“Үндэсний соёл амралтын хүрээлэн” буюу олны нэрлэдгээр Хүүхдийн паркийг зорилоо. Соёл амралтын хүрээлэн рүү нэвтрэхэд төлдөг байсан 1000 төгрөгийн хураамж байхгүй болсон байна лээ. Паркийн төв хаалгаар ороход хүн, машин “чихцэлдэн” байв. Дотогш ороход, хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд бяцхан үрсээ тэвэрсээр зугаалах ажээ.
Хүүхдүүдийн зарим нь цагаан, цэнхэр хөөсөн чихэр нэг гартаа, харин нөгөө гартаа соруултай ундаа, үлээдэг шаар барин гүйлдэх нь харагдана. Соёл амралтын хүрээлэнд үйл ажиллагаагаа явуулж буй хоолны газрууд болон түргэн үйлчилгээний цэгүүд баяр наадмын өдрийг тохиолдуулан “наадмын хуушуур”-ыг хийж байгаа бөгөөд ширхгийн үнэ нь 1000 төгрөг аж. Мөн паркийн тоглоомуудаас гадна, хүүхдүүдийн сонирхлыг татсан бие дээр зурдаг шивээс, амтат хот дог, дардас, хүүхэлдэйн баатруудтай хамт зургаа татуулах самбар зэрэг олон үйлчилгээ байв. Паркийн зүүн жигүүрт байх нээлттэй тайзан дээр цам харайж, Цагаан өвгөн бүжиж байлаа. Бяцхан хүүхдүүд тэднийг сонирхож, зарим нь дуурайн бүжиглэж харагдана.
Энэ үеэр “Соёл амралтын хүрээлэн”-гийн маркетингийн менежер Г.Алдархишигээс зарим зүйлсийг тодрууллаа.
-Баяр наадмын өдрүүдээр хэр зэрэг ачаалалтай байв?
-Ачаалал нэлээд их байсан. Орж, гарахад үнэ төлбөргүй болчихсон. Мөн үнэ төлбөргүй тайзны хөтөлбөрүүдийг хүүхэд, эцэг эхчүүдэд зориулан явуулсан болохоор хүний хөл тасрахгүй байлаа. Хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлачихаад хүүхдүүдээ дагуулаад шууд манайхыг зорьж байх шиг санагдсан. Тавдугаар сарын нэгнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нээгдсэнээсээ хойш орж, гарахад үнэ төлбөргүй болчихсон болохоор яг хэдэн хүнд үйлчилсэн талаарх нарийн тооцоо гараагүй байна. Мөн цаашдаа ч үнэ төлбөргүй нэвтрэх эрхийг хэвээр үлдээнэ.
-Өнгөрсөн жилийн баяр наадмаар хэчнээн хүнд үйлчилсэн бэ?
-Манайх цагийн хуваарийн дагуу өглөө 11:00 цагаас оройны 23:00 цаг хүртэл ажилладаг. Мөн бороо орж байгаа үед тоглоомуудаа түр зогсоодог. Өнгөрсөн долдугаар сарын 11,12,13 гэсэн наадмын гол гурван өдрүүдэд нийт 15000 гаруй хүнд үйлчилсэн байдаг.
-Саяхан “Сансрын хөлөг” тоглоомд эвдрэл гарч, дөрвөн хүүхэд гэмтсэн. Үүнтэй холбогдуулан өргөгч крантай зургаан тоглоомд хяналт шалгалт явуулахаар түр зогсоосон. Эдгээр тоглоомууд одоо хэвийн ажиллаж байгаа юу?
-Тийм, тоглоом хугарснаас болоод хүүхэд бэртсэн тохиолдол гарч, ҮСАХ-д байгаа 22 тоглоомд Мэргэжлийн хяналтын зүгээс шалгалт хийсэн. Одоогийн байдлаар хийн даралтаар ажилладаг дөрвөн тоглоомыг шалгаж дуусаагүй байгаа. Том галзуу хулгана, Динозавр, Нархан, Тагада тоглоом одоогоор ажиллахгүй байна. Харин бусад 16 тоглоом цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа.
-Ер нь зуны саруудад иргэдэд зориулан ямар үйлчилгээ санал болгож байна вэ?
-Цахим сүлжээнд хүмүүс сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн групп үүсгэсэн байдаг. Бидний зүгээс энэ сардаа багтаагаад тэдгээр хүмүүст зориулан арга хэмжээ зохиох төлөвлөгөөтэй байгаа. Амьд харилцааг бий болгож, цахим орчинд танилцсан хүмүүс манай паркад ирээд, бодит орчинд өөр хоорондоо танилцах, эсвэл группийнхээ үйл ажиллагааг сурталчилж болох нээлттэй өдөрлөг юм. Мөн жил болгон наадмын дараа “Шагайн өдөрлөг” зохиодог. Энэ жил ч гэсэн хүмүүс дөрвөн шагай авчраад тавин хувийн хямдралтай тоглох боломжтой. Бас ирэх наймдугаар сард ажлын өдөр болгон нэг тоглоом үнэгүй гэсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болно.
-Сансрын хөлөг тоглоомыг бүр сууриар нь авчихсан харагдаж байна. Үүний оронд шинэ тоглоом тавигдах уу, эсвэл шинэчлээд буцааж тавих уу?
-Тийм, бүр авчихсан байгаа. Ер нь шинээр тоглоом тавина гэсэн төлөвлөгөө байгаа. Гэхдээ энэ жилдээ амжихгүй байх гэв.
ҮСАХ-гийн тоглоомны үнэ тарифийн хувьд, багцын болон нэгжийн гэж ангилагдах аж. Хэдэн тоглоом багтсанаас хамаараад үнэ нь өөр юм байна лээ. Үүнд, таван тоглоом багтсан бол 15000 төгрөг, долоон тоглоом багтсан нь 20000 төгрөг, есөн тоглоомтой багц нь 25000 төгрөг бол 12 тоглоомтой багц нь 30000 төгрөг юм. Эдгээр нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд хэрвээ 30000 төгрөгийн багцын тоглоомын тасалбар авч эхлээд таван тоглоом дээр тоглочхоод тасалбар авсан өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хүссэн үедээ ирж үлдсэн тоглоом дээр дахин тоглох боломжтой. Харин нэг тасалбараар нэг л хүн үйлчлүүлэх эрхтэй юм байна.
Нэгжийн үнийн тухайд, 4000-6000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд алсыг харагч, агаарын дугуй, завь, морин дээр 0-3 насны хүүхдэд үнэгүй гэнэ.
Морин тойруулга, динозавр, мэлхий үсрэлт болон бөмбөгтэй машин тоглоом дээр эцэг эхчүүд дараалалд зогссон байлаа. Харин хүүхдүүд нь тоглох цагаа хүлээн ил байх хүүхдийн үнэгүй тоглоом болох элсэн дундах гулгуур, мангасын амаар дээш авиран гулсан тоглоно. Зарим хүүхдүүд уйлалдан “Энэ тоглоом дээр л сууна” гэсэн ч харамсалтай нь заасан тоглоом нь өндөр, насны хязгаартай байх аж. Тодруулбал, “Саран савлуур” тоглоом дээр 1.3 метрээс дээш өндөртэй хүн үйлчлүүлэх ёстой юм байна. Мөн “Давалгаа эргүүлэг” дээр 1.2 метр, эргэдэг дельфин нь дөрвөөс дээш насныхан тоглох боломжтой бол “Хүслийн галт тэрэг”-т 1-4 насны хүүхдүүд л тоглох ёстой ажээ.
З.СУВД