Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн 30 гаруй хувь нь хүүхдүүд байна. Тиймээс хүүхдэд чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өсвөр, залуу үед үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байхыг Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ дагуу “Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдааг анх удаа 2018 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.
Үүнтэй холбогдуулан “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдааны зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явцын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр (2018.05.15) ХХААХҮЯ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон БСШУСЯ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцож, сэтгүүлдэд мэдээлэл өгсөн юм.
Тус үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, хамтран зохион байгуулагчаар ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ, МХЕГ, ШӨХТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг ТББ, мэргэжлийн холбоод ажиллаж байна.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн өмнө болж буйгаараа онцлог уг үзэсгэлэн худалдааны үеэр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн баярын жагсаал болж, “Хүүхдэд зориулав” гэсэн тодотголтой гран при бүтээгдэхүүн, экспортын шилдэг бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн гэсэн дөрвөн номинациар үйлдвэрлэгчдийг шалгаруулна. Мөн хүүхдийн зөв хооллолт мэдээллийн булан, өсвөр, залуу үед зориулсан хэрэглэгчийн булан ажиллуулах юм. Түүнчлэн хүүхдийн хоол хүнс болон унадаг дугуйны өдөрлөг, хүүхдийн гутал, хувцасны загварын шоу зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр мэргэжлийн хяналтын явуулын лабораторийг ажиллуулж, хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.
Үзэсгэлэн худалдаа болж байхтай зэрэгцэн салбарын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийг хамруулсан “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж”, “Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн хоол, хүнсний чанар, хангамжийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг тус тус зохион байгуулна.
Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үр дүнд хүүхдэд зориулсан дотоодын хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, нэр, төрөл олшрон, чанар нь сайжрах, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны 17 цаг хүртэл бүртгэж байгаа бөгөөд оролцоход хураамж төлөхгүй.
Үйлдвэрлэгч нь үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн эвент зохион байгуулах боломжтой. Мөн дээр дурдсан дөрвөн номинацид өрсөлдөж, шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан тохиолдолд цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулан, олон нийтэд сурталчлах болно. Үзэсгэлэн худалдаанд оролцсон нийт үйлдвэрлэгчдэд “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй оруулах боломж олгож байна. Цаашид үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.