Categories
мэдээ нийгэм улс-төр

Хүүхдээ харж буй эцэг эхийг гэрээс ажиллах нөхцөлөөр хангах чиглэл өгнө

Өнөөдөр УОК-ын хуралдаанаар болж энэ сарын 23-наас ААН-ийн 95 хувийг ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ үеэр Шадар сайд, С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Сургалтын төвүүд энэ сарын 23-наас ажиллах уу?
-ХНХЯ-ны харьяа сургалтын төвүүд энэ сарын 23-наас ажиллана.

-12 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч байгаа төрийн албан хаагчдын ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Энэ бол эцэг эхчүүдэд тулгамдаж буй гол хүндрэл. ААН-үүд сургууль, цэцэрлэг нээх хүртэл аав ээжийн хүсэлт, дотоод зохион байгуулалтдаа үндэслэн цахимаар ажиллуулах үүрэг өгч байгаа юм.

-Урлагийн тоглолт зохион байгуулж болно гэсэн үг үү. Өмнө нь энэ төрлийн үйлчилгээнээс халдвар илэрч, олон хүн эрсдэлд орж байсан шүү дээ.
-Уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, шөнийн цэнгээний газар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хязгаарлана. Тоглолт зохион байгуулахдаа тухайн танхимын 50 хувьд зохион байгуулж болно.

-Амралтын газрууд 23-наас ажиллах уу?
-Амралтын газар ажиллах бол байгууллага, аж ахуйн нэгжийн нийтийн зугаалгыг хориглоно.

-Халдвар өнөөгийнхөөс ихээр илэрвэл хөл хориог буцааж тогтоох уу. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Аль болох хэвийн ажиллах, хэмнэлэээ барих байдлаар зохион байгуулна. Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод явах тухай ажлын хэсэг төлөвлөж байна. ААН-үүдийг нээх нь аюул өнгөрлөө, халдвар байхгүй гэсэн үг биш. Иймд дүрэм журмын дагуу дэглэмээ сахиж ажиллах ёстойг хэн хүнгүй санах учиртай.

-Гадаадаас ирэх иргэдийн нислэгийн тасалбарын үнийг хэдэн хувиар бууруулав?
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга орчим иргэн байгаагаас 60 хувь нь БНСУ зэрэг орноос байна. Онгоцны тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлнө.

-Хотоос орон нутаг руу явж болохгүй гэлээ. Орон нутаг хоорондын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?
-Ногоон бүсээс Ногоон бүс хооронд зорчих асуудлыг тухайн орон нутгийн Онцгой комисс зохион байгуулна.

-Сургууль цэцэрлэг эхлэхээр хүүхдийг хичээлд нь явуулах эсэх сонголтыг эцэг эхчүүдэд өгөх үү?
Боловсролын байгууллагууд бэлтгэлээ хангаж байгааг хэлье. Түүнчлэн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зохион байгуулна. УОК-оос хүүхдүүд танхимаар хичээллэх эсэхээс үл хамааран эрсдэлгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилна. Ингэхдээ салбарын яамны саналыг үндэслэн зохион байгуулна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *