Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Манай улсад улаанбурхан өвчин гарах эрсдэлтэй байна DNN.mn

Улаанбурхан халдварт өвчний талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан “Өнгөрсөн жил буюу 2022 онд 182 улсад улаан бурхан өвчний 172,000 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноосоо гурав дахин их гэсэн үзүүлэлт байна.

Өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй улсад улаанбурхан өвчний 22,000 тохиолдол бүртгэгджээ. Энэтхэг, Индонез, Филиппин, БНХАУ, ОХУ-д улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа.

Манай улс улаанбурхан өвчний эсрэг нэг цэнт вакциныг 1973 онд, улаанбурхан, улаануудын эсрэг буюу хоёр халдварт өвчний эсрэг вакциныг нэвтрүүлээд 34 жил болсон.

Сүүлийн 15 жилд улаанбурхан, гахай хавдар, улаанууд гэсэн гурван халдварт өвчний эсрэг вакцинаар хүн ардаа дархлаажуулж байгаа. Эдгээр гурван халдварт өвчний эсрэг УГУ вакциныг хүүхдийг есөн сартайд, хоёр настайд гээд хоёр тунг хийдэг.

Улаанбурхан өвчний тохиолдлын тухайд 1973-1989 оны хооронд 3-4 жилийн давтамжтайгаар дэгдэлтүүд бүртгэгдэж байсан.

1989 оноос хойш буюу улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хэрэглэснээс хойш дэгдэлтийн тоо буурсан ч улаанбурхан өвчний дөрвөн удаагийн том дэгдэлт 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд гарч байжээ.

Олон улсын болон манай улсын мэдээллүүдийг харахад хөрш улс орнуудад улаанбурханы дэгдэлт байна. Тэгэхээр улаанбурхан өвчин манай улсад бүртгэгдээгүй ч эрсдэл байна гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт улаанбурхан өвчний эрсдэлийн үнэлгээг хийсэн. Ингэхэд улаанбурхан өвчний тодорхой хэмжээний эрсдэл байна гэсэн дүгнэлт гарч, 21 аймаг, сум, нийслэл, дүүргүүдэд хүргүүлсэн байгаа.

Улаанбурхан өвчнөөс дархлаажуулалтаар сэргийлэх бүрэн боломжтой. Нэмэлт болон нөхөн дархлаажуулалтыг хийнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *