Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тус зөвлөлийн
гишүүдээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар зөвлөлийн дарга
нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн
төлөөлөл оролцлоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний
зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг нээж, үг хэллээ.
Хуралдаанаар “Хүүхдийн хөгжил,
хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл” болон “2015-2020 он
хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын хүрээ” баримт бичгийн
төслийг хэлэлцлээ. Дээрх бодлогын баримт бичгийн төсөлд хүүхдийн хүртэх
эрхтэй нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд
тогтолцоог хөгжүүлэхээр тусгажээ. Ингэснээр хүүхэдтэй зүй бус харьцах
бүх хэлбэрийг хуулиар бүрэн хориглож, хүүхэд хамгааллын урьдчилан
сэргийлэх стандарт үйлчилгээ хүртээмжтэй болох юм. Мөн хурлаар Хүүхдийн
хөгжил хамгааллыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Хүүхдийн
төлөө үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг баталлаа.