Яг одоогийн байдлаар улсын баяр наадмаар хурдан морь унах 425 хүүхэд цахим бүртгэлд хамрагдаад байгаа гэнэ. Өчигдрөөс эхэлсэн уг цахим бүртгэлд Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хүй долоо худаг зэрэг 10 цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэж байгаагаараа онцлог юм. Уяачид хурдан морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирэн цахим бүртгэлд хамруулах аж. Хурдан морь унаач хүүхдүүдийг ийнхүү цахим бүртгэлд хамруулснаар хүүхэд бүрт дугаар олгогдож, хэдэн наснаас эхлэн хэдэн жил морь унаж байгаа, оролцсон уралдааны мэдээлэл, гаргасан амжилт зэрэг бүх мэдээллийг хянах боломжтой болж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэх ажээ. Хурдан морь унаач хүүхэд уралдаанд оролцохдоо заавал хамгаалалтын хувцас өмсөж, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй ажээ.