Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудал энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтанд орно гэдгийг ашиглалтын өмнөх ажлын албанаас мэдэгдлээ. Нийт 65.6 тэрбум иений өртөгөөр бүтэж буй уг онгоцны буудал нь жилдээ гурван сая зорчигч хүлээн авах боломжтой юм. Энэхүү нисэх онгоцны буудлын төслийн ажил Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар 2008 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 28.8 тэрбум иений үндсэн зээлийн хүрээнд хийгдэх ажлууд 99 хувийн гүйцэтгэлтэй,36.9 тэрбум иений нэмэлт зээлийн хүрээнд хийгдсэн ажлууд 98 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нисэх зурвасын хувьд хоёр эгнээ бүхий зургаан урсгалтай, нэг дор 1500 зорчигч хүлээн авах чадалтай юм. Одоогийн ашиглаж буй Чингис хаан нисэх онгоцны буудлаас хэд хэдэн дэвшилт гаргасан. Тухайлбал хөөрч буух зурвас нь хоёр талаасаа хөөрч буух боломжтой. Ингэснээр нислэгийн сааталт багасах юм байна. Мөн нисэх онгоцны буудлын барилга бүх талаараа хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод ашиглахад хялбар, иж бүрэн технологиор бүтээгдсэн аж. Бүртгэлийн цэг дээр зорчигчид өөрсдийгөө бүртгэх тоног төхөөрөмжийг суурилуулсан. Аюулгүй байдлын үзлэг шалгалтандороход төрийн хяналтын байгууллагууд давхардахгүйгээр тусдаа өрөөнөөс хяналт шалгалт хийх боломжтой юм байна.
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог хэлэхдээ “Бүтээн байгуулалтын ажил найман жил үргэлжилж байна. Энэ хугацаанд үндсэн болон нэмэлт зээлийн хүрээнд 43 барилга, байгууламж барьж ашиглалтын өмнөх захиргаанд хүлээлгэн өгч байна. Бидний төлөвлөж буйгаар шинэ нисэх буудлыг энэ оны арваннэгдүгээр сард нээж, нислэг үйлдвэрлэлийг эхлүүлнэ. Нэг дор 21 онгоц хүлээн авах агаарын хөлгийн зогсоолтой, жилдээ гурваас таван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Зорчигч тээврийн терминал нь 3800 метр шоо дөрвөлжин талбайтай. Энэ нь одоогийн нисэх онгоцны буудлаас 2.5 дахин том юм. Олон улсын болон орон нутгийн нислэг аль аль нь энэ буудлаас ниснэ.Буянт-Ухаа дахь Чингис хаан нисэх онгоцны буудлыг орон нутгийн болон тусгай зориулалтын нислэг үйлдвэрлэлд ашиглахаар төлөвлөж байна” гэлээ.
Мөн нисэх буудлын бүтээн байгуулалтаас гадна нисэх буудал хүртэлх 32.2 километр хурдны зам ашиглалтад орох юм. Уг замын ажлыг 2019 оны дөрөвдүгээр улиралд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ч, гүйцэтгэгч компани энэ онд багтаан зорчих хэсгийг хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Шинэ нисэх онгоцны буудлын 43 барилгад цэвэрлэх байгууламж, дулааны цахилгаан станцын барилга зэрэг багтсан. Тиймээс 70 мянгаас 100 мянган хүн амтай хот суурин бий болволдулаан, цэвэр ус гээд дэд бүтцийг бие даан шийдвэрлэх боломжтой аж.
Л.АНУДАРЬ