УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц УИХ-аас 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим хэсэг, заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн.
УИХ, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд УИХ “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 20 дугаар тогтоолыг хэлэлцэн батлав.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хороо Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хуульд Засгийн газраас ирүүлсэн саналыг тусгаж, хууль батлагдснаар улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс хийж, холбогдох санал, дүгнэлтийг гаргуулсан болно.
- 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрх үүсэхээс гадна гэр бүлийн амьжиргааны түвшин дээшлэх, өрхийн орлого нэмэгдэх, хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд эцэг, эхийн тэгш оролцоог хангах, бага насны хүүхэдтэй эцэг, эхэд ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна.
- Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эхэд нэг удаа тэтгэмж олгодог байсныг өөрчилж, ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхийн зохицуулалтыг хуульд нэмж тусгалаа.
- Хүүхдийн тэтгэмж авах эх, эцэг нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно.
- Хэрэв хүүхдээ асарсны тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт нь олгохоор хуульд нэмж тусгасан. Энэ нь 0-3 насны хүүхдээ асарч байгаа эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулахад эцгийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, өрхийн амьжиргааны түвшин, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.