Categories
мэдээ нийгэм

Хөшгийн хөндийд 16.4 МВт-ын нарны станц ашиглалтад орлоо

“Хөшгийн хөндийд 16.4 МВт-ын нарны цахилгаан үүсгүүрт станц”-ын цахилгаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлжээ. Эл нарны цахилгаан үүсгүүрийн станц нь жилд 18.438 тоннтой дүйцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулах юм байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа өндөр хүчин чадлын нарны станцын барилга угсралтын ажлыг “Тэнүүн гэрэл констракшн” ХХК, “Шарп энержи солюшнс” корпораци болон “Сермсанг поуер” корпораци хамтран гүйцэтгэж ашиглалтад оруулжээ. Тус нарны цахилгаан станц нь удахгүй ашиглалтад орох шинэ нисэх онгоцны буудлаас баруун өмнө зүгт 5 км-ын зайд, төвийн цахилгаан дамжуулах сүлжээнээс 14 км-ын зайд байршдаг. “Хөшгийн хөндий 16.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрт станц” нь Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Хамтарсан Кредит Олгох Механизмын санхүүжилтээр хэрэгжиж байгаа зургаа дах төсөл юм. Нарны цахилгаан станцын үйл ажиллагаа жигдэрснээр жилд 18.438 т/СО2-ыг бууруулан, 23 сая КВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэн эрчим хүчний системд нийлүүлэх бүрэн боломжтой. Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс хангадаг болох, хүлэмжийн хийн ялгаралыг 2010 оны түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавиад буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *