Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл Мэндийн Яамнаас хүргэж байна.
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө:
- Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
- Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай
- Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх
- Гар утас болон зурагт нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх
- Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
- Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)
- Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
- Тогтмол цагт унтуулж сургах (22:00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)
Сүүлийн үед дэлгэцийн хараат байдал, тэр дундаа фэйсбүүк, инстаграм, твиттерийн зэрэг донтолтын эмгэг элбэг байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгээс мэдээлж байв.
Харин дэлгэцийн хамааралтай болсон үед дараах шинж тэмдгүүд илрэх аж.
- Гар хуруу өвдөх
- Нүд хуурайших
- Дархлаа муудах
- Биеийн жин буурах
- Өсөлт удаашрах
- Уур уцаартай болох
- Нийгмээс тусгаарлагдах
3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэж болно. Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орно. Хүүхдэд 30 минут гар утас үзүүлсэн бол өөр дэлгэц битгий үзүүл. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрийнх насанд нь тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзүүлэхэд л болно. Бусад үед нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх өөр зүйлийг эрэлхийлж, хэрэгжүүлж, амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй.
Харин 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг. Энэ хугацаагаа өдөрт хоёр, гурав хувааж дэлгэц ашиглана. Ер нь аль ч насанд хүүхдүүдээ дэлгэцийн зохистой хэрэглээнд сургах нь чухал. Дээрээс нь хүүхдээ тушаах бус, тэдэнтэйгээ хамтарч ярилцаж, дэлгэц хэрэглэх цагийн хуваарийг нь гаргах нь илүү үр дүнтэй талаар сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгор зөвлөж байв.