Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийг хэрхэн номонд дуртай болгох вэ

М.Монтень нэгэн эсээндээ Платоны “Одооны хүүхдүүд ном уншихаа байж” гэсэн үгийг ишилж авсан байдаг. Тэгээд “Түүний л эргэн тойрон дахь хүмүүс номтой нөхөрлөхгүй харагдаад байсан болохоос бусад нь уншиж л байсан шүү дээ” хэмээсэн нь бий.

Цаг үе болгонд л хүүхэд ном уншихгүй байгаагийн буруутан олддог. Өнөө үед интернэт, ухаалаг гар утас гол “дайснаар” цоллогдоод байна. Бидний багад ч гэсэн тэвэг, чарта гээд элдвийн л юм байлаа. Хамгийн гол нь ном унших бол дадал юм. Үүнийг аль болох эрт суулгах нь зөв байдаг. Сургуульд орохоос нь өмнө бичиг сургах нь номтой нөхөрлөх эхлэл болдог талтай. Олон хичээлд дарагдаад ном, дэвтрээс айдаг болоогүй сийрэг байгаа үедээ хүүхэд тогтож уншаад сурчихдаг. Энэ нь цаашид хэвшил болно.

Мөн еврейчүүдийн хүүхдийг номонд дуртай болгох арга бий. Аль болох ойр орчинд нь олон ном байлгах, өөрөө дэргэд нь ном унших, үдэш унтахад нь үлгэр ярьж өгөх зэрэг юм. Түүнчлэн анхны ном их чухал.

Америкт хүүхэд бичиг үсэг сураад хамгийн түрүүнд “Малгайтай муур” хэмээх зохиолыг уншдаг байна. Зохиолын хувьд ойлгоход хялбар бөгөөд сонирхолтой. Зөвхөн үүнийг уншиж байж л хүүхэд цаашаа ном унших өндөр дур сонирхолтой болно гэдгийг эрдэмтэд нь судлаад гаргачихсан байдаг аж. Манайд жишээ нь хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн “Гэр” гээд үлгэр бий. Эв нэгдлийн тухай л даа. Унших явцдаа хотод өссөн хүүхэд бол унь, хана, тооно гэж юу болохыг бусдаас асууж өөртөө нээлт хийгээд байж болмоор санагддаг.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *