антибиотик эмчилгээ хийсэн ч урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг. Вирусийн хатгалгааны эмчилгээнд антибиотик хэрэглэх боловч тэр дороо үр дүн гарахгүй, хүүхдийн биеийн байдал сайжрах нь удаан (хоёр долоо хоног, түүнээс ч удаан) байдаг. Цусны шинжилгээгээр вирус, нянгийн шалтгааныг ялгаж болно.
Хөнгөн хатгалгаа туссан үед гэрээр антибиотик ууж эмчилж болох боловч юун түрүүнд эмчид үзүүлж эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхдээ цаг тухайд нь дархлаажуулах, хөхөөр хооллох, гэр бүлийн гишүүд тамхи татахгүй байх нь хүүхдийг уушгины хатгалгаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тураал, сульдаа, цус багадалт, олон нйитийн газар хүүхдээ авч явах, олон ам бүлтэй байх нь хүүхэд хатгалгаа тусах бас нэг шалтгаан болдог.
Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?
Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-10 удаа ханиад томуугаар өвчлөх нь хэвийн үзэгдэл. Цэцэрлэг, яслид явдаг бол илүү олон өвчлөх нь ч бий. Хүүхэд зургаан нас хүрэхэд ханиад томуугаар өвчлөх нь эрс цөөрнө.
Хүүхэд даарснаас болж ханиад томуу, хатгалгаагаар өвчилдөггүй байна. Харин өвчтэй хүний нус, шүлс, цэрээр дамжин халдварладаг.
Илрэхшинжтэмдгүүд:
• Хамар битүүрэх, нус гоожих
• Нойрондоо муудах (ялангуяа нярай, хөхүүл насныхан)
• Хоолой сөөх
• Ханиах
• Халуурах
• Хөхөндөө, хоолондоо муудах
• Арьсаар тууралт гарах
Хэрхэнсэргийлэхвэ?
• Ханиад томуугаар өвчилсөн хүнээс хол байлгах, намар, өвөл, хаврын цагаар олон хүнтэй газраар хүүхдээ авч явахгүй байх
• Гараа байнга угаах, гараа угаагаагүй хүнийг хүүхдэдээ хүргэхгүй байх.
• Ханиах, найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах. Ханиах, найтаах үед вирус агаарт цацагдаж, түүгээр нь хүүхэд амьсгалдаг.
• Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос тоосонцоргүй орчин бүрдүүлэх, тамхи татахгүй байх
• Хоол хүнсээ амнаас аманд хийхгүй байх. Хүүхдийн аяга халбага тусдаа байх
Эцэг эхчүүдийн түгээмэл хэрэглэдэг 0.25 хувийн “Оксолиновая мазь” хэмээх вирусийн эсрэг тос нь зөвхөн ОХУ-д үйлдвэрлэдэг, өндөр хөгжилтэй орнуудад хүлээн зөвшөөрөгддөггүй бэлдмэл юм. Энэхүү тосыг хамрын арьсанд биш, салстад өдөрт 2-3 удаа 30 хоног түрхэж хэрэглэнэ. Энэ бэлдмэл хамраар нэвтэрсэн вирусийг салстад нэвтрэхээс хамгаалах үйлдэлтэй хэмээдэг боловч ханиад томуугийн вирус ам залгиураар орохоос сэргийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн энэхүү тосыг 20 хэмээс доош нөхцөлд хадгалдаг тул хөргөгчинд хадгалах хэрэгтэй юм шүү.
Бэлтгэсэн: Э.НОМИН-ЭРДЭНЭ