Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хурцыг өмгөөлөхүй

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


ГЕНЕРАЛ ХУРЦАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монголын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх өдрийг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Батын Хурцыг Хууль зүйн сайд Цэндийн Нямдорж баривчлан хорьжээ.

Тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага хоёр нь хэдийгээр хүмүүс хоёуланг нь нийлүүлээд “хүчний байгууллага” гэж нэрлэдэг боловч төрийн болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцсан хүрээ салбар, үйл ажиллагаа, арга техник нь маш ялгаатай юм. Цагдаа бол хууль хэрэгжүүлэгч, хуулийн хүрээнд хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн энх амгалан байдлыг хангах, хууль хэрэгжүүлэлтийг сахиулах, хуульд заасан нийтийн хэв журмыг сахин хамгаалах үүрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэхдээ тодорхой хүрээ, хязгаарын дотор гүйцэтгэх тагнуулын ажиллагаа явуулах, тусгай арга, техник хэрэглэх эрх, үүрэгтэй байгууллага юм.

Тагнуулын байгууллага гэж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг тагнуулын арга замаар хангах зорилго бүхий байгууллагуудын тогтолцоог хэлнэ. Тагнуулын байгууллага нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллах ёстойг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Хуульд мөн онцлон заахдаа Тагнуулын байгууллага тагнуулын мэдээ олох, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологийн дэвшилтэт ололт, шийдлийг ашиглах, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэмжээнд тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, мэдээлэл, өгөгдлийн сан, тэдгээртэй холбоотой засвар-үйлдвэрлэл, үйлчилгээ, инженерийн дэд бүтцээр хангагдах гэсэн байна.

Нэг л үгээр хэлэхэд дээрх хоёр байгууллагын зорилго, хариуцсан хүрээ, хамрах эрх мэдэл өөр болохоор гүйцэтгэх ажлын хяналтыг Цагдаагийн байгууллага хариуцахгүй. Тэр дундаа Тагнуулыг байгууллагын гүйцэтгэх ажлын хяналт зөвхөн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд харьяалагдах ёстой. Хууль нь ийм юм.

ОТГОНБИЛЭГИЙГ ЗАЙЛУУЛАХ ОППЕРАЦИ

1998 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Чимэдцэрэн золгүй байдлаар нас баржээ. Түүний сонгогдсон тойрог Дарханд нөхөн сонгууль болж МАХН-ын Цэвээнжав оронд нь орж ирсэн юм. Энэхүү нөхөн сонгууль МАХН-ын хувьд маш ач холбогдолтой байлаа. Сэргээн босголтын хэрэг гэгдэх банкны реформд тэд гүтгэх, мушгин гуйвуулах хүчтэй суртал нэвтрүүлэг хийж чадсаны үр дүнд нийгэмээс дажгүй алга ташилт авчихаад байсан үе. Үүнээс хоёр сарын дараа Зориг алагдсан нь асуудлыг бүрэн нэг талд нь гаргаж тэд 2000 оны сонгуулиар ялан төрийн эрх барих нь нэгэнт тодорхой болсон. Намын толгойлогч Энхбаяр дарааийн Ерөнхий сайд болох нь бүхэнд ойлгомжтой болов.

Дарханы сонгуульд МАХН-ынхан бүтэн бүлгээрээ туйлын идэвхтэй оролцсон. Энхбаяр өөрийнх нь дараагийн Засгийн газрыг энэ үеэс бүрдүүлж эхэлсэн билээ. Нам дотроо бүтэн хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болж амжаагүй байсан тэрээр намын хүрээнд өөртэй нь тэнцэхүйц бие хүмүүстэй эвсэхээс өөр аргагүй. Тэрээр Энэбиш, Отгонбилэг, Нямдорж гурвыг багтаа нийлүүлжээ. Эдэнтэй бүгдтэй төдийлөн тааламжтай харилцаатай биш боловч тэднийгээ хүлээн зөвшөөрч байж л өөрөө оргилд гарч чадна. Цэвээнжавыг ялуулсны маргааш мань дөрөв аминчлан уулзаж засаг хуваав. Энхбаяр Ерөнхий сайд, өөрөөр хэлбэл удирдлагын орой. Энэ дөрөв дотор хамгийн бага рейтингтэй Нямдорж хамгийн бага тушаал Хууль зүйн яамыг эзэмшихээр болов. УИХ-ын дарга хэмээх хоёр дахь том байр суурин дээр Отгонбилэг, Энэбиш хоёр тунажээ. Энэбиш УИХ-ын даргын местэд сэтгэл бүрэн ханах байсан бол Отгонбилэгийн санаархал Ерөнхий сайд!

Энхбаяр гурвууланд нь дургүй. Ерэн зургаан оны сонгуульд нам ялагдсаны дараа шинэ даргын төлөө Энхбаяр, Багабанди хоёр өрсөлдөхөд Отгонбилэг, Энэбиш нар Багабандийг дэмжжээ. Хувь заяаны шоглоомоор дөрвүүлээ, Багабандийг оруулбал тавуулаа маш зуумхай, урьдын хонзонг огт мартдаггүй, хариугаа авч байж салдаг хүмүүс.

Элбэгдоржийн Засгийн газар огцрох дээрээ тулан дэнжигнэж эхэллээ. Чухам энэ нь Отгонбилэгийг гол гаргах сайхан далим болов. Нямдорж, Энэбиш хоёр Энхбаярын талд хатуу зогсож Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн даргаас хусаж өгөхийг гуйсаар Элбэгдоржид бараалхав. Хариуд нь Засгийн газрыг огцруулахгүй авч үлдэнэ гэсэн амлалт. Отгонбилэгийг огцруулах оппераци хэрүүл шуугиантай боловч эцэст нь бүтсэн. Харин мань дөрвийн өмнөх эргэлзээтэй тохиролцоо хэрүүл маргаан, бараг л зодоон цохионоор өндөрлөж МАХН-ын удирдлагыг илэрхий том хагарал хуваагдалд хүргэв ээ. Отгонбилэг нь Энхбаярын ноймор нэг дайсан болж, Энхбаяр Багабанди нар үл эвлэрлийн хурц мэс зөрүүлэлцсэнээ хэнээс ч нуухаа болив.

ДОТООДЫГ ХАМГААЛАХЫН САЙД

Хууль зүйн сайдын хишиг хүртэхээр болсон Нямдорж өмчлөхөөр болсон бялууныхаа хүрээг томсгохоор энэ үеэс ажиллагаа нь эрс идэвхжив. Түүний гол сонирхол хуучны Нийгмийг аюулаас хамгаалах яам буюу дээр үеийн Дотоодыг хамгаалах яамыг сэргээн босгож цагдаа тагнуулын байгууллагыг өөрийн гар дор нэгтгэх санаархал байсан юм. Энэ саналаа шинэ хамсаатан, өөрийнх нь ирээдүйн шууд дарга болох гэж байгаа Энхбаярт тавих болов. Энхбаяр Нямдоржийг танихтайгаа, иймээс өмнөөс нь жонхуу зуурах хүсэл байсангүй. Шинэ Засгийн газар байгуулсны дараа тийм яам байгуулбал хэл ам тасрахгүй, цаад ардчилсан намынхантай ярьж байгаад одоо тэднээр байгуулуулчих гэж “зөвлөжээ”. Зоригийн амийг хөнөөсөн явдлыг “Дотоод яамгүйгээс” болсон мэтээр тайлбарлаж НАХЯ сэргээн байгуулахыг гуйж ардчилагчдаас дэмжлэг хайн нэлээд гүйсэн боловч тэндээс тийм хамтрагч олдсонгүй.

2000 оны сонгуулиар мэдээж МАХН үнэмлэхүй ялалт байгуулж Нямдорж ч хагас НАХЯ-ныхаа сайд боллоо. Хагас гэдгийн учир нь Энхбаяр нохойтоод түүнд Тагнуулын газрыг өгсөнгүй өөртөө авч үлдэх нь тэр. Нямдоржид ердөө л Хилийн цэрэг өгч “доромжлов”. 1998 онд Батлан хамгаалах хүчинд томоохон өөрчлөлт хийж, Монгол Улсыг нэгдсэн зэвсэгт хүчинтэй болгосноор Батлан хамгаалах яаманд Хилийн цэрэг, Дотоодын цэрэг хамаарах болсон билээ. Нямдоржийн хүслийг биелүүлэхийн тулд арай гэж эмхэлсэн зэвсэгт хүчний тогтолцоо ингэж хоёр ч насалж чадсангүй нурах нь тэр. 1999 онд баталсан Тагнуулын байгууллагын хуулинд утас чагнах зэрэг гүйцэтгэх ажиллагааг ТЕГ-ын нэгдсэн бүртгэлд заавал тэмдэглүүлж байхаар болсныг хүчингүй болгон гүйцэтгэх ажил хийдэг байгууллагууд өөр өөрийн хүрээндээ энэ ажлыг бие даан гүйцэтгэх эрхтэй үлдэв. Нэгдсэн бүртгэл хийгдэхээ болилоо, үүнээс хойш тагнах чагнах явдал “хувьд шилжсэн”. Тагнуулын байгууллагыг өөртөө авна гэсэн тооцоогоор Нямдоржийн санал болгосон “Хууль зүй, дотоод хэргийн яам” гэсэн аймаар сонсогдох яамны шинэ хаягийг нь Энхбаяр харин зөвшөөрч, харж үзжээ. Нямдорж ийнхүү шүдгүй чоно болон хоцорч ихэд хорсов. Хорслоо удаан нууж чадсангүй Энхбаярт ил дайсагнах боллоо. Хэдэн жилийн дараа идэвхтэй хөөцөлдөж, чөмгөө дундартал гүйсний эцэст Энхбаярыг шоронд хийн хэсэгтээ тайтгарсан даа.

БАРИМТ ЦУГЛУУЛАХ ДОН

УИХ-д Тусгай хяналтын дэд хороо ажилладаг. Энэ нь улсын нууцтай холбоотой ажиллагаа болон цэргийн тагнуул, тагнуулын ерөнхий газар, АТГ, цагдаагийн зэрэг байгууллагын гүйцэтгэх ажиллагааны төсвийг баталж, хуулийн биелэлтийг шалгах онцгой эрхтэй нэгж юм. Улс болгонд бий. АНУ-д гэхэд л Конгресст энэ хороо долоон гишүүнтэй, хүн болгон нь тусгай хамгаалалтад байдаг. Энэ том улсын цэрэг армийн нууц гүйцэтгэх ажиллагаа асар их мөнгө сүйтгэдэг биз. Монголд ч социализмын үед байсан.

1996-2000 онд Тусгай хяналтын дэд хороо Энхбаатар, Батбаяр, Нямдорж гэсэн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байлаа. Дэд хороон дарга Энхбаатар урьд нь Цэргийн тагнуулд ажилладаг байсан тул тэр талынхаа юмыг илүүтэй сонирхож хөөцөлдөнө. Нямдорж цэргийн прокурорт олон жил оргодол цэргийн хэрэг мөрдөж гаршсан болохоор өөрийгөө хуульч, цагдаа тагнуулын асуудалд мэргэшсэн хэмээн гайхуулж тийш тэмүүлмой. Улсын төсвийг жилд нэг удаа л баталдаг болохоор Тусгай хяналтын дэд хороо тийм ч их ачаалалтай биш. Төсөв батлахаас бусад цагт бүрэлдэхүүнээрээ цуглаад ямар нэг асуудал шийдэж байсан, хяналт шалгалт явуулж байсан тохиолдол үгүй. Тэгсэн мөртөө мань Нямдорж энэ талаар жил тойрон “завгүй” байсан. Байнга л холбогдох байгууллагын удирдлага, том жижиг дарга нар, гүйцэтгэх албаныхантай ганцаарчилсан уулзаастай. Хүн амьтны тухай мэдээлэл цуглуулдаг байсан бололтой. Хөдөө орон нутгийн гэж голохгүй, Дархан, Эрдэнэтээс бол байнга дуудаж уулзана. Ингэж Тусгай дэд хорооны нэр барин цэргийг эс тооцвол хүчний гэх байгууллагуудыг гартаа хийж авлаа. Энэ нөхцөлд цуглуулсан “баримтаараа” ам алдан хааяа гайхуулах дуртай, хожмын олон үйлдлээс нь ажиглахад гол төлөв сүрдүүлэх шантаажлах аргад голдуу ашиглана.

Урьд нь зартай хэрүүлчийн авъяасаараа бусдыг залхаадаг байсан бол энэ үеэс олсон “баримтын” үнэн худал нь мэдэгдэхгүй зах сэжүүрээр хүн айлгадаг мангас болон хувирсан юм. Хууль зүй Дотоод хэргийн яамны сайд болсноор байдал нь бүр бэхжиж түүнээс айдаггүй хүн ч үгүй болж, тэрээр өөрийн хариуцсан хүрээллээс халин шүүх болон гүйцэтгэх засаглал, тэр байтугай хууль тогтоох байгууллагыг ч бараг л гартаа базан хуйлруулах болов. Гэм хийгээгүй ариун цагаан төрийн “хар хүн” ч эрс цөөрч байсан үе. Ийм болохоор өөртэй нь сөргөсөн болон өөрийг нь дэмжихгүй хэн ч байсан “чамайг мартаагүй шүү”, “чиний хийсэн хэрэг байгаа шүү”, “чи тийм цэвэр ариун хүн биш шүү” гэх мэтээр мухар сохор “анхааруулга” өгнө, цаадах нь ч үнэхээр цэвэр ариун биш болохоор аль булхайг минь дэлгэх гэж байгаа бол гэж хулмалзан дугуй болно. Бараг цөмөөрөө “бохир” болохоор бүгд Нямдоржоос айна, харин өөрийнх нь түмэн нүгэлээс хэн нэг нь цухуйлгавал эргүүлээд гүтгэнэ, доромжилно, урьдын зөрчил дутагдлыг нь ухуулахаар өөр бусад нүгэлтнүүдийг мөн л айлган сүрдүүлж дайчилна.

Яавч хуультай нийцэхгүй шийдвэрийг удаа дараа шүүхээр гаргуулж байсныг нь албан ёсоор шүүмжлэн хэлэлцэж байсан удаа үгүй. Хэсэг хулигаанууд зодоон цохион хийснийг дэвэргэн шүүхээр ахадсан ял өгүүлэн шоронд хатааж байсан. Түүнийгээ Монгол орныг мафиас цэвэрлэж мөнхийн гавьяа байгууллаа хэмээн шүүхийн шийдвэрийг өөрөө гаргуулснаараа гайхуулах болов. Хожим нь “олон хүн шоронд хийсэн учир хамгаалалтад орохгүй бол амь нас аюулд учирлаа, иймээс намайг УИХ-ын дарга болгож өгөөч” хэмээн гишүүдээс гуйж явсныг олон гэрч баталдаг. Болж ч чадсан, харин хууль зөрчиж удалгүй хусагдсан даа.

Тэрээр эрэмшсэн айлган сүрдүүлэгч болсноор урьдын хувийн өс хонзонгоо төрийн байгууллагын нэрийн өмнөөс “гүйцэтгэх” болов. Өөртэй нь олон жил тэрсэлдсэн Баатар генералийг Ганц худагт хаалттай зохион байгуулсан шүүх хурлаар оруулан долоон жилийн ял өгүүлж чадсан. Долоон жилийн гурав нь Баатарыг улсын нууц задруулсан хэрэгт хамааруулсныг хууль ёсных гэж үзье, яахав. Гэтэл үлдсэн дөрвөн жил нь Дотоод хэргийн сайд Нямдоржийг гүтгэн нэр төрд нь халдсан гэсэн хаягтай байлаа. Чойномыг Цэдэнбал даргын нэр төрд халдсан хэргээр дөрвөн жилийн ял өгч байснаас өөр ийм тохиолдол 1952 оноос хойш Монголын түүхэнд тохиолдоогүй. 1990-1992 онд өөртэй нь хамт Хууль зүйн яамны дэд сайд хийлцэж байсан Санжаасүрэнтэй шоронгийн шинэ барилга барих төсвийн мөнгөн дээр маргалдан өстөн бололцсон. Ажлаасаа гараад олон жил болж өмгөөлөгч болсон Санжаасүрэнг улсын нууц задруулсан хэргээр мөн л шорон руу илгээсэн. Нууцын тухай хуульд нууц хадгалах үүрэг хүлээсэн шийдвэр гаргагч, үүнд оролцогчид, бичиг баримтыг бичигч олшруулагч нар нууцыг задлахгүй хэмээн урьдчилан тангараг өргөснөөр хариуцлага хүлээх субьект болох тухай тодорхой заасан байдаг. Хуулиар өмгөөлөгч Санжаасүрэн улсын онц ч бай, онцгүй ч бай нууц задруулагч, үүнийхээ төлөө хариуцлага хүлээгч биш юм.

ЭРҮҮДЭН ШҮҮХ ИЛ АЖИЛЛАГАА

Яриа нь энэ тэнд. Шударга шүүхээр яллууллаа, би үүнийг хийлээ гэнэ. Тэрийгээ мартчихдаг бололтой, Монголын шүүх хэзээ ч шударга байгаагүй, хээл хахуульд идэгдсэн гэнэ. Женко Баттулга өөрийг нь гүтгэсэн хэмээн шүүхэд хандан ялсан чинь “Би шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, давж заалдах ч үгүй” гэж хуулийг үл хэрэгсэн басамжилж байгаагаа зарлан тодорно. Гүндалайг баривчлагдахад “Би огт мэдээгүй, хөдөө явж байсан” гэж гүрийнэ. Бат-Үүлийг баривчлах ажиллагааг бас сонсоогүй байсан гэнэ. Энхбаярыг баривчлагдахад “Манайх зурагтгүй учраас би үзээгүй, огт мэдээгүй” гэж тэнэгтэнэ. Баривчлах ажиллагааны штабыг генерал Сандаг-Очироор дамжуулан алсаас (дэргэдээс нь) гардан удирдаж байв. Хэн ч харсан бүх хэргийг санаачилж удирдсан хүн шүү дээ.

2004 оны эхээр тэрээр “Сонгуульд Ардчилсан нам намын даргагүй ороод ялалт байгуулахыг нь харъя” хэмээн орон даяар заналтайгаар зарлалаа. Дөнгөж дараахан нь Зоригийг алсан этгээдийг Монголын эрэлхэг хөвүүд Францаас баривчлан авчирав. Эндээс маш тодорхой болсон зүйл гэвэл Ардчилсан намын дарга Энхсайхан захиалан байж Зоригийг алуулсан ба гүйцэтгэгч нь Франц руу оргоод алга болсон Энхбат аж. Хууль зүй Дотоод хэргийн сайд баривчилгааг зохион байгуулж удирдаад энэ гавьяагаа мөнхлөхийн тулд ард түмэндээ “улсын нууцыг” задлаж буй хэрэг гэж хэн ч дүгнэхүйц.

Тухайн үед Ерөнхийлөгчөөр Багабанди, Ерөнхий сайдаар Энхбаяр, УИХ-ын даргаар Төмөр-Очир, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Нямдорж, Тагнуулын Ерөнхий газрын даргаар Батсайхан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар Сандаг-Очир нар ажиллаж байсан юм. Хэргийн мөрөөр хөөвөл Зоригийг Ардчилсан хүчнийхэн өөрснөө алсан хэмээн 2000 оны сонгуульд улайм цагаангүй мэдэгдэн, учрыг нь дорхноо олно гэсэн мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон МАХН дөрвөн жил өнгөрсөн хойно хэлэх юмгүй болчихсон байв. Дараагийн сонгууль тулчихсан байсан учир хэргийг илрүүлэх гэж маш их яарч байжээ. Нямдоржийн өөрийнх нь гардан удирдаж байсан цагдаагийн мөрдөгчид хэрэгтнийг олов. Тухайн үед Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх түрүүчийн комиссыг Нямдорж тараагаад Тагнуулын байгууллагатай хамтарсан шинэ комисс байгуулчихсан байсан юм. Тэдний илрүүлсэн хэрэгтэн Францад амьдарч байгаа аж. Яаж түүнийг Монголд авчирах вэ?

Түрүүн нь АНУ-д консулаар томилогдон ажиллаж байсан “ард” хэмээх Батсүхийг сэм баривчлан онгоцонд нууж ачих гэж байгаад Америкийн цагдаад баригдсан. Батсүх алуурчин мөн гэж хэдэн цаг элчин сайдтайгаа нийлэн нотолж гуйсаар байгаад аваад ирсэн. Гэвч бүтэн жил тамлан зовоож мөрдсөөр байгаад биш болох нь тодорхой болонгуут “Батсүх нь хуурамч дипломтой байсан, тэр хэрэгт нь нэг жилийн ял өгч мөрдөнд суусан нэг жилийг нь түүнтэй дүйцүүлэн үзээд сулаллаа” гэж заралсан. Энэ бол шүүхээс гарсан ичих нүүргүй мэдэгдэл.

Нээлттэй нийгэмд болсон энэ ичгүүргүй явдлыг Америкийн байтугай дэлхийн холбогдох байгууллагууд мэдэж байгаа. Иймээс Энхбатыг албан ёсоор гуйн авчрах бололцоогүй. Монгол Улс хэрэгтэн шилжүүлэх гэрээ Франц улстай байгуулаагүй, баривчлаад өгөөч гэхээр нотолгоо шаардана, тэр нотолгоо нь манайд байхгүй, ердөө л хардаж байгаа. Ингэхээр хулгайлах хэрэгтэй. Үүнийг энэ талын туршлага мэдлэг ойлголт байхгүй цагдаагийнхан гүйцэтгэх бололцоогүй. Ингээд ТЕГ-аар гүйцэтгүүлэхээр шийдэв. Өөр чадах газар үгүй юм чинь. Хурандаа Сийзхүүгээр ахлуулсан баг бүрдүүллээ. ТЕГ-ын харьяалалд Европын орнуудад “дипломат алба” гүйцэтгэдэг ажилтнууд хулгайлах опперацид оролцох болов. Франц, Герман, Унгар, Бельги зэрэг оронд сууж байсан “чекистүүд”-ээс бүрдсэн багийнхан даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн.

Энхбатыг энд авчраад тамлан тарчилгасан, хуруу гарыг нь хугалсан гэх мэдээллийг түүний өмгөөлөгч Санжаасүрэн хэлснээсээ болоод улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял аван шоронд одох нь тэр. Энхбат ч үхсэн, ер нь түүнд тохсон хэрэгт тэрээр огт холбогдолгүй болох нь тогтоогджээ. Нямдорж ч үүнээс хойш өөрийн оролцоог үгүйсгэх болов.

Энэ удаа хөдөө явж байсан, гэртээ зурагтгүй учраас мэдээгүй гэлтэй нь биш, үгийн далимд Тагнуулынхныг буруутган толгой сэгсэрнэ. Харин ажиллагааг удирдсан хурандаа удалгүй нас барсан гэсэн байх аа. Хууль бусаар хүн хулгайлж авчраад эрүүдэн шүүж, тамлан тарчилгаж байгаад үхүүлсэн явдал олон улсын хэмжээнд скандал боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *