Хүй долоон худагт болж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын гол үйл ажиллагаа буюу цам харайх ёслол эхэллээ.
Үүний дараагаар Үхээрийн эзэд буюу хохимой нар цамнана. Тэднийг хон хэрээ дагасан байх ба хэрээ ариун тахилд хүрч бузарлахыг оролдох бөгөөд хохимой түүнийг хамгаалж буй дүр үзүүлэн бүжиглэдэг.
Энэ үед хөгжим улам чанга сүртэй болж Хуушин хаан найман хүүхдийн хамтаар гарч ирнэ. Тэд хуран цугласан олныг баясгагч дүрүүд юм. Тэдний дараа шашны хамгаалагч бурхад буюу зовлонгоос гэтэлгэгч Гомбо, эд баялгаар хангагч Намсрай, шашны хамгаалагч эм бурхан Лхам, дайчин тэнгэр Жамсран, тэдгээрийг дагалдагч Буга толгойт Шива, Үхэр толгойт Махиа нар гарч ирнэ. Тэдний бүжиг маш хурц ширүүн байдаг.
Үүний дараа цамын бүжигт баг зүүдэггүй дүр болох Хар малгайт шанагууд цамнаж, шашныг үүрд хамгаалах ам тангараг өргөсөн таван хааныг урин зална. Таван хааны богинохон маш ширүүн бүжгийн дараагаар Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо гарч ирнэ. Бухын толгой бүхий багтай бөгөөд нэг гартаа тэрсүүтнийг барих цалам, нөгөө гартаа дүүрэн цустай гавал аяга барьсан байна. Түүнийг гарч ирснээр цам бүжгийн хамгийн оргил хэсэг эхлэх бөгөөд цамын талбайн голд байрлах сорыг тойрсон 2 тойрог үүсгэн бүжиглэнэ. Дотор тойрогт гол догшин бурхад, гаднах тойрогт шанага малгайтнууд бусад дагалдагч бурхад байх агаад бүх сорыг гурван удаа тойрч эргээд “Ансол” хэмээх ном уншина. Үүний дараа анх гарч ирсэн эрмбээрээ анх гарч ирсэн дугандаа залрах бөгөөд лам нар сорыг дүрэлзэж буй гал руу хийн шатааснаар ёслол өндөрлөх юм.