Categories
мэдээ нийгэм

“Хүрээлэн”, “Ертөнц” төслүүд хамтарна

Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх “Хүрээлэн” төсөл болон үндэсний хөгжмийн шилдэг контент бүтээж, цуврал цомог хийж буй “Ертөнц” төслийнхөн хамтран ажиллахаар болжээ. Өчигдөр энэ тухай санамж бичигт “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, “Ертөнц” төслийн удирдагч, хөгжмийн найруулагч М.Болд нар гарын үсэг зурлаа.

Бид үндэсний шилдэг контент бүтээх чиглэлээр бие биеэ дэмжин ажиллахаар болж байна. Бүтээл, бүтээгдэхүүн маань арай өөр ч зорилго чиглэл нэг болохоор үр дүнд хүрэх нь гарцаагүй гэж “Ертөнц” төслийг хэрэгжүүлэгч “Bros records” студийн захирал М.Болд онцолж байв. Харин “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг бэлтгэдэг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн У.Ганбаяр “Хамгийн эхний үр дүн гэвэл телевиз үзэгчид маань бидний авсан байгаль, амьтдын зураг, дүрсийг “Ертөнц” цомгийн хөгжмийн албан ёсны эрхтэйгээр үзэх болно. “Ертөнц” бол 2013 оны хамгийн их борлуулалттай цомог шүү дээ. Цаашид бид хамтарсан үзэсгэлэн, тоглолт, аялал зохион байгуулах, DVD цомог, multi media контент бэлтгэх чиглэлээр ч хамтрахаар төлөвлөсөн” гэв.

“Хүрээлэн” төслийнхөн ирэх 2016 онд Монголын байгаль, зэрлэг амьтдын зураг авалтынхаа үр дүн болох бүрэн хэмжээний 4 баримтат кино хийхээр зорьж байгаа аж. Тус нэвтрүүлгийг Төрийн банк эхнээс нь дэмжин албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд энэ онд ч мөн “Эко боловсрол олгох аян”-аа үргэлжлүүлэхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *