Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн Эх үрсийн баярын өмнөх өдөр ажил ихтэй байв. Баярын өдөр бүх нийтээр амарч, хүүхэд багачуудаа баярлуулдаг бол цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болно. Маргааш ажилтай гэхээр хүүхдүүд чинь дургүйцэх байх даа хэмээн асуухад алба хаагчид “Бүлтгэнээд зогсож байгаа үр хүүхдээ хараад өрөвдөх ч үүнийгээ мэдэгдэхгүйг хичээж ажилдаа гарна шүү дээ” хэмээсэн. Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулах, олон нийтэд мэдээлэл түгээх, гарч байгаа ослуудад дүн шинжилгээ хийж, осол гэмтлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургууль амарч, аялал зугаалгын улирал ирж байгаатай холбоотойгоор зам тээврийн ослоос болж хүнд бэртэх, амь насаа алдах тохиолдол эрс өсдөг байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар хотоос гарч хурд мэдэн давхих “эрх чөлөө”-г хэтрүүлэн мэдэрснийхээ төлөөсөнд өөрийн болон гэр бүл, тэр дундаа үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг золиосонд гаргаж байгааг цагдаагийн алба хаагчид анхааруулж байсан юм. Ер нь урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн ам нээх бүртээ хэрхэн анхаарал болгоомжтой зорчих тухай “үглэсээр” байгаад сурчихсан бололтой. Мэргэжил, ажлын онцлог гэж энэ биз ээ.
Хошууч Б.Лхагважаргал
МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН УТАС ҮЛ АМАРНА
Нийслэлийн хэмжээнд гарч байгаа автомашинтай холбоотой осол гэмтлийн дуудлагыг Тээврийн цагдаагийн албаны нэг давхарт байрлах Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авдаг. Биднийг 12:30 цагт ороход таван хүний бүрэлдэхүүнтэй баг чөлөө завгүй ажиллаж байлаа. Хананд хэд хэдэн дэлгэц байрлуулж, дөрвөн замын уулзваруудад зоосон камеруудаар авто замын хөдөлгөөнийг шууд хүлээн авдаг байна. Ерөнхий жижүүрээр хошууч Р.Мөнхтогоо, ерөнхий эргүүлээр дэд хурандаа С.Галбадрах, мэдээлэл хүлээн авагчаар ахлагч Б.Мөнхбат, Э.Сүхбат, дэд ахлагч Б.Анхболд нар ажиллаж байлаа. Операторын утас тасралтгүй хангинана. Харилцуур ганц минут нам гүм байвал бараг л рекорд үзүүлэлт хэмээн хэлж болох аж. 102 утсанд ирсэн дуудлагаас авто замын осолтой холбоотойг нь эднийх рүү холбодог байна. Хэрэв автомашины ослын улмаас хүн гэмтсэн, нас барсан дуудлага байвал Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн илгээдэг аж. Бусад тохиолдолд зургаан дүүргийн цагдаагийн алба хаагчид ослын газар руу очдог байна. Дуудлага хүлээн авч, цагдаагийн алба хаагчид очих хугацааг тодруулахад ахлагч Э.Сүхбат “Секунд, минутаар яригдана. Дунджаар 5-10 минут болно. Замын түгжрэлээс хамаарахгүйгээр дуудлагын газар богино хугацаанд очино” хэмээсэн юм. Цагдаагийн алба хаагчид осол болсон газар очоод цагаа дардаг байна.
Хэрэв цагаа дарахгүй бол ослын газар очиж амжаагүй яваа гэсэн үг. Тиймээс удирдлагын төвөөс дахин дахин холбогдож, шавдуулдаг аж.
Ер нь Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн залуустай тухтай хэдэн үг солих боломж алга. Ганц асуулт асууж амжаагүй байтал харилцуур нь хангинана. Нэг дуудлага аваад үргэлжлүүлээд дахин дуудлага авна. Тиймээс тэдэнд саад бололгүй, бас шаардлагатай мэдээллээ авна гэдэг “чанга” ажил байлаа.
Өдөрт авто машины осол, гэмтэлтэй холбоотой 250-350 дуудлага ирдэг байна. Ихэнхийг машин шүргэлцсэн гэх дуудлага эзэлдэг аж. Өглөөнөөс хойш 13:00 цагийн байдлаар нийт 100 орчим дуудлага ирээд байв. “Залуучууд” зочид буудлын орчим явган хүн шүргэсэн зэрэг дуудлагыг эс тооцвол хүн ноцтой гэмтсэн, амиа алдсан дуудлага бага. Ер нь харьцангуй тайван байгааг алба хаагчид хэлсэн. Өдрийн аль ч цагт дуудлагын ачаалал ижил байдаг байна. Харин сургууль, цэцэрлэг орох, тарах үеэр, мөн орой хөдөлгөөн татарсан үед болсон ослуудаар ноцтой гэмтэл бэртэл авах, амь насаа алдах тохиолдол илүүтэй гардаг аж.
Түүнчлэн, нэг удаа интернэт ороод мэдчих боломжтой, шаардлагагүй зүйлсийг их асууж байгааг хэлсэн. Тухайлбал, шуурхай удирдлагын төвөөс дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг хаагуур тогтоосон, мөн машиныг нь таглаж тавьсан жолоочийн утас, жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаар асууж олон залгадаг аж. Тэгвэл үүнийг Авто тээврийн үндэсний төв, ЦЕГ-ын Лицензийн төвөөс лавлаж асуух хэрэгтэйг хэлсэн. Мөн цахим орчинд энэ тухай мэдээлэл хангалттай бий. Жолоо мушгидаг хүн бүр нэг удаа анзаараад, мэдээд авчих хэрэгтэйг сануулсан.
“ХУРД БОЛ ХУРД. ХҮҮХЭД БОЛ ХҮҮХЭД”
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, “Драгон” төвийн ойролцоох авто замын гарцаар гарч явсан бага насны хүүхдийг мөргөж, ослын газрыг орхиж явсан гэх дуудлага ирсэн. Энэ дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж хүүхэд мөргөсөн гэх жолоочийг саатуулсан юм. Хэрэг явдлыг бүрэн тодруулаагүй тул эцсийн байдлаар дүгнэсэн мэдээлэл өгөх боломжгүй байсан. Ахлах мэргэжилтэн, хошууч Г.Эрдэнэсүх “Өнөөдрийн осол Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Тухайн жолооч явган хүний гарцан дээр хүүхэд мөргөсөн осол гаргасан. Мөн ослын газрыг орхиж явсан. Үүний дагуу ойролцоох постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч шуурхай эрэн сурвалжилж тухайн жолоочийг илрүүлж журамласан. Тухайн жолоочид Эрүүгийн хуулиар арга хэмжээ авна. Жолооч осол гаргаж хүн мөргөсөн, мөн ослын газрыг орхиж явсан гэдгээр давхар арга хэмжээнд тооцогдож байгаа. Хэрэв осол гаргасан бол тухайн газраа зогсоод цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулах юм бол зөв буруу нь тогтоогдоод явна” хэмээн мэдээлсэн. Мөн урин дулаан цаг болж хүүхэд хараа хяналтгүй явах асуудал гардаг тул хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг захисан.
Харин хүүхэд мөргөсөн гэх жолоочийг авчирахад айсан байдалтай, хөлс нь бурзайсан байв. Тэрбээр, мөргүүлсэн хүүхэд ахтайгаа зугтаад явчихсан тул сайн дураараа цагдаагийн байгууллагад очсон, мөн мөргүүлсэн хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан байна лээ хэмээн алба хаагч нарт тайлбарлаж байлаа. Түүнээс болсон явдлын талаар тодруулахад “Драгон худалдааны төвийн тэнд явж байсан. Гарц таарсан. Хүүхэд гэнэт гарч ирээд осол гарсан. Асран хамгаалагч байхгүй 7-9 насны хоёр хүүхэд явж байсан. Том нь зогссон, жижигхэн нь зогсож чадаагүй. Уг нь 10-11 км цагийн хурдтай явж байсан юм. Гэхдээ хурд бол хурд. Хүүхэд бол хүүхэд юм байна. Ослын газраас хоёр хүүхэд зугтчихсан. Би хайгаад олоогүй учраас замын цагдаа дээр ирсэн. Хүүхдээ болгоомжтой, асран хамгаалагчтай явуулаарай гэж хэлмээр байна” гэсэн юм.
Шуурхай удирдлагын төвд 15:00 цагийн орчим ирсэн дараагийн нэг ноцтой дуудлага бол Баянгол дүүргийн ахуйн үйлчилгээний уулзвар дээр микро автобус, “Приус-20” маркийн автомашинтай мөргөлдлөө гэх дуудлага байв. Дуудлагын дагуу бэлэн байдалд байсан бүрэлдэхүүн ослын газар руу хөдөллөө. Биднийг шуурхай очиход микро автобус уулзварын голд бөөрөөрөө унасан харагдав. Микро автобусны урдхан “Приус-20” маркийн автомашины хамар чихэгдсэн байдалтай байв. Замын цагдаа ирж хөдөлгөөн зохицуулж байлаа. Гэмтсэн иргэдийг эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явжээ. Ослын газар очсон бүрэлдэхүүн осолдсон автомашинуудыг тойруулж анхааруулах тэмдэг тавьж, хэргийн газар үзлэг хийж, гэрэл зургаар баримтжуулах, жолооч нараас эхний байдлаар тайлбар мэдүүлэг авах зэргээр ажил өрнөсөн. Осол гарсан байхад жолооч нар уулзвар руу шахаж орж ирэх, цагдаагийн тавьсан шаардлагад “Та автомашинд халхлагдаад харагдаагүй” зэргээр тайлбар тавьж ихээхэн хүндрэл учруулдаг нь анзаарагдсан.
Ер нь ослын газар очиход эвдэрсэн хэсэг, хагарсан шил, хэн нэгэн мөргөж эвдсэн болов уу гэмээр ул мөр зэргийг харахад шууд л сэтгэл тавгүйтэх аж. Мөн хөдөлгөөн зохицуулах гэж замын цагдаа багагүй бухимддаг бололтой. Тэгэхээр байнга ийм дүр зурагтай нүүр тулдаг цагдаагийн алба хаагчдын хувьд гэр бүлийн дэмжлэг ихээхэн чухал юм шиг санагдсаныг нуух юун.
Урьдчилсан байдлаар микро автобусанд арав гаруй хүн явж байжээ. Ослын улмаас гурван хүүхэд, хоёр эмэгтэй хөнгөн бэртсэн гэсэн мэдээлэл дуулдав. Мөн микро автобус улаан гэрлээр орсны улмаас приус маркийн автомашинтай мөргөлдсөн хэмээн урьдчилан дүгнэж байв.
Баянгол дүүргийн Ахуйн үйлчилгээний уулзварт болсон осол
ХҮҮХДЭЭ ЗОРИУЛАЛТЫН БҮС ХЭРЭГЛҮҮЛЖ ТЭЭВЭРЛЭХГҮЙ БОЛ ЯМАР Ч САНУУЛГАГҮЙ ТОРГОНО
Хүүхэд зам тээврийн осолд өртөнө гэдэг хамгийн шаналалтай зүйл. Дээрх хоёр тохиолдлын хувьд ч мөн л хүүхэд хохирогч болсон байв. Ялангуяа, бага насны хүүхэд сандарсан үедээ ямар ч үйлдэл хийж мэдэх хэцүү “улс”. Үүнд хүүхдийг буруутгах ямар ч боломжгүй. Дээрх жолоочийн хэлсэн шиг хүүхэд бол хүүхэд юм. Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал сонсоход хүнд боловч бодит байдлыг өгүүлсэн. Тэрбээр “Эх нь нэг, хоёр ойтой хүүхдийг өвөр дээрээ авч явж байгаад осол болох үед хүүхдээ хэдий хамгаалмаар байгаа боловч байгалиасаа ямар ч хамгаалах боломжгүйгээр хүүхдээ өөрийнхөө жийргэвч болгож байна. Урд саландоо нааж зөөлөвч хэлбэрээр ашиглагдаж хүүхдүүд нас бардаг. Маш ноцтой гэмтдэг. Гэтэл эцэг, эх нь шалбархай төдий байх жишээтэй” хэмээн хэлсэн. Эцэст нь амьдын хагацалд унаж, доголон нулимастай хорвоог туулахад хүрч байна. Хэрэв зориулалтын суудал хэрэглүүлж, бүс зүүлгэсэн бол яах байсан бэ. Энэ асуулт ослын улмаас үр хүүхдээ алдсан хэдэн мянган эцэг, эхийн голыг өнөө хэр гогдож байгаа нь ойлгомжтой.
2018 оны байдлаар зам тээврийн ослын улмаас нийт 45 хүүхэд нас баржээ. Үүний 90 орчим хувь нь орон нутгийн замд ээж, аавтайгаа зорчиж яваад онхолдох, мөргөлдөхөд буруу тээвэрлэлтийн улмаас амь насаа алдсан байна. Хүүхдийн яс, бие хаа нь бэхжээгүй тул жижигхэн ослоос ч маш ихээр гэмтэл авдаг аж. Мөн цонхоор шидэгдсэн аймшигтай дүр зураглалтай олон таарсан талаар алба хаагчид хэлсэн. Иймээс Тээврийн цагдаагийн албанаас тавдугаар сарын 20-ноос эхлэн сарын хугацаанд “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг онцгойлон дурдаж өгөхийг хүссэн. Яагаад энэ хугацааг сонгосон гэвэл зургаа, долоо, наймдугаар саруудад орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг байна. Мэдээж хэн бүхэн зуны дэлгэр цагт үр хүүхдээ авч нутаг усаараа явахыг хүснэ. Гэтэл зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглүүлээгүйгээс болж осол гарахад бяцхан хүүхдүүд хамгаалах ёстой эцэг, эхийнхээ нүдэн дээр амьсгал хурааж, ноцтой гэмтэж байгаа нь харамсалтай. Иймд 2018 оны арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрмийн дагуу 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын сандал, суудал өндөрлөгч, бүс тохируулагч хэрэглэж тээвэрлээгүй бол торгох арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан юм. Хошууч Б.Лхагважаргал “Бага насны хүүхдээ буруу тээвэрлэж байгаа эцэг, эхчүүдэд толгой дараалан арга хэмжээ авна. Нэг удаа сануулаад явуулна гэж байхгүй. Ялангуяа, орон нутгийг зорихдоо дээрх хуулийг биелүүлээгүй бол таныг зогсоосон пост бүр дээр заавал арга хэмжээ тооцно. Өнгөрсөн 2-3 жилийг харж байхад зам тээврийн ослын улмаас жилд нас барж байгаа 40-50 хүүхдийн дийлэнх нь зорчигч хэлбэрээр ээж, аавтайгаа хамт явж байхдаа осолд орсон байна. Ингэхдээ зориулалтын суудал, бүс хэрэглүүлээгүй байгаа юм. Хүн бүр бүс зүүлгэх ёстой гэдгийг мэддэг боловч бодит байдал дээр ийм л байна. Тиймээс хүүхдүүдийг хамгаалахаас өөр аргагүй. Жишээ нь, нийслэлээс Хөвсгөл орох замд 14 пост байлаа гэж бодоход та хүүхдээ зориулалтын суудал, бүс хэрэглэж тээвэрлээгүй бол 14 удаа арга хэмжээ тооцно” гэсэн. Хамгаалалтын бүс тохируулагч хамгийн багадаа 3000 төгрөг байгаа юм.
Хошууч Г.Эрдэнэсүх
“ХУРД БОЛ ҮХЭЛ”
Хэрэв та жолооч бол “Хурдаа тохируулж яваарай” гэсэн үгийг олон удаа сонсож, мөн орон нутгийн замд ийм анхааруулга бүхий самбартай олонтаа таарч байсан биз. Тээврийн цагдаагийн албаныханы маани мэгзэм мэт хэлж заншсан энэ үг зүгээр нэг “амны уншлага” болчихоогүй. Албан ёсны судалгаагаар хүний амь нас хохирсон ослын шалтгааны 18.5 хувь нь хурд тохируулаагүйгээс болсон байдаг аж. Гэхдээ бодит байдал дээр нийт ослын 50-60 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй болохыг хашир алба хаагчид хэлсэн. Хүн осолд орсны дараа “би хурд хэтрүүлсэн” гэж хэзээ ч хэлдэггүй. Гэтэл тоормосны мөр зэргийг харахад хурд хэтрүүлснээс болж онхолдох, эсрэг урсгал руу орох зэргээр осолддог байна. Дээрээс нь өндөр хурдтайгаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явах үед дугуй буудах, машины эд анги эвдрэх үед ослын хор хохирол өндөр гардаг аж.
Орон нутагт дээд хязгаар 80 км цагийн хурдтай явах ёстой байтал 120 км цагийн хурдтай явбал та эрхээ хасуулна. Нийслэлийн хувьд дээд хязгаар 60 км цагийн хурдтай явах ёстой. Харин 90 км цагаас дээш хурдтай явахад мөн эрхээ хасуулах болно. Энэ тохиолдолд та ямар ч тайлбар тавиад, “найраа хийх” гэж үзээд нэмэргүй.
Тээврийн цагдаагийнханы санааг чилээсэн бас нэг зүйл нь орон нутгийн мотоцикльчид юм. Жилд зам тээврийн ослын улмаас 500 гаруй хүн нас бардаг бол 100 гаруй нь хятад мотоцикльтой явж байгаад осолд орж амь насаа зольсон байна. Орон нутагт ямар нэг бүртгэл дугааргүй мотоцикль маш их орж ирдэг. Обудыг нь юугаар хийсэн нь мэдэгдэхгүй. Зарим нь бүр хуванцар байдаг аж. Ингээд хөдөөгийн залуус улсын дугаар авалгүй, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль их барина. Нэмээд согтуугаар жолоодно. Ингээд осолд орж хөл гар, нуруу ууцаа хугалж хөгжлийн бэрхшээлтэй болсон ч цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж үгүй. Согтуу байсан, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, үнэмлэхгүй зэрэг зөрчлөө мэдэж байгаа учир нуугаад өнгөрдөг байна. Нас барсан тохиолдолд л яалт үгүй цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, бүртгэгдэж байгаа юм.
Цагдаагийн байгууллага улсын дугааргүй гээд журмын хашаанд хийхээр эргээд авдаггүй. Шинийг аваад уначихдаг. Аль ч аймгийн журмын хашаанд ороход 200-300 мотоцикль нар салхинд гандаад хэвтэж байгааг хэлсэн. Одоо бүр агуулах савнаас эхлээд бэрхшээл ундрах болжээ. Иймээс хятад, чанаргүй мотоциклийг хилээр оруулахыг хориглоод өгөөч хэмээн цагдаагийн алба хаагчид хэлж байсан. Мөн орон нутаг дахь хяналт шалгалтын хүртээмж сул байдлыг ашиглаж хөдөөгийн залуус согтууруулах ундаа хэрэглэн, чанаргүй мотоцикль унаж баталгаагүй замаар дур мэдэн давхисныхаа төлөөсөнд амь насаа өргөж байгааг ухаараасай гэдгийг хэлж байна.
Цагдаагийн алба хаагчийн ажил үл дундрах аж. Тэдний хичээл зүтгэлийн үрээр Монголын мянга мянган иргэд, бяцхан багачууд амар тайван амьдарч, ирээдүй рүүгээ тэмүүлж байна. Эцэст нь “Эцэг, эх та бүс зүүж хүүхдээ хамгаал, жолооч та хурдаа тохируул” гэсэн алба хаагчдын аминчлан хэлсэн захиасыг дахин сануулъя.
Г.БАТЗОРИГ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН