Categories
мэдээ цаг-үе

​Хүүхдийн эмч Г.Цэен: Бага насны хүүхдийн хоолыг байнга миксердэж өгөх нь буруу. Зажилж идэж чадахаа больчихдог


Бага насны хүүхдүүдийн зөв хооллолтын талаар хүүхдийн эмч Г.Цэентэй ярилцлаа

Эхийн сүүгээр хооллож буй 4-6 сартай хүүхдийг бор хоолонд оруулахдаа юун дээр анхаарах вэ?

-Эхийн сүүгээр хооллож байгаа 4-6 сартай хүүхдийг нэмэлт хоолонд /бор хоол/ оруулах талаар ярихын өмнө эхийн сүүгээр дагнан 6 сар хүртэл хооллох нь чухал ач холбогдолтой талаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй хуваалцъя гэж бодож байна.

Эхийн сүү нялхсын амьдралынх эхний 6 сард шаардлагатай хэрэгцээг бүрэн хангаж, эрүүл өсч, бойжих нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөдөг.

Эхийн сүүгээр дагнан хооллолт гэдэг нь нярай хүүхдийг өөр ямар нэг шингэн, хоол, бүр ус ч өгөхгүйгээр зөвхөн эхийн сүүгээр хооллохыг хэлнэ.

-Ажиглаад байхад эцэг эхчүүд хүүхдээ хооллохдоо миксердэж өгдөг. Энэ нь зөв үү?

-0-6 сартай хүүхдийн нэмэлт хоолыг нь миксердэж өгөх нь зүйтэй. Харин 10-11 сартайд хүүхдийн шүд ургадаг тэр үед мах, зөөлөн боорцог бариулахаар хүүхэд өөрөө зулгаагаад иддэг. Энэ үеэс нь миксердэж өгөхөө болих хэрэгтэй. Эртнээс эцэг эхчүүд маань сүү цагаан идээ тэр дундаа хатуу ааруулыг хүүхдүүддээ их өгдөг байсан. Энэ нь хүүхдийн шүд бат бэх ургах болон хэл ярианд ихээхэн нөлөөлдөг. Одооны хүүхдүүд оройтож хэлд орох мөн үгээ тод хэлж чаддагүй энэ нь нэг талаараа хооллолттой холбоотой байдаг. Мэдээж өөр бусад зүйлс нөлөөлнө.

-3-4 настай хүүхдэд хоол болон бусад жимс ногоог миксердэж өгснөөр ямар сөрөг үр дагавартай вэ?

-Хүүхдэд хатуу хоол зажлуулж, ааруул идүүлэх нь их чухал. Хатуу хоол зажлах тусам хүүхдийн эрүүний булчин хөгжиж, булчин нь ясаа татаж томруулдаг. Гэтэл одоо үед ийм хатуу хоол идэхээ больсноос болж байнгын шүдэнд зай гарахгүй, хаа хамаагүй ургах тохиолдол бий. Тиймээс нэмэгдэл хоолонд орох үеэс олон удаа, сайн зажилж идэх хэвшлийг эзэмшүүлэхэд анхаарах ёстой. Зарим ээжүүд хүүхэд маань хоолоо зажилж чадахгүй шууд уугаад байна гэж их ярьдаг болсон. Яагаад ингэдэг бэ гэхээр багаас нь дээр хэлсэнчлэн зажилж идэх, өөрөөр нь хоол бариулж идэж сургахаас гадна миксердэж өгснөөс болдог. Үүнээс үүдээд хүүхэд айдастай болчихсон тохиолдол ч бий. Аманд нь бүхэл хоол оронгуут зажилж, чадахгүй амандаа бөөгнүүлэх, бөөгнөрсөн хоолоо хагарах гэж байна гэж айдаг. Энэ бол наад захын жишээ. Иймээс хүүхдийг хоолоо зөв сайн зажилж идүүлж сургах нь:

-Эрүүл шүдтэй болж шүд бэхжинэ, шүд өвчлөх нь багасна
– Эрүүний цусан хангамж сайжирч шүд зөв ургахад нөлөөлнө
– Хацар, нүүрний булчин чангарч нүүрний булчин тэнцвэртэй хөгжинө
, шингэц сайн болно
– Тархины цусан хангамж сайжирна
-Сайн зажилж идэхэд цадах мэдрэмж төрүүлдгээс гадна. Таргалахаас сэргийлнэ
-Сайн зажлахад шүлс сайн ялгарна. Шүлс сайн ялгарснаар амны хөндийд явагдах хоолны анхны боловсруулалт сайжирна “ гэх мэт олон ач тустай.

-Хүүхэд өдөрт хэр хэмжээний цагаан идээ хэрэглэх ёстой байдаг вэ?

– Дээр үеийн хүмүүсийн шүд яралзсан цагаан байдаг нь цагаан идээ их хэмжээгээр хэрэглэдэг байсны ач тус гэж боддог. Харин одооны хүмүүс сүү цагаан идээ гэхээсээ илүүтэй. Янз бүрийн жимс,ногоо хэрэглэдэг болсон энэ нэг талаараа зөв ч гэсэн сүү, цагаан идээг зохих хэмжээгээр өгч байх ёстой. Бага насны хүүхдийн дундах шүд цоорох өвчний тархалт 95-аас дээш хувьтай байгаа.Тиймээс амны хөндийн эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүн болох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах, мөн хүүхдийн өсөлт бойжилтын хэвийн үйл ажиллагааг хангаж, суурь өвчлөлөөс сэргийлэх, дархлааг дэмжихэд хүүхдийн хоолонд аминдэм, эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг сонгох шаардлагатай байна. Өдөрт нэг аяга тараг, 30 грамм бяслаг, мөн өглөө оройд сүү өгч байж хүүхдийн цагаан идээний хэрэгцээ хангагдаж байдаг.

-Угжнаас болж хүүхдийн шүд цоордог талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Угж гэхээсээ илүү хөхний сүүнээс болж цоорол үүсдэг. Үүнийг “угжны цооролт” гэж нэрлэдэг. Хүүхдийн шүдийг цоолж байгаа бактериуд нүүрс ус, чихрээр тэжээгдэж байдаг. Харин хөхний сүү нь байгалийн гаралтай ч гэсэн чихэрлэг учраас байнга аманд байх нь бактери үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хүүхдийг шөнөдөө босоод 1-2 удаа хөхүүлэх нэг өөр, дэргэдээ авч унтах бас өөр л дөө. Манай ээжүүд хүүхэдтэйгээ хамт байж чаддаггүй учраас шөнө дэргэдээ авч унтдаг. Ингэхээр хүүхэд ээжийнхээ хөхийг амандаа хийгээд унтдаг, сэрээд л нэг хөхчхөөд буцаж унтаад байдаг. Энэ нь шөнийн турш аманд нь сүү байж, бактери үржих таатай нөхцөл үүсгэж байгаа юм. Харин том болсон хүүхдийн хувьд соруултай аяганд ундаа, чихэртэй уух зүйл хийвэл шүд цоороход нь их нөлөөлдөг. Тиймээс хор багатайгаар нь цэвэр ус хийж уулгаж дадахыг эцэг эхчүүддээ зөвлөмөөр байна.

-Хүүхдийг өөрөөр нь шүдийг нь угаалгахаар жимсний амттай оогоо идчихээд байдаг. Ямар төрлийн оо, хэр хэмжээтэй байвал зохистой вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийн ооны сонголтод их анхаардаг. Гэтэл бактери гэдэг амьд биет болохоор амьд үлдэхийн тулд шүдтэй барьцалдаж, наалдсан байдаг. Үүнийг нь эхлээд механикаар буюу сойзоор цэвэрлэж унагах хэрэгтэй. Шүдний оог бага насны хүүхдүүдэд фтороор нь дамжуулж шүдийг хатууруулах гэж л хэрэглэдэг. Бактерийг нь унагаагүй байж оогоор угаагаад байна гэдэг нь бээлий өмсчихөөд гараа тослоод байгаатай адил. Иймээс хүүхэд шүдээ өөрөө угаасны дараа юм уу, шүдийг нь угааж цэвэрлэж өгчихөөд ооноос нь бага зэргийг түрхэж, угаах хэрэгтэй.

-“Манай хүүхэд ийм, тийм зүйлийн харшилтай” гэж ярих эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Учир шалтгаан нь юунд байгаа гэж үзэж байна?

-Ерөөсөө л хүрээлэн буй орчны нөлөө. Дээрээс нь идэж, ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн нөлөөлөх болсон. Бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа харшил мөөгөнцөр, хачигтай орчинд байснаас шууд шалтгаалж байна. Хүүхдүүд ихэвчлэн мөөгөнцөр, хачиг ихээр үржсэн шал хөндий булан тохой гээд бүхий л газраар явж байдаг. Ингээд явж байхдаа агаарт дэгдэж буй, нүдэнд үл харагдах мөөгөнцрийн спор, хачигаар амьсгалснаар харшилтай болох үндэс тавигддаг. Харшилтай болсны дараа харшлын гаралтай астма, үрэвслүүд үүсэж байна.

-Эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл байлгахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрнө гэдгийг хүн бүр ягштал ойлгох хэрэгтэй. Анагаахын боловсролыг бүгдээрээ мэддэг болмоор байна. Зөв хооллолтоос эхлээд заамаар байна. Ядаж л ашигтай бактери гэж юу вэ гэдгийг мэддэг болмоор байна шүү дээ. Наад захын ийм мэдлэг байхгүйгээс хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлэхэд учир дутагдалтай хандаж байна. Манайх нийтээрээ витамин Д-гийн дутагдалтай. Чихэрлэг зүйлс аль болох хүүхдүүддээ бүү өг. Монголчууд хавдар, элэгний өвчлөл, таргалалтаар дэлхийд тэргүүлчих гээд байна. Үүнд нөлөөлдөг зүйл нь чихэрлэг бүтээгдэхүүн. Дэлгүүрт хүүхдээ дагуулж ороод чихэр, хийжүүлсэн ундаа бүү авч өгөөрэй гэдгийг дахин дахин анхааруулмаар байна. Уг нь монгол хүүхдүүдийн оюун ухаан үнэхээр гайхамшигтай. Сэтгэн бодох чадвар сайтай. Төр засгаас хүүхдийн тоглох орчинд онцгой анхаарал хандуулах ёстой. Хүүхэд аль болох чөлөөтэй гүйж, харайж тоглож байвал төдий чинээ эрүүл байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ өдөрт 30 минутаас дээш амьд харилцаа үүсгэж, юмс үзэгдлийг тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Орчин үеийн хүүхдүүд гар утсаар тоглоод хүнтэй амьд харьцаа үүсгэдэггүй, дотогшоо болчих вий гэх болгоомжлол байдаг.

-Хүүхэд өвчнөө хэлдэггүй учир оношлоход хэцүү гэдэг?
-Тийм зүйл байхгүй. Хүүхдийн өвчнийг оношлох маш амархан. 40-50 настай хүн орж ирээд, нуруугаар хөшөөд, толгой тархи өвдөөд, нүдний угаар хатгаад, чих шуугиад, ходоод базлаад гээд эхэлбэл учрыг нь олохгүй. Харин хүүхэд бол хэзээ ч хуурахгүй. Амьсгал нь шуугиантай, ханиадтай, хатгаатай байна уу гэдэг нь бүгд мэдэгдэнэ. Чагнуур тавиад, хүүхдийн зовуураас хурдан мэдэгдэнэ. Хөнгөн байвал хурдан арга хэмжээ авахад эрүүл хүүхэд хурдан эдгэрнэ. Суурь өвчтэй бол мэдээж удна. Том хүн бол хэцүү. Хааяа яаж том хүний эмч болчхоогүй юм гэж боддог шүү.

Д.Баттогтох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *