Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулахаар болжээ. Энэ талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг өнгөрсөн намар эхлүүлэхээр төлөвлөөд байсан. Гэвч эрх зүйн орчныг бүрдүүлэх, өөрчлөх шаардлага гарсан учраас хугацаа алдсан юм. Өчигдөр Нийслэлийн засаг даргын саналыг НИТХ дэмжиж одоо тохижилтын ажил эрчимтэй явах боломж бүрдсэн”.
Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг өчигдөр НИТХ-аас дэмжих тогтоол гаргалаа. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд дараах асуудлуудыг ярилцлаа.
- Өнгөрсөн хавар 10.2 га газар дээр хашаа буулгасан. Энэ газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэр гаргалаа. Энэ газарт ногоон байгууламж байгуулж тохижуулна.
- 2015 оноос төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчийн зүгээс нийслэлийн төсөвт 698 сая төгрөг төвлөрүүлсэн. Энэ мөнгө 2015-2016 онд төвлөрөөд 2017 оноос Олимпийн гүүрний бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан зогсоод байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүллээ. Жил бүр энэ мөнгийг төвлөрүүлнэ. Мөн бүтээн байгуулалтын ажил жигдэрсний дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тохирлоо.
- Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2005 оноос хойш эхний ажлууд хийгдэж, ногоон байгуламж, үйлчилгээний төвүүд, тоглоомууд баригдсан. Мөн шугам хоолойн шинэчлэлийн ажил хийгдэж байна. Дөрвөн тоглоом шинээр тавигджээ. Дараагийн ээлжний ажлыг 2024 онд багтаан дуусгах үүргийг НИТХ-аас өглөө. Энэ асуудлаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажлаа 2024 онд багтаан дуусгахаар боллоо.
Парк урин дулаан цагт үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ хамтын ажиллагааны хүрээнд жилийн дөрвөн улиралд хүүхэд залууст үйлчлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь хотын төвд 10.2 га газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай болж байна” гэв.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр “2005 онд хамтарсан компани байгуулаад 17 жил болж байна. Нэгдүгээр ээлжийн хөгжүүлэлт буюу тоглоомтой хэсэг, гадна тохижилтын ажил хийгдээд явж байна. Жил бүр тоглоом нэмдэг. 2022 онд дөрвөн тоглоом нэмсэн. Өнөөдрийн байдлаар 23 тоглоомтой. Эрс тэс цаг ууртай манай оронд тоглоомуудын элэгдэл өндөр. Гэхдээ бид жил бүр тоглоомоо шинэчилж байсан. Зөвхөн 2020, 2021 онд цар тахлаас болоод тоглоом шинэчилж чадаагүй. Төслийн хоёрдугаар үе хэрэгжсэнээр бид санхүүгийн хувьд арай бие даасан байдалтай болно. Жил болгон тоглоом шинэчилнэ. Хоёрдугаар ээлжийн төсөлтэй холбогдуулаад дотор байгууламжийн тоглоомууд, Түмэн эх чуулгын байр шинээр баригдана. Мөн дэлгүүр, ресторон байгуулагдана. Нийслэлчүүд жилийн дөрвөн улирал үйлчлүүлэх цогцолбортой болно” гэлээ.