Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар Монголын Хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэр гаргажээ.
Монголын Хөрөнгийн бирж өөрийгөө зохицуулах байгууллагын статустай
болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат
компаниудад нэгдсэн стандарт мөрдүүлж, хариуцлага хүлээлгэж болно. Мөн
олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүх боломж нээгдэж байгаа гэж
Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлж байна.
Хөрөнгийн биржийн сүүлийн зургаан жилийн үйл ажиллагаанд СЗХ-ноос
шалгалт хийж, шалгалтын дүнг хорооны хуралдаанаар авч хэлэлцсэний дүнд
энэхүү дүгнэлтэд хүрчээ. Шалгалтын дүгнэлтүүдээс харвал СЗХ-ны хянан
шалгагчид бирж дээр хийгдэж байгаа арилжаа, бүртгэл нь шударга, ил тод,
хүнд сурталгүй, зах зээлийг урвуулан ашиглахаас хамгаалагдсан байх
үндсэн зарчмууд бүрэн хангагдаж чадахгүй байна гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн олон тэрбум төгрөгийн өртөгтэй авсан арилжааны систем нь
Монголын нөхцөлд арилжаанд оролцогчидтой мэдээллээ солилцох модульгүй,
анхдагч арилжааны систем учраас шинэ модуль нэмж цогц болгох хэрэгтэй
байгаа ажээ. Тиймээс Монголын Хөрөнгийн биржтэй яриа хэлэлцээрийг
идэвхжүүлэх, өртөг зардлыг богино хугацаанд шийдвэрлэх зэрэг ажлыг хийх
зөвлөмж гарчээ. Төрийн өмчийн хувьцааг Хөрөнгийн биржээр арилжих
бэлтгэлийг бүрэн хангаж, ирэх 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг мөн
ач холбогдлоор нь эрэмблэн бизнес төлөвлөгөөгөө шинэчлэн баталж
ажиллахыг биржид даалгасан байна.