2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласны дагуу ШУА-иас эрхлэн хүүхэд залуучуудад тусгайлан зориулж “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүллээ. Цуврал бүтээл 10 мянган хувь хэвлүүлжээ. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болсон байна.
Номын нээлт өнөөдөр болох бөгөөд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, цуврал 10 номын зохиогчид тэргүүтэй хүмүүс оролцох юм.
Тус цуврал бүтээл нь физик, хими, биологи, ботаник, палеонтологи, түүх, археологи, философи зэрэг шинжлэх ухааны олон салбар чиглэлийн мэдлэгийг хүүхэд, залууст энгийн, ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог аж. Цаашид жил бүр тасралтгүй цувралаар гарах юм. Цуврал бүтээлийг дараагийн ээлжинд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдад хүргэх юм.
Цуврал 10 бүтээлийг танилцуулж байна. Үүнд:
1. Академич Р.Тогоо “Орчлонгийн үүсэл”
2. Академич Ц.Оюунсүрэн, доктор Ш.Болдбаатар “Амьдралын үүсэл”
3. Доктор Б.Батсүрэн ”Монголчуудын уг гарвал”
4. Академич Б.Чадраа “Цахилгаан”
5. Доктор Д.Цэвээндорж, доктор Я.Цэрэндагва “Монгол орон: археологийн баян галерей”
6. Доктор Я.Ариунчимэг, доктор Л.Уранбилэг “Монгол орны эртний амьтан ургамал”
7. Доктор Я.Адъяа, доктор Б.Мэндсайхан “Монгол орны экологи ба амьтад”
8. Доктор Х.Түмэннасан “Генетикийн гайхамшиг”
9. Академич Ж.Тэмүүжин, доктор Г.Сэвжидсүрэн “Нанотехнологи”
10. Доктор С.Соёлмаа, магистр Б.Цэрмаа “Орчлон ертөнцийн тухай хүмүүний ухаарлын дүр зураг”