Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн баяраар дотуур байр гэх шоронг халъя

Ирэх ням гаригт хүүхдийн баярын өдөр болно. Бид аанай л өдөржин Төв талбай, паркаар өнөө хэдэн жаалуудаа чирч, гулдчин баярлуулж байгаа нэртэй баахан давхих нь тодорхой. Болсон болоогүй амттан авч өгч, тоглоом дээр суулгах нэртэй хэдэн цагаар дугаарлан зогсоно. Уг нь хүүхдийн баярын өдөр нэртэй ганцхан энэ өдөр биш, цаг заваа гаргаад хэзээ чиг ингэж болно л доо. Тэгээд ч зургадугаар сарын 1-ний өдөр бол хүүхдэдээ цаг гаргаж чаддаггүйгээ цайруулах гэсэн өргөн зугаалгын өдөр биш харин олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ.
Хэзээнээс ч хүүхдийн баяр нэртэй болж, бид ингэж тэмдэглэх болсныг мэдэхгүй ч хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг чухам тэдний эрхийг л хамгаалж, хангах талаар ухаан уралдуулах өдөр болгоход хождохгүй мэт ээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ярилцах, шийдэх олон асуудал бидэнд байна. Эцэг, эх байх үүргийн талаар бид ерөөсөө ч мэддэггүй. Тэгвэл олон улсын хэмжээнд эцэг, эх байх үүрэгт олон зүйл багтдаг. Үүнд насанд хүрээгүй хүүхэд нь гэмт хэрэгт холбогдсон бол өмнөөс нь хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. АНУ-ын Иллинойс мужид 13 настай хүүхэд дэлгүүрийн цонх хагалсны төлөө эцэг, эх нь мөнгөн торгууль төлж, бүр шаардлагатай гэвэл биеэр ч ял эдлэхээр болж байх жишээтэй. Мөн 6-18 насны хүүхдээ боловсролтой болгох, хоол унд шим тэжээлтэй хоол хүнсээр хангах үүрэг бий. Бас хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж байх үүрэг гэж бий. Энэ үүрэгт нь үймээн самуунгүй, дулаан тохь тухтай, хортон шавьжгүй гэрт амьдруулах ёстой гэдгээс эхлээд автомашинд зориулалтын суудал дээр тээвэрлэж, хараа хяналтаас гаргаж болохгүй гэдэг асуудал хүртэл багтсан байдаг. Харин манайд энэ тухай ойлголт тун маруухан юм даа. Хүүхдүүдээ зориулалтын суудалд, аюулгүй бүсийг нь зүүлгэж явна гэж бараг байхгүй. Дандаа урд суудалд өвөр дээрээ авч явдаг. АНУ-д хэрэв ийм алхам гаргавал хүүхдээ алахыг завдсан гээд ял сонсох биз. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Налайхын замд гарсан ослоор бага насны хүүхдээ өвөр дээрээ авч явсан эх өөрөө ч амь насаа алдаж, нялх үрээ ч үрэгдүүллээ. Хэрэв үр хүүхдийнхээ аюулгүй байдалд бид анхаардаг бол нэг дор олон зэрэг хагацал үзэхгүй л байсан байх даа. Нялх балчир гэлтгүй насанд хүрээгүй л бол эцэг, эхийн хяналтаас гарах ёсгүй. Арав, арван нэгтэй жаахан амьтад том болсон нэр зүүгээд л автобус дамжаад сургуульдаа явцгааж байдаг. Ерөөсөө ма­найд хүүхдийг чадаад байна, болоод байна гээд хаячихдаг. Харин тэдэнд ирэх эрсдлийг муу юм болсон хойно ухаарах нь бий. Тиймээс хууль тог­тоомжиндоо эцэг, эхийн хараа хяналтаа сулруулахыг зөвшөөрөх зохист нас гэдгийг нарийн гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм. Лав 14 түүнээс дээшээ байхад ч гэмгүй. Ингэж хүүхдээ хаячихдаг чанар бол нүүдэлчдийн л зан юм даа. Гэхдээ үүнийг бид уламжлалт хэв маяг юм гэж авч үлдвэл дэндүү тэнэг хэрэг болно. Өглөө эрт малаа дагаад гарахдаа мөлхөж байгаа нялхыгаа орны хөлнөөс уяад л гарчихдаг, адуу манахаар хонолоо гэхэд жаахан хүүхдүүдээ унтуулаад явчихдаг бидний зан бий. Өнгөрсөн өвөл гэхэд л Увсын хоёр залуу саахалтынхаа бууз баншийг хийлцэхээр явахдаа 5,7-той хоёр охиноо эзгүй гэрт үлдээж орхиод гарахад хоёр жаалхан амьтан араас нь явж эмгэнэлтэй хэрэг гарсныг бид санаж л байгаа. Эгч нь дүүдээ хамаг хувцсаа өмсүүлээд амиа алдаж, дүүгийнхээ амийг аварсан энэ хэргийг гадныхан сонсвол бор зүрхээрээ хүн болж яваа монгол жаалуудыг бишрэх биз. Эцэг, эхчүүд аюулгүй орчинд үр хүүхдээ өсгөх үүргээ ухамсарлахын сацуу багш сурган хүмүүжүүлэгч нар ч гараас гарт өгөх ажлыг хиймээр байгаа юм. Хүүхдүүд  асран хамгаалагчгүй өсөцгөөж байна. Өглөөний ээлжийн хүүхдүүд өдөржин эцэг, эхээ хүлээнгээ сургууль орчмоороо эргэлдэнэ. Хэн ч хайхрахгүй. 14 хүрээгүй дунд ангийнхан нийлж аваад зугаалгаар явна. Ямар ч томчуудгүй. Одоо бид нүүдэллэж биш иргэншиж амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрмөөр байна. Амьдрал маань суурин болсон ч уламжлал нь нүүдэлчин байдлаараа байцгаах юм.
Эцэг, эх үр хүүхдээ хараа хяналтаар хангах үүрэг Монголд алдагддагийн хамгийн тод жишээ сургуулийн дотуур байр. Дөнгөж зургаа, долоон настайгаасаа эхлээд Монголын хүүхдүүд ээжээсээ хол, гэрээсээ алсад бас аавгүй өсч эхэлдэг. Байр нь хүйтэн, цагийн хоолтой, гадаа жорлонтой, бас оны хийгээд ангийн ялгаа, дэгтэй. Шорон яг л ийм хуарангийн маягтай байдаг биз дээ. Социализм байгуулж байна гэж хийрхэж эхэлснээс хойш бараг 90 жил дотуур байр нэртэй боловсон шоронтой байсаар ирлээ, бид. Харин энэ хугацаанд ямар иргэдтэй болов. Бусдыг дээрэлхдэг, бусдаас өрсөж хүртэх гэж булаалдсан атгаг санаа бүр багаасаа суух болсон. Бас хүнийг хайрладаггүй, хүйтэн хөндий, нэгэндээ талархаж баярлахаасаа атаархаж хонзогнох нь илүүтэй улс болж хувирлаа. Дотуур байранд нэгдүгээр хоолонд ирсэн усан шөлөө амжиж уугаад л хоёрдугаар хоолны дайнд мордохгүй бол олддог ч үгүй  биз дээ. Ийм л байдлаар бид бусдаас хоол булааж идэх урлагт суралцацгаах болсон. Үе, үеийнхэн ар, араасаа төрсөн. Сүүлийн үед зах зээлийн нийгэм нь ийм гэцгээн бүр ч өөгшүүллээ.
Одоо “хоёрдугаар хоол”-ны төлөө юуг ч хийж, хэнийг ч золиослоход бэлэн хүмүүс олон болжээ. Эцэг, эх нь сайн дураараа аваачаад өгчихөж байгаа энэ шоронд орсноор гэр бүлийн хүмүүжил үнэндээ мартагддаг. Магад үүнийг уншаад хэзээнээс дотуур байраар яваад ирсэн байхад, малаа хаана хадгалчихаад хүүхдээ сургуульд сургах гэж төв бараадах вэ гэж бухимдагсад гарч болох юм. Бүр гаргалгаа байхгүй байхад гэж аргаа барах хүмүүс ч гарах байх. Уучлаарай, гэхдээ хүнээс илүү үнэтэй мал гэж байдаг юм уу. Хүүхдээс чинь илүү ишиг, хурга гэж байх уу. Үнэндээ ч хүн хариулж өсгөж байснаас мал дагаад явж байх нь илүү амар байдаг байх. Малаа амин зуулга гэж байгаа ч төрүүлж өсгөсөн үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага гэж том юм байдаг юм. Малаа бүхнээс дээр тавьсаар ирсэн уламжлал маань иргэншсэн энэ нийгэмд зохицохгүй байна. Монгол Улс малгүй явж болно оо. Харин хайр халамж дутсан, хүний гэх сэтгэлээ гээсэн үр хойчгүйгээр байж чадахгүй. Тиймээс дотуур байр хэмээх шоронг халцгаая. Хүүхдийн эрхийн талаар ярьж байх энэ өдрүүдэд үүнийг л хөндөн ярилцацгаая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *