Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ олон нийтийн ажилд идэвхтэй оролцуул

Хүүхдийг багаас нь өөрөөсөө ялгаатай хүмүүстэй харилцах, ойлголцох, хамтран ажиллах, хүндэтгэхэд системтэй сургах хэрэгтэй. Энэ бол XXI зууны иргэнийг бэлтгэх эцэг эхчүүдийн үүрэг юм.

Хичээлээ л сайн хийх юм бол чи сайн хүн болно, үгүй бол муу хүн болно гэх улиг болсон харанхуй сургаалаа зогсоох хэрэгтэй. Амьдрал дээр ангидаа толгой цохидог байсан онц сурлагатнууд хожим муу амьдарч, харин эсрэгээрээ тааруухан сурлагатнууд сайхан амьдарч байгааг амьдрал баталж, та өөрийн нүдээр харчихаад энэ мэтээр хүүхдээ мунхруулахаа зогсоох хэрэгтэй. Харин үүний оронд хүүхэддээ ертөнцийг өөрийнхөөрөө таньж мэдэхэд тусла. Хэрэггүй хуурамч айдсыг зохиомлоор хэзээ ч битгий үүсгэ.

Үүний оронд эрдэм сурахын ач тусыг бодит жишээнүүд дээр тайлбарлаж, санал бодлоо хуваалцаж, хүүхдийнхээ сонирхолыг сайн зүйл рүү өдөөж, дур сонирхолтой зүйлдээ шимтэхэд нь бүхий л боломж нөхцлөөр хангах нь чухал. Энэ бол өнөөдрийн бяцхан хүү охины ирээдүйн том амжилтын үндэс суурь нь байх болно.

Миний хүүхэд юм чинь чи намайг дагах ёстой. Миний хэлснээр хийх ёстой гэсэн хэт хуучирсан муйхар хүмүүжлийн аргаас татгалзаарай. Учир нь орчин цагийн индиго, кристал хүүхдүүдийг заавал хүмүүжүүлэх гэж албадах шаардалагагүй. Тэд өөрсдөө асар хурдан сэтгэж, юмыг амархан сурч, юу хүсч байгаагаа танд өөрийнхөөрөө илэрхийлж байгаа илэрхийлэмжийг нь анхааралтай ажигла.

Сайн хүн болгох гэж байгаа нь энэ гээд, эсвэл хүмүүжүүлж байгаа нь энэ гээд хүүхдээ эвдэхээс зайлсхий. Гэхдээ энэ нь хэт дураар нь тавь гэсэн үг биш бөгөөд та эцэг, эх хүний хувьд түүнд үнэн, худал, зөв, буруу зүйл гэж юу болох талаар хэлж өг. Зарим тохиолдолд хүүхэд тань таны хүмүүжүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөр. Ухамсар, сэтгэхүйд тань тогтсон буруу үзэл, төөрөгдөл, мунхагаа олж харж, засч залруулах ухаалаг алхмуудыг хүүхдүүд өөрсдөө ч мэдэлгүй хийсэн байдаг шүү дээ.

Хүүхдийн хүмүүжил төлөвшил нь бусадтай хамтран тоглохоос эхлээд олон нийтийг хамарсан ажилд оролцох, уралдаан тэмцээнд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж нүүр хагарах гэхчилэн шат дараатайгаар явагддаг. Өөрөө юу хүсч байгаагаа мэддэг, бусадтай харицлаж, өөрийгөө ойлгуулж сурсан хүүхэд хаана ч амархан хөлөө олж, улмаар манлайлагч болж чаддаг.

Яг одоо шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Бидэнд олон шинэ зүйл сурч мэдэх, өөрийгөө болон найз нөхөд, эргэн торныхоо юмс үзэгдлийг тань мэдэх гайхалтай боломжууд нээгдэж байна. Шинэ хичээлийн жилдээ сурлага хөдөлмөрийн амжилт гаргахыг уншигч хүүхэд бүртээ хүсэн ерөөе.

ЭЦЭГ ЭХЧҮҮД АЛДААГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙЖ СУРААРАЙ

Ер нь, асуудлыг хүүхдээсээ биш өөрөөсөө харж сураарай. Бид хүүхэддээ юу тулгадгаа эргээд нэг харъя. Монгол улс Ардчилсан нийгэмд шилжээд бараг 30 жил боллоо. Энэ хугацаанд материаллаг зүйлийн хувьд ололт амжилт олсон болохоос сэтгэлгээний хувьд өөрчлөлт гараагүйгээр барахгүй ухралт болсон. Та бид энэ нийгмийн “бүтээгдэхүүнүүд”. Харин таны хүүхэд энэ бүтээгдэхүүний үргэлжлэл байх уу, өөрөө өөрийнхөөрөө зөв хөгжих үү гэдэг асуултанд хариулцгаая.

Нийгмийн сэтгэл зүйд нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжихэд суурь үнэт зүйлийн шилжилт дагаад өөрчлөгдөх ёстой байдаг гэж үздэг. Ийм үнэт зүйлийн шилжилт одоог хүртэл явагдаж байна. Эрх чөлөө ямагт хариуцлага, ёс суртахуунтай холбоотой байдаг. Урьд нь коммунист ёс зүй, хамтын соёл гэж байлаа. Гэтэл үүний оронд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлийн оронд дураараа дургих, хэн зальтай нь тэсч үлдэх, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл, мөнгөтэй болох шунал эзлээд авчихлаа шүү дээ. Ийм хариуцлага, ёс суртахуун байхгүй болохоор өөрийгөө дөвийлгөсөн бүдүүлэг түрэмгий байдал хамаг орон зайг эзэлчихээд байна.

Нийгмээ одоогийн өнгө төрхөөр нь харж, мтиний хүүхэд ийм нийгэмд тэсч үлдэхийн тулд тэдэнтэй адилхан байх ёстой гэж сэтгэж байна уу? Эсвэл ирээдүйн Монголыг нэр төртэйгээр нуруун дээрээ үүрэлцэж, монгол хүмүүсийнхээ төлөө гэсэн халуун сэтгэлтэй иргэн таны хүүхэд байх уу гэдэг сонголтыг эцэг эх та өнөөдөр хийж байна гэдгээ ухаараарай. Адаглаад л хүүхэддээ хэзээ ч битгий худал хэлээрэй. Дэргэд нь ч худал хэлж болохгүй цагаан цаас юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *