“Mambo” нэвтрүүлгийн үеэр
“Mambo” нэвтрүүлгийн хөтлөгч Санти буюу Б.Үйлстөгстэй ярилцлаа.
-Таныг хүмүүс Санти гэдэг нэрээр тань илүүтэй мэддэг. Энэ нь ямар учиртай нэр вэ?
-Санти бол мөрөөдлөөрөө олсон нэр л дээ. “Goal” гэж кино байдаг шүү дээ. Тэр кинон дээр Сантиаго Мунез гэж гол дүрийн залуу гардаг. Тэр залуу хөлбөмбөгчин болох мөрөөдөлтэй ч аав нь түүнийг хар ажилчин болгох гэж мөрөөдлийг нь үгүйсгэдэг. Сантиаго мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэмцсэнээр эцэст нь мөрөөдөлдөө хүрдэг. Би 12, 13 настай байхдаа энэ киног үзсэн юм. Би FM радиогийн хөтлөгч, хип хоп дуучин болох мөрөөдөлтэй байсан ч аав минь намайг шашны сургуульд оруулж лам болгох төлөвлөгөөтэй байлаа. Яагаад вэ гэвэл өвөө маань том лам хүн байсан.
“Goal” киноны төгсгөлд Сантиаго мөрөөдөлдөө хүрчихээд “Yeah!” гэж хэлээд хашгирдаг. Тэр хэсгийг хараад “Би ч гэсэн мөрөөдлийнхөө төлөө явж байгаа юм чинь Сантиаго болъё” гээд өөртөө “Санти” гэж нэр өгсөн юм.
-Та FM радиогийн хөтлөгчөөр хэдэн жил ажилласан бэ. Хэзээнээс энэ салбарт ажиллаж эхэлсэн бэ. Таны уг мэргэжил юу вэ?
-Миний нэрийг Б.Үйлстөгс гэдэг. Харин А.Үйлстөгөлдөр гэж мундаг хөтлөгч байсныг хүмүүс мэдэх байх. Хөтлөгч А.Үйлстөгөлдөрийн FM 101.7 радиогоор хөтөлдөг нэвтрүүлгүүдийг манай ах, эгч нар их сонсдог байлаа. Намайг тэд “Үйлс ээ! Чи яг хөтлөгч болно. Хөтлөгч шүү” гэнэ. Тэгээд байхаар нь А.Үйлстөгөлдөрийн нэвтрүүлгүүдийг сонсоод тэр хөтлөгчийг сонсох дуртай болж, нэвтрүүлгүүдэд нь дурлаж, FM радиогийн хөтлөгч болох мөрөөдөлтэй болж хувирсан. Тэрнээс өмнө би брейк бүжиг бүжиглэдэг байлаа. 16, 17 нас хүрээд FM 101.7 радиод хөтлөгчийн шалгаруулалтад тэнцээд сар гаруй ажиллачихаад FM 104 радиод орж байлаа. Тэр үед Тамара, Жошуа, Аманда, Матилда гэсэн хөтлөгчид байлаа.
-2006-2008 оны үе шүү дээ?
-Тийм тийм. Тэд FM-ээсээ гарч дараагийн үеийн хөтлөгчид нь орж ирсэн л дээ. Шинэ үеийн хөтлөгч нь болж 200 гаруй хүнтэй өрсөлдөөд тэнцэж байсан юм. Тус FM-д хөтлөгчид нь өөрийнхөө нэрээр явахыг зөвшөөрдөггүй болохоор өнөө миний Санти гэсэн нэр энд яг тохирсон. Санти гэдэг нэрээр дөрвөн жилийн турш нэвтрүүлэг хөтөлсөн. Тухайн үед “Мамбо”, “Хадам ээжийг хашаа давахаас нь өмнө очиж амбаардъя”, “Сантиг маажих уу”, “Ам банзал” гэх мэт нэвтрүүлэг хөтөлдөг байлаа (инээв). Тэр хугацаандаа хоёр ч удаа FM-ийн шилдэг хөтлөгч болж байлаа.
-Оны шилдэг хөтлөгч байх аа?
-Шинэ жилээр шалгаруулдаг шүү дээ. 2012 онд “Хүсэл, мөрөөдөл” нэртэй тоглолтоо UB palace-д хийж байлаа. Анх удаа FM-ийн хөтлөгч тоглолт хийсэн нь тэр. Бичлэг нь youtube-д бий. Бүх реклам сурталчилгаагаа FM радиогоороо зарлахад 1000 хүнтэй танхим пиг дүүрч билээ. Яагаад вэ гэвэл миний царайг харахын тулд. Би тэнд жүжиглэсэн, бүжиглэсэн, хөтөлсөн. Би ямар мэргэжилтэй вэ гэхээр яг одоо жүжигчний мэргэжлээр сураад төгсөх гэж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатарын шавь нь. Үүнээс өмнө би ямар нэг мэргэжлээр суралцаагүй. Ангийн хүүхдүүд маань үргэлжлүүлж сурч, хичээл сургуулийн хооронд явж байхад би FM радио руугаа, ажил руугаа гүйдэг байлаа. Фэйсбүүк гарч ирж, хүмүүс тийш шуураад yahoo мессенжер алга болсон. Тэр үеэс фэйсбүүкт өөрийнхөө нэвтрүүлгүүдийг тавьж “Santii fm” гэж пэйж хуудас нээсэн. “Мамбо” нэвтрүүлгүүдийнхээ хүнээр тоглосон хэсгүүдийг монтажилж оруулдаг болоод дөрөв, таван жил болчихлоо.
-Пэйж тань одоо хичнээн дагагчтай болоод байна вэ?
-Пэйж маань 200 мянган дагагчтай, нэвтрүүлгийн үзэлт 300 мянгаас нэг саяд хүрдэг. Ихэнх нэвтрүүлгүүд нь инээдтэй ч нийгэм рүү чиглэсэн, болохгүй бүтэхгүй байгаа залуусын бичлэгийг тусгай байршуулдаг. Нэвтрүүлгийг үзэгчид мэднэ дээ, PC тоглоомонд донтчихсон бацааны бичлэгийг хүмүүс их шэйрлэж үзсэн. Үзэлт нь 1.2 саяд хүрсэн байх жишээтэй. Хэдийгээр тэр бичлэг инээдэм боловчиг цаана нь юу болж байгаа, миний охин, миний хүү хэнтэй нийлж, нөхөрлөөд байна вэ гэдгийг инээдээр дамжуулаад мэдэх боломжтой.
-Та телевизэд бас ажилласан байх аа?
-Тэгсэн. VTV телевизэд хоёр жил ажилласан. Би телевизийн урлаг руу орох мөрөөдөлтэй.
-Радиогийн хөтлөгч хүн сонсогчтойгоо дуу хоолойгоороо холбогддог. Таны дуу хоолойг, таны хөтөлдөг нэвтрүүлгүүдийг л сонсдог хүмүүс байдаг юм билээ?
-FM-ийн шилдэг хөтлөгч болохын тулд, бусдаас онцгой байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. FM-ийн хөтлөгчдөд ангилал байдаг юм. Хүчтэй, цоглог, рок хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч гэвэл “Хээе, сайн байцгаана уу” гээд хүчтэй ярьж эхэлнэ. Даруухан, хайрын тухай нэвтрүүлгийн хөтлөгч бол “Сайн байцгаана уу” хэмээн зөөлөн шивнэж буй мэт ярина. “Тавтай нойрсоорой” нэвтрүүлгийг хөтлөхөөр бол бас дуу хоолойгоо аядуу зөөлөн болгоно. Харин миний хувьд энэ бүх шинжийг өөртөө агуулсан хөтлөгч болъё гэж цоо шинэ дүрэм зохиосон юм. Машины араа шиг нэгний нэг, нэгний хоёр, нэгний гурав, нэгний дөрөв гэсэн ярианы дөрвөн темпертэй. Нэгний нэг гэдэг нь эфирийн энгийн хоолой. “Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе”. Нэгний хоёр гэдэг нь дурлуулах хоолой. “Сайн байцгаана уу. Та бүхэнтэй Санти хамтдаа байна. Ингээд бүгдээрээ хайрын дуу сонсоцгооё” гэхэд миний дуу хоолойг хайртай хүнийхээ дуу хоолойгоор төсөөлнө. Бэкхэм, Брэт Питт байна ч гэж төсөөлнө. Тэгж татдаг. Нэгний гурав гэдэг нь ярианы хурд. Энэ нь ур чадвараар зодох. Ямар хурдан сэтгэж байна аа, яаж ийм олон өгүүлбэрүүдийг бодохгүйгээр ярьж байна аа гэж сонсогчдын гайхлыг төрүүлнэ. Нэгний дөрөв гэдэг нь эмоци. Орилж чанга ярих, анхаарлыг нь татах. Ийм дүрмийг би өөртөө суулгахын тулд хөдөлмөрлөж, машин араагаа сольдог шиг энэ дөрвөн темперийг хаана нь яаж дуугаргах вэ, хаана нь зогсоож, дараагийнхыг нь оруулах вэ гэдгийг их сайн тооцоолдог байсан. Ингэж ажилладаг байсныг минь сонсогчид мэддэггүй байсан. Санти гэдэг хөтлөгчийн гол мөн чанар үүн дээр л оршдог, юуг нь нуух вэ дээ. “Мамбо” нэвтрүүлэг хөтлөхдөө ч би энэ өсөлт, уналтыг байнга хийдэг. Гэнэт нэг хүнээр тоглочихоод аргадахдаа ээжид нь зориулж шүлэг уншина. Шүлгээ үнэн сэтгэлээсээ уншдаг болохоор нүдэнд минь нулимс цийлэгнэнэ. Миний хийж байгаа тэр бүхэн үнэн байдаг болохоор хэдэн мянган шэйр, олон мянган үзэгч байдаг байх л даа. Хоолойг минь сонсоод хүмүүс янз янзаар төсөөлнө.
-“Мамбо” нэвтрүүлэгт хүмүүс утсаар холбогдож, ойр дотныхоо хүнээр тоглуулах хүсэлтээ илэрхийлдэг шүү дээ. Ингэхэд таны нэвтрүүлгийг үздэг хүмүүсийн насыг сонирхож болох уу. Залуус голдуу байх уу?
-Насаар нь ангилах боломжгүй. Бүх насныхан сонсдог. Инээх дуртай хүн бүхэн “Мамбо”-г сонсдог. Би сая “Авьяас асгарсан шөнө” mambo comedy тоглолтоо хийхэд 60 гарчихсан хүмүүс ирж үзэцгээсэн. “Чиний нэвтрүүлгийг сонсохоороо бид хоёр хэрэлдэхээ болиод инээлддэг” гэж байсан. Миний нэвтрүүлэгт хүмүүс дуртай. 99 хувь нь эерэг энергитэй сэтгэгдэл бичдэг. Хүн чинь олонхоо дагана шүү дээ. Үнэхээр 70, 80 хувь нь “Наад нэвтрүүлгээ болиоч” гээд байвал би больж болно шүү дээ. Гэхдээ холбогдсон хүн маань өөрийнхөө хүсэлтээр захиалгаа өгдөг. Тоглосныхоо дараа “Энэ тоглоом байсан шүү” гэж хэлдэг. Миний энэ нэвтрүүлгийг залуус дуурайгаад буруудах нь бий. Ямар нэг байгууллага, албан тушаалтны нэрийг барьж утсаар тоглож ярих нь хуулиараа хориотой байдаг. Би Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хошууч Эрдэнэбулгантай хамтарч ажилладаг. Үүнийг хүмүүс мэддэггүй. Би хуулийн хүрээнд нэвтрүүлгээ явуулах ёстой. Миний нэвтрүүлгийг дуурайгаад хүмүүс рүү утсаар ярьж тоглоод цагдаагийн газарт дуудагддаг залуус бий.
-Таны санаанаас гардаггүй “Мамбо” гэвэл?
-Бүх нэвтрүүлэг маань хөгжилтэй болдог. Хөгжилтэй гэхээсээ мартагддаггүй нэг “Мамбо” бий. Хувцасны дэлгүүрт арван хэдэн жил худалдагчаар тууштай, үнэнч ажилласан нэгэн менежер байжээ. Гаднаас нь харахад тэр хүн тэр дэлгүүрийн сайн ажилтан. Тэгтэл тэрээр гадны жуулчин орж ирэхээр хувцасны шошгыг нь сольж үнэ нэмж зардаг тухай мэдээллийг захирал нь олж мэдээд манай нэвтрүүлэгт хандлаа. Сэжиг авсан захирал “Манай энэ менежер Жонни гэж нэг орчуулагчтай хамтраад байх шиг байна” гэлээ. Тэгэхээр нь би тэр Жоннигийн танил нь болж залгаад “Би зуу гаруй жуулчин оруулж ирж байгаа. Эд нарт хэдэн хувцас үнэтэйхэн шиг зараад өг. Хоёулаа ашгаа хуваая” гэсэн чинь “Тэгье” гэж байна. Ингээд 50, 50 саяар ашгаа хуваахаар боллоо. Нэвтрүүлэг явж байгаа шүү дээ. Ингэж тэр хүн баригдсан байдаг юм. Энэ нь хэдий тэр менежерийг хоолноос нь салгаж байгаа ч нөгөө талдаа тэр компанийн орлогыг бууруулаад байсан хүнийг зогсоосон байх жишээтэй. Цагдаагийн хийх ажлыг л нэг удаагийн нэвтрүүлгээрээ илчилсэн. Салчихсан байсан хосыг нэвтрүүлгээрээ нийлүүлж байсан удаа ч бий.
-Хүн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, тэр мэргэжлээрээ тууштай ажиллаж, жанжин шугамнаасаа хазайхгүй явна гэдэг одоо үед хэцүү болжээ. Ялангуяа залууст ийм чанар бага. Таныг анзаараад байхад ямар ч үед, хэзээ ч өөрийнхөө сонирхол, дуртай ажлаасаа холдоогүй, хүүхэд байхаасаа дурласан ажлаа улам хөгжүүлээд явж байгаа нь зарим залууст юм бодогдуулдаг шүү?
-Уйгагүй байдаг залуус ховор. Би хүн инээлгэх дуртай. Жүжигчин Бооёо (Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболдыг хэлэв.сурв) ах миний мөрөөдөл байхгүй юу. FM хөтөлсөн ч хөгжилтэй, “Мамбо” нэвтрүүлгээ хийсэн ч хөгжилтэй, телевизийн нэвтрүүлэгт ч хөгжилтэй. Хүнийг инээлгэхийг хүсдэг. Би эндээс гараад гудамжинд хүнтэй уулзвал тэр хүнийг инээлгэхийг хүснэ. Хүй долоон худагт гэр бүлээрээ наадам үзээд явж байсан ч хуушуур зарж байгаа ахыг инээлгэхийг хүснэ. Энэ бол миний дотор байдаг зүйл. Надтай хамт FM радиогоос ажлын гараагаа эхлүүлсэн хөтлөгчид бүгд өөр өөр ажил хийгээд явж байна. Гэтэл би хийдэг ажлаа хийгээд л, фэйсбүүкээр ч хамаагүй “Мамбо” нэвтрүүлгээ хүргээд явж байгаа. Энэ бол миний мөрөөдөл байхгүй юу. Нэг юм олоод харчихсан байгаа биз дээ. Түүндээ би хүрнэ. Дундаас нь шантардаг хүмүүс бол янз янзын юм ярина л даа. “Чи наадхаасаа өөр ажил хийж болдоггүй юм уу”, “Чи үүнээс өөр юм хийх чадваргүй юм уу” ч гэнэ. Тэднийг тоохгүй явснаар, тууштай явснаар амжилт ирдэг юм байна. Тэрний нэг илрэл нь би одоо тэрийг бага багаар мэдрээд л яваад байна. Радиод би дөрвөн жил ажиллаад гүйцэтгэх захирал нь болсон. “Мамбо” нэвтрүүлгийг хүн үзэх болов уу гэж бодож байтал 200 мянган хүн дагаж үзэж байна. Хувь продакшныг дээд тал нь 100 гаруй мянган хүн дагадаг бол хувь нэг хүнийг 200 мянган хүн дагана гэдэг бол амжилт. Телевизэд ажиллаад нүүр гарч, цаашилбал “Авьяаслаг монголчууд” зэрэг шоуг хөтлөх ч юм уу, тийм мөрөөдөл байна. Дөнгөж comedy хийж эхэлж байгаа хүнийг ганцаараа тоглолт хийхэд 300 хүн ирж үзэхгүй дээ. Би “Намайг 20 хүн үзсэн ч яадаг юм” гэж бодоод тоглолтоо хийхэд би өөртөө итгээгүй. 300 хүн ирж, тасалбаргүй үлдсэн, суудал олдоогүй хүмүүс буцсан. Хоёр дахь удаагаа тоглоход дахиад 300 хүн ирсэн. Уг нь 120 хүний тасалбар гаргасан юм. Одоо гурав дахь тоглолтоо хийнэ. Ийм их дэмжигчтэй болчихсон байна гэдэг бол амжилт байхгүйт юу, тууштай явсаны үр дүн.
-“Мамбо” нэвтрүүлгийн үеэр та хүнд, эвгүй байдалд орлоо ч маш сурмаг гарч чаддаг. Таны хурдан түргэн, ойлгомжтой ярьдгийг тань бэлэн цэцэлж байна гэж хардаг. Монголд бэлэн цэцэлдэг, цээж сайтай мундаг хүмүүс олон байсан. Одоо ч хөдөө орон нутагт бэлэн цэцэлж ерөөдөг, хот айлыг тэр чигт нь инээлгэж чаддаг дуу шуутай, яриа хөөрөөтэй хүмүүс бий шүү. Та тэдний л нэг байх. Та аль нутгийн хүн бэ?
-Манайх Ховдын Дарвийн айл. Манай өвөө уртын дуу дуулдаг, нөгөө өвөө маань эрдэм номтой том лам байсан гэж ярьдаг юм. Манай удамд над шиг ингэж ярьдаг хүн байхгүй. Би хүүхэд байхаасаа л онигоо ярьдаг байлаа. Мөн би шашны сургуульд шавилж байлаа. Дөрвөн жил. Маш хэцүү ном, судруудыг цээжлүүлнэ. Энэ чинь хэл ярианы маш том дасгал болсон. Би чинь шашны сургуулийг алтан медальтай төгсч байлаа. “Мамбо” нэвтрүүлэг бол маш хэцүү. Шууд лайваар хүн рүү залгаж тоглоно. Тэр тоглуулж байгаа хүнд дарах улаан товч байгаа. Тэр хүн гар утасныхаа дуудлага салгах улаан товчийг дарахад л миний нэвтрүүлэг дуусна. Тэр улаан товчийг даруулахгүйн тулд эхлээд би итгүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд төсөөлөн бодтол нь, нүдэнд нь харагдтал нь дүрсэлж ярина. Энэ бүгд жүжиглэлт. Магадгүй авьяас шаардана. Хүмүүс “Мамбо”-г үзээд намайг мундаг сэтгэж байна гэж харж байгаа. Үүнд нөгөө нэгний нэг, нэгний хоёр, нэгний гурав гээд нөгөө темперүүд чинь машины араа шиг солигдож явж байгаа. Дээрээс нь судалгаа явж байгаа.
-Хөтлөгч Санти Улаанбаатар хотын хүн амын гуравны нэг рүү нь утасдаж “Мамбо”-гоо хийсэн гэдэг яриа бий шүү?
-Тэр үнэн шүү. Би FM-д дөрвөн жил ажиллахдаа долоо хоногт миний нэвтрүүлэг хоёр удаа явдаг байсан. Нэг удаад таван хүнээр тоглоно. Жилдээ багаар бодоход 300 гаруй хүнээр тоглоно. Үүн дээр тоглуулсан хүнээ нэмэхээр тоо нь хоёрт үржигдэнэ. Үүн дээр найман жилийн турш явсан “Мамбо” нэвтрүүлгүүдийн оролцогчдыг нэмэхээр бараг нэг сая хүн болдог юм. “Мамбо” нэвтрүүлэгт оролцсон, тоглуулсан, захиалсан хүмүүс нь нэг саяд хүрч байгаа юм чинь энэ нэвтрүүлгийг монголчуудын гурав хүн тутмын нэг нь ч юм уу, таван хүний хоёр нь мэдэх ёстой (инээв). Та “Цаасан шувуу” дууг минь сонссон уу.
-Сонссон.
-Энгийн лайв хийж байгаад л тэр дууг зохиогоод дуулчихсан юм. Тэгээд лайваасаа тасдаж аваад оруулсан. ТВ5-ын хөтлөгч Чак Мөнхбат фэйсбүүктээ “Хэр баргийн бичлэг үзээд инээдэг хүн биш дээ би. Нулимсаа гартал инээлээ” гээд оруулчихсан байна билээ. Тэр бичлэг долоон мянган шэйртэй, нэг сая хүн үзчихсэн байна билээ. Тэр бичлэгийг миний пэйжээс мянган хүн шэйрлэж, 300 мянган хүн үзчихээд байгаа.
Миний нэвтрүүлэг хэдийгээр чөлөөтэй боловч сошиалд байдаг зарим нэг хэвийн бус хүмүүс шиг хэзээ ч болохгүй. Би Ц.Төмөрбаатар гэдэг мундаг хүний шавь. Би энэ хүнтэй үргэлж хамт явах учраас өөрийгөө цэнэх хэрэгтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зөв байх хэрэгтэй. Би одоо хүртэл архи, тамхи хэрэглэж үзээгүй. Эхнэр, хүүхдийнхээ хамт гурвуулаа мөрөөдлийнхөө төлөө амьдардаг. Сонсогчдодоо хандаж хэлэхэд, Мамбо Санти гэдэг хүнийг FM-ийн хөтлөгч байхаас нь эхлүүлээд дэмжиж ирсэн хүмүүс байна. Дэмжсээр л байгаарай, яагаад вэ гэвэл би юмаа хийсээр л байх болно. Mambo comedy, комедигоо хэзээ ч орхихгүй. Энэ урлаг улам хөгжинө. Инээдмийн кинонд тоглох, шинэ жилээр үзэгчдэдээ инээдмийн хөтөлбөр хүргэх тал дээр би ажиллана. Уран бүтээлээрээ хүнийг инээлгэх, зугаацуулах ажлаа хэзээ ч орхихгүй. Энэ бол миний хобби. Орой болгон боддог мөрөөдөл минь. Тэр хүртэл минь хамт байгаарай гэж сонсогчдодоо хэлье.