Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоод өнгөрлөө. Бүтэн жилдээ ганцхан удаа хүүхдэдээ “дарлуулдаг” өдөр маань. Үнэндээ бид бусад өдөрт нь хүүхдээ “дарлаж” амьдардаг улс гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Хүүхдийн баяр өнгөрсөн хойно анзаарах нь ээ эргэж хармаар, эргэцүүлж бодмоор юмс бас байна аа. Сая хол давсан Улаанбаатар маань хотын төвдөө ганцхан парк, ганцхан том талбайтай. Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн гэсэн гоё нэртэй парк гэхэд л энэ өдөр очихын эцэсгүй пиг хүнтэй өнждөг. Халуун наранд шарагдан байж өдөржингөө дугаарлаад хүүхдээ ганц, хоёрхон тоглоомоор баярлуулбал их юм. Гадны улсуудын парк шиг алаг үрстэйгээ ногоон зүлгэн дээр тухалж, моддын чөлөөгөөр зугаалах тухай яриад ч нэмэргүй, одоохондоо төсөөлөлд л байгаа орчин. Чингисийн талбайн зургадугаар сарын 1-ний дүр зургийн тухай бүр ярих юм биш. Ойр хавийнх нь зам машины таг түгжрээ, төв талбай нь хүний пиг түгжээ болдог. Талбай, хүүхдийн парк зүглэдэг олны цуваа төв замуудыг таг гацаадаг жил жилийн зураг энэ жил яг хэвээрээ олныг унтууцуулав.
Нэг үеэ бодвол хүүхдүүдээ хотод тухгүй баярлуулснаас холгүйхэн тухтай орчинд салхинд гарахыг илүүд үздэг хүмүүс олширсон. Гэтэл салхинд гардаг газар нь ганц Тэрэлж. Харамсалтай нь нийслэлчүүд хотоос гарах гэж зургаан цаг, Тэрэлжээс ирэх гэж найман цагийг замын түгжрээнд өнгөрөөв.Тэрэлжид амрагчдаас хамгийн сүүлд хотод ирсэн хүн лав л үүрийн таван цаг хүргэсэн байх. Манайхны зам дээр гаргадаг аяг ч даарин дээр давс болсон л доо. Цуваад аятайхан явахаа бодохгүй, өчнөөн эгнээгээр чихэлдэн эгнэж хамаг цагаа авчихаж байгаа юм. Тэрэлжээс ирэгсдийн зарим нь бүр хээр хоносон байх шүү. Ингээд бодохоор юун хүүхдийн баяр, юун хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдэдээ дарлагдах биш бүр дарлаж гүйцсэн өдөр болоод өнгөрлөө, зургадугаар сарын 1. Халуун өдөр замын түгжрээнд өчнөөн цагаар гацах, дүүрэн хүнтэй талбай, паркаар олны хөлд даруулах шахан зүтгэх ямар л олиг байв гэж. Энэ жилийн хүүхдийн баяр бяцхануудын маань хувьд гол харлаж зүрх шимширмээр өдөр болж хувирсан. Ганц энэ жил ч биш өнгөрсөн жилүүд ч тийм л байсан. Цаашид жил жилийн зургадугаар сарын 1-нийг ингэж тэмдэглэмээргүй байна.
Дүүрэг бүр хүүхэд залуусын цагаа зугаатай өнгөрөөдөг төв талбайтай болъё. Хүүхдийн баяраар дүүргүүдийн төв талбай дээр Чингисийн талбайд болдог шиг урлаг соёлын шоу, үзэсгэлэн худалдаа, элдэв арга хэмжээ зохиочихвол тээр баруун зүгийн Баянхошууны багачууд түгжрэн барин хотын төв бараадахгүй. Дуртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг дүүргийнхээ төв талбайд үзсэн шигээ баярлана. Ганц газраа бүхнийг бөөгнүүлэх гэдэг хуучин сэтгэлгээнээсээ салах цаг болсныг хүүхдүүдтэйгээ замын түгжрээнд гацаж, паркийн тоглоомонд дугаарласан аав, ээжүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Төв талбай барьтал удах биз дээ гэж эргэлзэх ч хэрэггүй. Сонгинохайрханыхан гэхэд л Зүүн салааны тойргоо хааж байгаад баярлахад болохгүй юмгүй. Баянзүрхийнхэн нохойны хөшөөтэй уулзвараа чөлөөлөөд багачуудаа баярлуулах бүрэн боломжтой. Баянголынхон “Өргөө” кино театраас дооших худалдааны гудамжаа ганцхан өдөр хүүхдүүддээ зориулаад тохижуулчихвал зургадугаар сарын нэгэн хачин гоё өнгөрнө гэдэгт эргэлзэх юм алга. Ингэвэл нийслэлчүүд нэг газраа бөөгнөрч зүдэхгүй аятайхан баярлана.
Улаанбаатар одооныхоос хэд дахин бага хүнтэй байсан хуучин нийгмийн үед Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгээ хотын урд хэсэгт гэж төлөвлөн барьж байв. Гэтэл тэр цагийн парк өнөөдөр хотын төвдөө орчихсон. Нийслэлийн иргэд сая хол давж бүл нэмсэн болохоор арга ч үгүй. Дэлхийн хотуудыг ажих нь ээ парк нь хотоосоо зайдуу, цэвэр агаартай, аятайхан газар байрласан байдаг. Зам нь асуудалгүй болохоор очиж ядах юмгүй. Дор нь сүнгэнэж очоод цэвэр агаарт гэр бүлээрээ баярласан шиг баярладаг. Манайд ч тийм боломж бий. Улаанбаатарын хойшоогоо л зам асуудалтай болохоос бусад хэсэгт нь парк барьчих бүрэн боломжтой. Хүй долоон худаг тийшээ, 22-ын товчооноос цааш Баянчандмань зүг рүү гэж ирээд яривал парк барьчих газрууд өчнөөн байгаа. Боломжтой нь хотоос зайдуух паркад очиж чөлөөт цагаа өнгөрөөдөг болчихвол хэчнээн аятай. Хүүхдийн баяр ч утгатай өнгөрнө. Хотын төвд парктай газар манайхаас өөр үгүй байх. Манай парк урдуураа, баруун зүүн талаараа машины урсгалтай. Машины утаа, тоосжилт, дуу чимээ гээд яривал эрүүл агаар, аюулгүй орчны тухай ярих аргагүй хэцүү орчин тэнд л байна.
Улаанбаатар дэлхийн хотуудын стандартын дагуу хөгжих цаг болсны наад захын жишээ гэхэд л хүүхдийн парк байна. Хотоос зайдуухан паркууд барьж, чиглэлийнх нь нийтийн тээврийн асуудлыг шийдээд өгчихвөл жил жилийн зургадугаар сарын нэгэн хүүхдийн хөгжүүн инээдээр дүүрэн өнгөрнө.
Дэлхийн хотуудын нүд унагам үзэсгэлэнтэй паркуудыг үндэсний томоохон компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бариад өгчихдөг жишиг ч байдаг юм билээ. Хотын иргэдийн тухтай орчны төлөө бүтээн байгуулалт хийсэн компаниа улс үндэстнээрээ хүндэтгэдэг гоё жишээнүүд өчнөөн дуулддаг. Дэлхийн хамгийн үзэмжтэй цэцэрлэгт хүрээлэнгийн нэгд тооцогддог, цэнхэр гаригийн бүх л ургамал ургадаг гэх Сингапурын ботаникийн хүрээлэнд хөрөнгө оруулсан банк гэхэд л үндэсний бахархлын дайтай хүндлэгддэг гэсэн. Хүүхэд багачууд нь дэлхийн бүх л ургамлыг нэг дор харж, байгалийн шинжлэх ухаанд дурлаад ирэхээр ямар ч ээж, аав, эмээ, өвөө нэмэр хандив оруулсан компанид талархах нь гарцаагүй. Манайд ч энэ жишээ шинэ биш. “MCS” гэхэд л хөгшин хөвөө гэлтгүй бүх л хүний чөлөөт цагаа эрүүл, зөв өнгөрөөдөг цанын баазын бүтээн байгуулалтыг хийсэн компани. Нийслэлчүүдийн алжаалаа тайлдаг паркуудыг төр мөнгө гаргаж барих шаардлагагүй, үндэсний компаниуддаа боломж өгөөд бариулчихад болохгүй гэх газаргүй. Татвараас чөлөөлөх гэх мэт хөрөнгө мөнгө шаардахгүй дэмжлэг үзүүлэхэд л шийдэгдэх асуудал. Нийгэмд тустай ийм бүтээн байгуулалт өрнүүлсэн компаниудаа эерэгээр сурталчилж, иргэд нь тэр компаниудаа хүндлээд эхэлбэл наад зах нь л баялаг бүтээгчдийг “муусайн баячууд” гэж хардаг буруу хандлага зөөлрөөд ирнэ. Тэгэхээр зургадугаар сарын нэгнийг хөл хөөр, хөгжөөн инээдтэй өнгөрөөх энгийн хүсэл биелбэл ийм том өөрчлөлт ч бас дагаад ирэх нь.