Хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал 3 дахин нэмэгджээ.
Сүүлийн долоо хоногт БОЭТ-ийн амбулаториор 10270 иргэн үйлчлүүлсний 17.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасагт 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 6 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна. Томуугийн вирусаар 2-5 насны хүүхдүүд голлон өвчилж байгаа бөгөөд өндөр халуурах, хоолой боох шинж тэмдгүүд илэрч байна. Мөн маш хурдан хүндэрч хатгаа болох эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Халдварын тархалтыг хянах үүднээс хүүхдийн байгууллагуудаас өдөр бүр ирцийн мэдээ авч, хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5400 хүүхэд ирсэн нь нийт хүүхдүүдийн 50 хувийг эзэлж байна.
Тиймээс БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс хувийн хэвшлийн Хүүхдийн эмнэлгүүд, ӨЭМТ-ийн болон тэтгэвэрт гарсан эмч нарыг нэмэлтээр авч ажиллуулж байна. Мөн ӨЭМТ-үүд ажлын өдрүүдэд өглөө 08:00- 20:00, амралтын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэрэв томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-ийн эмчид яаралтай хандах шаардлагатайг ЭМГ-аас анхаарууллаа.