Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монголын сурагчдын холбоо, ЦЕГ, Соёл урлагийн газартай хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” нэг сарын аянг хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг нийгэмд таниулах, сурталчлах, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус аяныг эхлүүлээд байна.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн язгуур эрх, эрх ашгийг хангах, хамгаалах, хуулийн этгээдүүдийн үүрэг, оролцоо, хариуцлагыг хуульчилсан бол Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг хориглосон байдаг.
Тодруулбал, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд гэр бүл, нийгэм дэх хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбар, хэвлэл мэдээлэл ба цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах тухай заасан.
Аяны хүрээнд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн сурагчдад Хүмүүжлийн эерэг арга, “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг сурталчлан таниулах, Цахим орчны гадуурхал, хүчирхийллээс өөрийгөө болон найзыгаа хэрхэн хамгаалах, Хүрэхүйн тухай ойлголт зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Тухайлбал, “Хүүхдийн тусламжийн утас-108” үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид “Хүрэхүйн тухай ойлголт”-ын талаархи мэдээллийг сурагчдад өгсөн юм. Хүрэхүй нь аюултай болон аюулгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Хэн нэгэн хүн таны зөвшөөрөлгүйгээр биеийн аль нэг хэсэгт хүрч тааламжгүй мэдрэмж төрүүлэх, өвтгөх, биеийн чинь эмзэг хэсэгт хүрэх зэрэг үйлдэл хийвэл аюултай хүрэхүйд ордог байна. Энэ тохиолдолд өөрт хамгийн ойр байгаа хүнээс болон ойр дотны хүмүүсээс тусламж хүсэх, ээж, аавдаа энэ тухайгаа хэлэх, хүүхдийн тусламжийн утас 108 руу залгаж мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг сурагчдад зөвлөсөн юм.
Харин сурагчид олон хэрэгтэй мэдээллийг сургалтаас олж авсан хэмээгээд хүүхдийн эрхийг дээдлэн, тэднийг хамгаалахад хүн бүрийг оролцохыг уриаллаа.
Уг сургалтыг “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” нэг сарын аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна.