Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 2022 оны долдугаар сарын 4-ний өдрийн “Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г тогтоосон байдаг. Тус тогтоолд хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөх талаар дурдсан байна.
Хэдхэн сарын өмнө уналт, таталтын эм тасарч, цөөн газарт байгаа эм нь дэндүү өндөр үнэтэй байна хэмээн эцэг эхчүүд эсэргүүцэл зарлаж, Төрийн ордны өмнө суулт зарлаж байсан билээ. Тэгвэл энэхүү тогтоолын хүрээнд төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад багтсан тархины саажилт болон 0-19 насны уналт, таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг ийнхүү 100 хувь хөнгөлөхөөр болжээ.