Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан тохиолдолд сар бүрийн 20-ны өдөр олгогдоно

“Ирээдүйн өв сангийн тухай” хуулийн дагуу 2022 оноос эхлэн Хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, түүнээс мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг хүлээн авч байгаа. Энэ сарын 14-ний байдлаар 729,699 хүүхдийн мөнгийг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ ирүүлснийг ХХҮЕГ-аас мэдээллээ.

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ сар бүр системээр дамжуулан, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд өөрийн биеэр нэг удаа хандаж, бүтэн жилээр гаргах зохицуулалт хийсэн ч иргэдийн хүсэлтийг харгалзан, цахимаар гаргахдаа нэг удаагийн хүсэлтээр бүх сараа сонгох юм.

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаагүй тохиолдолд Төрийн сангийн дансанд байршуулна

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан тохиолдолд дараах хувиар тооцож мөнгөн хэлбэрээр олгох ба хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдож байсан дансаар дамжин сар бүрийн 20-ны өдөр олгогдоно.

2022.01.01-07.01-ний өдрийг хүртэл 100,000 төгрөг

2022.07.01-2022.12.31-ний өдрийг дуустал 50,000 төгрөг өгнө.

Хэрэв хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаагүй тохиолдолд мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлт гаргасанд тооцож, Төрийн сангийн холбогдох дансанд байршуулна.

Хүүхдийн мөнгөн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ тухайн сард нь гаргаж амжаагүй эсвэл хүсэлт гаргасан боловч тухайн иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн сардаа олгогдоогүй бол хүсэлтийг үндэслэн нөхөн олгоно. Өөрөөр хэлбэл 2022 оны нэгдүгээр сард мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаж амжаагүй тохиолдолд хоёрдугаар сард гаргах боломжтой ба 1, 2 сарын мөнгийг хамт олгоно.

Хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, түүнээс мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг:

www.ehalamj.mn цахим хуудас

Ebarimt гар утасны аппликэйшн

Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх газар, хэлтсүүдээр дамжуулан хүлээн авч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *