Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг хоёр хэсэгт хуваан тохижуулахаар болжээ.
Тодруулбал, А хэсэг буюу 10.2 га газрыг “Рио Тинто” компани ногоон байгууламж хэлбэрээр тохижуулах бол В хэсэг буюу 6.9 га газрыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс паркийг өргөтгөх байдлаар тохижуулах аж.
Энэ тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Бид зарчмын хүрээнд арга замуудыг эрэлхийлж, Улаанбаатар хотын зүрх болсон Хүүхдийн паркийн 10.2 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлыг эхлүүлэхээр хууль эрх зүйн тал дээр НИТХ-аар шийдвэр гаргуулсан.
Энэ хүрээнд өнөөдөр “Рио Тинто” компанийн удирдлагууд болон Хүүхдийн паркийн төлөөлөл, нийслэл хамтран гуравласан гэрээг хийж, “Рио Тинто” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 10.2 га газарт олон улсын стандартад нийцсэн тохижилт хийхээр боллоо.
Миний төсөөллөөр тус газарт Нью-Йорк хотын Централ парк шиг тохижилт үйлчилгээ хийж, хүүхэд залуучууд, иргэд чөлөөтэй орж гардаг, амарч зугаалдаг нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.
Хүүхдийн парк 1966 онд анх байгуулагдсан цагаасаа эхлээд иргэдийн зүрхэнд үлдсэн чухал газар” гэв.
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд манай компани Хүүхдийн паркийн баруун хэсэг буюу Хүүхдийн ордноос – Нарны зам хүртэлх 10.2 га газрын яг ногоон бүс байдлаар нь сэргээн засварлах ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийнэ.
Эхний жилд нь ногоон байгууламжийг тарьж, сэргээн засварлаж, тохижуулах бол дараагийн гурван жилд ногоон байгууламжийг бойжуулах буюу арчлан хамгаалах тал дээр төвлөрөх юм.
Уг ажлыг иргэдийн оролцоог хангасан байдлаар зохион байгуулах бөгөөд үндэсний компаниудыг энэ төсөлдөө урьж оролцуулахаар төлөвлөж байна” гэв.