Categories
мэдээ цаг-үе

​Хүүхдийг багад нь зөв хүмүүжүүлэх хэрэгтэй

Япон улсад гурван жил ажиллаж амьдарч байгаа зээ дүү маань гэр бүлтэйгээ өнгөрөгч зун амрах гээд ирлээ. Тэднийх нэг хүүтэй. Нялх байхад нь залуу аав ээж нь завгүй гээд Налайхад амьдардаг эмээ өвөө дээр нь орхиж тэнд өссөн овоо гайгүй эрх танхил золиг байсан юм. Оройхон тийшээ шороо, нүүрс үнэртүүлсэн нөхөр гэрт орж ирээд буулгаж өгдөг, эмээ, өвөөг нь анзаараагүй байх завсар жаахан шоглочихмоор дүрсгүй зээнцэр Япон явж билээ. Тэнд эхлээд цэцэрлэгт, дараа нь бага сургуульд орж суралцаж байгаад гурван жилийн дараа Монголдоо эргэн ирсэн наймхан настай хүүхэд танигдахын аргагүй өөрчлөгдчихөж. Үеийнхээ хүүхдүүдтэй тоглож наадах нь яг хүүхэд хэвээрээ ч гэлээ эцэг, эхтэйгээ харьцаж буй нь шал өөр. Хоол идчихээд аяга, тавгаа шууд угаачихна, хувцсаа эвхэж тавиад унтана, баярлалаа, баяртай гээд нөгөө дүрсгүй нөхрөөс юу ч үлдээгүй байна лээ. Тэгээд эцэг эхээс нь “Танай Налайхын нус” яаж ингэж хүмүүжив ээ гэхэд “Цэцэрлэг, сургуулийн буян” гэж хариулсан юм.

Түүнчлэн хүүхдэд эрдэм ном заахаасаа илүүтэй ахмад үе, синпайгаа зөв хүндэл, хүмүүстэй эелдэг харьц гэдэг соёлыг багш, хүмүүжүүлэгч нь тогтмол зааж сургадаг юм гэж билээ. Тэгээд бодлоо. Хүүхдийг элит энээ тэрээ гээд үнэтэй цайтай сургуульд хамгаа шавхан сургахаасаа илүүтэй зөв хүмүүжил суулгаж чадахуйц сургуулийг эцэг эхчүүд хайгаасай гэж. Өтөлсөн хойно тэдний хайр халамж хөрөнгө мөнгөнөөс илүүтэй хэрэг болох юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *