Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Чингисийн талбайд өчигдөр “Хүүхдийг эрхийг дээдлэе” уриатай унадаг дугуйтай өдөрлөг зохиогдлоо. Энэ үеэр Чингисийн талбай – Баруун дөрвөн зам – Зүүн дөрвөн зам – Чингисийн талбай гэсэн маршрутаар дугуйн парад аялуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд томчуудын анхаарлыг хандуулав. 2014 онд хүүхэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч болох 2300 хүний дунд хүүхдийн эрхийн хуулийн хэрэгжилтийн талаар санал асуулга явуулсан байна. Энэ судалгаагаар тэдний 73,3 хувь хүүхдийн эрх нийтийн тээвэрт зөрчигддөг гэж хариулсан байна. Мөн үйлчилгээний газарт, сургуулийн орчинд, цахим тоглоомын газруудад хүүхдийн эрх зөрчигддөг гэж хариулжээ. Үүнээс гадна сүүлийн үед гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчин, аминд нь хүрсэн тохиолдол гарч байна. Иймд хүүхдийн эрхийг дээдлэхийг уриалсан энэхүү дугуйн парад, өдөрлөгийг Ардчилсан хүчний залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа ба ХТҮГ хамтран ажиллалаа. Энэ үеэр хүүхдийн болон залуу үеийг төлөөлсөн хамтлаг дуучид оролцож, ая дуугаа өргөсөн юм.