Categories
мэдээ нийгэм

​Хурдан морь унаач хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг болонахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат, захиргаа санхүү, хэлтсийн дарга Г.Мөнхнасан нар Үндэсний баяр наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор уралдаанч хүүхдэд тавигдах шаардлага болон бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулах аж.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Энэ жилийн Үндэсний баяр наадмын зохион байгуулах түр журмыг баримтлан манай байгууллага ажиллана. Жил бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтийг хангах, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Бид 2018 оноос уралдаанч хүүхдийн хурууны хээгээр бүртгэж эхэлсэн. Энэхүү бүртгэлийн системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийг бүртгэх, хүүхдийн сурч боловсрох,эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хориглосон ажлын байр зэрэгхүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, уяач болон морины эздийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг газарзүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран хянах боломжийг олгож байгаагаар давуу талтай юм. Манай байгууллагын “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн нэгдсэн сан”-д 2019 онд давхардсан тоогоор 10485 унаач хүүхэд бүртгэгдсэн.

Уралдааны асуудлаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал, хичээл хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил гарахгүй байх зэрэг асуудлуудаар жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэг дэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэлтсүүд хяналт тавин бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг энэ жил зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 9-ныг хүртэл 21 аймаг болон нийслэлд хийнэ. Аймаг, нийслэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн байранд бүртгэлийг өглөөний 8.30-20.00 цагийн хооронд бүртгэнэ. Мөн хүй долоон худагт долоодугаар сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд бүртгэнэ.

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага:

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд: Уг даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах зохион байгуулалт хийсэн. Ингэхдээ:

  • Суурь хураамж нь 100,000 төгрөг
  • Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ хүртэлх төгрөг байна.

Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжих юм” гэлээ.

Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг “Уралдаанч хүүхдийн бүртгэл нь хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд бусад эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой тул уралдаанч хүүхдүүдэд заавал стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж уралдаанд оролцуулах чиглэлийг 9 дүүрэг, 21 аймагт өгсөн. Мөн 21 аймаг есөн дүүрэгт цахим бүртгэлийн тусгай төхөөрөмжийн нөөц, картыг бэлдэж, хүргүүлж байгаа тул бэрхшээл гаргахгүй байхаар ажиллаж байна.” гэв.

Гэр бүл, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “2020 он гарснаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ хориглосон тогтоолыг зөрчиж, жижиг үсэргээ, сунгаа зохион байгуулсан 17 уяачдад хариуцлага тооцсон” гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат “Бидэнтэй хамтран ажиллахаар СЗХ-ноос 11 даатгалын компани бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн даатгалын компани манай шаардлагыг хангаж байгаа. Тэрхүү дөрвөн даатгалын байгууллага нь Миг, Номин, Монгол, Бодь даатгал байна. Ер нь бүх даатгалын компаниуд бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй. Түүнчлэн морин спорт уяачдын холбооноос бүх сумдад уяачдаа программд бүртгэсэн бөгөөд энэ нь уяачдыг хариуцлагажуулж, хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах ажил гэж үзэж байна” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *