“Хурд” хамтлагийн бэлтгэлийн байр Хан-Уул дүүрэгт байрладаг. Бэлтгэлийн байрны гадаах хаалгыг хөнгөхөн гүйлгэж ороод цардмал замаар “Тэнгэрийн байдал бишдэх нь ээ. Цасаар шуурах нь дээ” гэж ойр зуураа ярилцан алхаж байтал зүүн гар талаас, навчис нь хийссэн модод дундах саравчнаас тус хамтлагийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Төмөрцог гараад ирлээ. Тамхилангаа гадаалсан бололтой. Мэнд мэдэлцээд дотогш орлоо. Бэлтгэл нь эхлээгүй байна. Монгол Улсын гавьяат жүжигчин, гитарчин Д.Отгонбаяр хамтлагийн арын албаныхантайгаа хөгжмийн дуугаралт, тохируулга, цахилгааны утас гээд бэлтгэл ажлаа базаана. Гавьяат жүжигчин, дуучин Д.Төмөрцог буюу Цогоо бэлтгэлийн өрөөний зүүн гар тал дахь өндөрхөн сандал дээр суугаад сэнжтэй аяганаас халуун юм ойчлонгоо гар утсаараа юм сонирхож байгаа бололтой хуруугаараа дэлгэцийг нь хичээнгүйлэн гүйлгэнэ. Д.Отгонбаяр гитараа дуугаргаж янз бүрээр оролдож “Адаптер, залгуур нь болохгүй байна. Сольж үзэх үү. Агуулахад байна уу, хар даа, Даваа аа” гэж нэг хүнийг дуудна. Техникийн ажилтан Даваа гэх ажлын хувцастай эр хүрч ирээд сейфээ ухаад хайж байсан юмыг нь олоод өгчихөв бололтой.
Бэлтгэл эхлэхийн өмнө техник хэрэгслээ бэлтгэнэ, хөгжмийн зэмсгийн хөг аяыг нь тааруулна, кабель утсыг нь эмхэлж цэгцэлнэ гэж нэлээд том ажил байдаг юм байна. Тэднийг хөгжмөө ийн бэлдэж байх зуур дуучин Цогоотой жаал юм ярьдаг юм уу гээд хоёр, гурван ч удаа дөхөж очвол ер тоож байгаа шинж алга. Утсаа хараад л халуун юм ойчлоод суугаад байх. Хүн тав тухаа олоод ганцаараа сайхан төвлөрч байхад хажууд хүн ирээд юм ярих гээд байхаар заримдаа яршигтай санагддаг даа. Тийм сэтгэгдэл төрүүлчихдэг юм болов уу хэмээн жаахан харж зогслоо, сиймхий гарвал дөхөж очъё гээд амдаж байгаа царай минь. Бэлтгэлийн байранд 15, 16 хүн байхад дуучин Цогоо хэнтэй ч, юу ч ярихгүй өнөө л суудгаараа суусаар. Нөгөөдүүл чинь нэг их байн байн очиж үг солиод ч байхгүй юм.
Харин гитарчин Д.Отгонбаяр баахан л хүн тойруулаад хөгжмийн тохиргоо, утас кабель утасны асуудлаа ярьсаар. Гитарынхаа утсыг сольж, гитараа нэг залгаж үзээд дуугаргаснаа юу нь гэнэ үү нэг юм нь цаана сонсогдоод байна, хуучныг нь тавиад үзье гэнэ. Тэгэнгүүт л эргэн тойронд нь байсан залуус гитарыг нь аятай дуугаргах багаж зэвсгийг нь олж ирээд дахин шинээр тохируулна. Энэ бүхнийг харжээ зогсохдоо бэлтгэлийн байрны хана, тааз, булан тохойд дэлгэсэн, өлгөсөн үзмэрүүдийг сонирхлоо. Үүдээр оруут баруун гар талд гал тогооны хэсэг байна. Богино долгионы зуух, хийн тулга, баллонтой хий, битүү чанагч, тогоо, хөргөгч гээд хоол унд хийх бүхий л хэрэгсэлтэй. Гал тогооны хэсгийг өнгөрөхөөр хананд нь “Хурд” гэсэн бичигтэй хоёр богино цамц, үнэг, шувууны чихмэл, “Хурд” хамтлагийн гаргасан цомог, өргөмжлөлүүд өлгөөтэй. Булангийн буйдангийн арын хананд хамтлагийнхаа гаргасан цомог, Алтан пянз, хөгжмийн наадмуудаас авсан шагнал, тоглосон бүх тоглолтын тасалбарууд, “New York times” сонины хайлчилбар байна. Голын хоёр баганыг тойруулаад ширээ сандал байрлуулчихаж. Эхний баганы хажууд байрлуулсан дугуй булантай ширээний дээр ан амьтдын чихмэл өлгөөтэй. Эдний хамтлагийнхны отгон дүү Д.Дэрмээгийн нэг хэсэг ан ав сонирхож байхдаа хийсэн чихмэлүүд бөгөөд заримыг нь сонирхлоороо худалдаж авчраад энд тавьжээ. Дараагийн баганы хажууд цайны ширээ, сандал, ус буцалгагч, кофе, цай, элсэн чихэр зэхсэн цайны булан байх аж. Хөгжимчид хөгжим зэмсэг, аппаратаа янзлах зуур бусад нь энд сууж халуун юм ууцгааж, гар утсаа цэнэглэнгээ хөгжим сонсч толгой, хөлөө хэмнэлд нь тааруулна тэрүүхэн тэнд хөдөлгөнө. Хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяр ах нь гадагшаа ажлаар түр явжээ. Ахынхаа эзгүйд дүү нар нь хуваарь ёсоор бэлтгэлээ базаасаар байгаа нь энэ. Товлосон цаг нь болж хамтлагийн гишүүд нэг нэгээр цуварсаар орж ирлээ. Аргил, басс, соло, банзан гитар энд тэндгүй дуугарна. “За одоо эд нар ч дуулж хөгжимдөөд амьд тоглолт үзэх нь” гэж бодтол бас нэг юм нь яачихав гэнэ үү болохоо байгаад хуучныг нь зөөж тавья гээд хоёр давхар чанга дуугаргагч шиг юм дамжлаад байрыг нь сольчихлоо. Нэг гитарыг дуугарахын тулд энэ мэт хэд хэдэн төхөөрөмжинд холбодог бөгөөд энэ бүхнийг нь цахилгаанд холбоход мөн тусгай адаптер хэрэгтэй. Тэр зуур энд хичнээн гитар, хөгжмийн зэсмсэг байна вэ гэж тоолж үзлээ. Бас хичнээн кабель утсаар тоног төхөөрөмжүүд холбогдож вэ гэдгийг ч сонирхлоо. Бүдүүн кабель утас 40, 50 ширхэг байв уу даа. Гэхдээ тэр кабелиуд маш эмх цэгцтэй. Хоорондоо зангирч холилдоогүй, эвхээстэй. Аль нэг кабелийг салгалаа гэхэд хэн нь ч байсан нямбайлан эмхэж тавина. Кабель утсууд дээр гишгэхгүй. Яагаад ч юм “Хурд”-ын бэлтгэлийн байранд тэг ингэ гэж тусгайлан наасан дүрэм журам байхгүй ч олон жилийн турш хэвшиж, дадсан үйлдэл нь ингэж хууль мэт үйлчилдэг ч юм шиг санагдлаа. Соёл, урлагийн их сургуулийн үүдээр явахад л орилж, хашхирч, ганцаараа ярьж дуулсан оюутнууд байдаг. Дотогшоо нь орвол бүр ч дуу чимээтэй. Урлагийн байгууллагыг Соёл, урлагийн их сургуулийн тэр дуу чимээнээр дан төсөөлж болохгүй юм байна лээ шүү. “Хурд”-ын бэлтгэлийн байр хэдийнэ бэлтгэлийн гэх нэртэй боловч энд дүү нар нь ах нараа хүндэтгэсэн, ах нь дүү нараа хүндэтгэсэн харилцан хүндэтгэл ноёлсон газар юм гэдэг нь ойлгогдоно. Олон жилийн турш өдөр болгон хийж ирсэн ажил учраас нэг нэгэндээ зааж зааварлаад загнаад байх юм огт олж харсангүй. Харин зөвлөлдөж, ярилцаж инээлдсэн л хүмүүс байх. Хөгжимчин нь хөгжмөө, гитарчин нь гитараа, дуучин нь дуугаа л мэдэж байх ёстой. Хоорондоо ч төдийлөн ярихгүй, тус тусын бэлтгэлээ базаасаар. Дуучин Д.Төмөрцог өнөө л янзаараа сандал дээрээ суусаар ямар нэг юм ширтэнгээ халуун юм ойчилсоор. Кофе юм уу, байхуу цай юм уу аль эсвэл буцалсан ус юм уу, чухам юу ууж байгааг нь мэдсэнгүй. Бие нь энд ч сэтгэл оюун нь алс хол, өөр газарт байгаа юм шиг нэг тийм бясалгал хийж байгаа төрхтэй. Чимээгүй, нам гүмхэн. Тэр олон хөгжим, олон хүн байхад ганцаараа тэгж аглагт оршиж байгаа мэт сууна гэдэг бас тэвчээр, чадвар шүү.
Бэлтгэлийн өрөөний хойд хэсэгт дуу бичлэгийн студи нь байрлана. Хамтлаг дуучдын хувьд бэлтгэлийн байр шиг чухал юм үгүй. Дуугаа нэг газарт давтчихаад өөр газарт очиж бичүүлдэг. Харин “Хурд” хамтлагийн бэлтгэлийн байр, дуу бичлэгийн студи нь нэг дор учир цаг алдахгүй.
Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “Бид энэ байранд бэлтгэл хийгээд арван жил болж байна. Энэ байрыг дээр үед иргэний хамгаалалтын зориулалтаар функер хийх гээд бэлдэж байсан юм билээ. Энд тэнд шороо овоолоод том том хоолой татаад орхичихсон байсан. Тэгээд бид бүх шороог нь зөөж гаргуулаад албан газартай нь яриад барилгын нэг бригад оруулж засвар хийлгэж нэлээд цаг хугацаа зарцуулж байж бэлтгэлийн байраа босгосон доо. Хамтлагийн бэлтгэлийн газар, урлагийн хүний ажлын байр гэдэг бол нэг номерын хамгийн чухал юм. Цэвэр оюуны бүтээл гаргаж байгаа учир орчин маш их чухал, бидэнд. Үүнээс огт өөр орчинд гитараа тоглоод юм хийгээд сууна гэдэг бол миний төсөөлөлд байхгүй. Энэ бол бидний хоёр дахь гэр” гэлээ. Монголчууд бидний хувьд нүүдэл гэдэг зүйл их утга учиртай. Айл гэр болж анхлан гал голомтоо бадрааж байсан анхны гэсэн бүхнээ ихэд нандигнаж дараагийн шинэ байр сууцанд шилжин амьдрахыгаа дэвжин дээшилж байна хэмээн билэгддэг. “Хурд” хамтлаг ч мөн адил энэ байрандаа ирэх хүртлээ тав зургаан удаагийн том нүүдэл хийжээ. “Хурд”-ын нүүдэл “Хүрд”-ийн заалнаас эхэлж байсан нь сонин шүү. Энэ талаар Д.Отгонбаяр “Манай хамтлагийн бэлтгэл 1993 оноос сантехник, угсралтын “Хүрд” компанийн нэг заалнаас л эхэлсэн юм. Хурлын заалнаас шүү дээ. Түүнээс хойш их олон газраар явлаа даа. Дандаа л ямар нэг байгууллага түшсэн. Урлагийн хүний амьдрах байр, оюуны бүтээлээ хийх байр, бэлтгэх байр бол хамгийн чухал. Цэгцтэй, цэмцгэр, цэвэрхэн байх ёстой. Энэ бол “Хурд”-ын зарчим. Гаднаас хүн ороод ирэхэд манай хамтлагийн юу хийж ирсэн нь шууд мэдрэгдэж, харагдаж байдаг. Авсан гавьяа шагналуудаас эхлүүлээд эдэлж хэрэглэж байгаа эд зүйл. Миний 51 дүгээр сургуульд 1989, 1990 онд тоглож байсан соло гитар маань хүртэл өлгөөтэй байх жишээтэй. Энэ бүхэн бол эргээд түүх юм” гэлээ.
Бэлтгэлийн байр руу орж ирэхэд үүдэн хэсэгт таазнаас өлгөчихсөн “Welcome” гэсэн бичиг нь рок хэв маягтай. Энд тэнд сонин содон, рок хэв маягийг илтгэсэн элдэв эд зүйл өлгөөтэй, наалттай. Ингэж юм цуглуулж, байраа тохижуулсан нь Д.Ганбаяр ахынх нь санаачилга, хобби гэнэ. Дүү нар нь санаагаа хэлнэ үү гэхээс тохижилтын ажлыг ах нь өөрөө гардаж хийдэг юм байна. Урлагийн газар хөл хөдөлгөөн ихтэй, орж гардаг хүн олон болохоор хотын төвд байртай байхад бэлтгэлийн дундуур хүн амьтан тасрахгүй. Найз нөхөд, хамт олон, урлагийнхан гээд салбарын хүмүүсээс эхлүүлээд шүтэн бишрэгчид нь тасрахгүй. Тийм болохоор хотын төвөөс жаахан зайдуу, Үйлдвэрийн раойнд бэлтгэлийн байртай болсон нь энэ юм байна. Энэ нь ч онож гэж хэлэхээр. Дотогшоо оронгуут гар утасны сүлжээ унадаг учир бэлтгэл саатна, бэлтгэлийн дундуур гар утас дуугарна гэх зовлонгүй. Тэр хэрээр ажил нь сайн амжина.
“Хурд” бол ямар нэгэн байгууллага, компанид харьяалагддаггүй, чөлөөт уран бүтээлчид. Тэдний хувьд өдөр болгон бэлтгэл хийх, хийхгүй нь өөрсдийнх нь дурны асуудал. Тэд өглөө хуралд суухын тулд цаг нартай уралдаж, орой тарахдаа хурууны хээ уншуулдаг машинд хуруугаа дүрдэггүй. Ажилдаа ирсэнгүй гэж загнадаг дээрээ ямар нэгэн албан тушаалтан, даргагүй. Тийм байтал “Хурд”-ынхан өдөр болгон бэлтгэлийн байрандаа цуглана. Өглөө 11 цаг гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирчихсэн байдаг. Хагас, бүтэн сайны амралт гээд тал тал тийш тараад явдаггүй гэнэ. Мөн л бэлтгэлийн байранд ирцгээж уран бүтээлийн ажлаа яриад гарна. Тийм ч болохоор “Өдрийн сонин”-ы нэгэн дугаарт “Хурд”-ын философи” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдэж байсан билээ. Уг нийтлэлд “Хурд” хамтлагийн амжилтын үндэс нь уйгагүй, үнэнчээр тасралтгүй хөдөлмөрлөдөгтэй холбоотой. Ард түмэндээ дуу хуураа хүргэх нь эргээд өөрсдийнх нь амин зуулга, амьдралтай шууд холбоотой учир түүнийгээ ухамсарласны үндсэн дээр 25 жилийн турш ганц ч өдөр бэлтгэлээ умарталгүй, бэлтгэлээ хэцүү байна гэж тарж зугтаж, шантарч алга болоогүй. Үүнийг “Хурд”-ын философи хэмээн гэж бичсэн байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ нийтлэлийг “Хурд”-ынхан уншиж, өөрсдийнх нь тухай онож хэлсэнд талархаж байгаа илэрхийлцгээв.
Энэ үеэр гитарчин Д.Отгонбаяраас “Та нарыг өглөө хэн ч дуудаагүй байхад, ирж ирцээ бүртгүүл, хурууны хээгээ уншуул гэж албадаагүй байхад юу энэ байр руу та нарыг ирүүлээд байдаг юм бэ” гэж асуувал “Биднийг ирүүлээд байдаг юм ерөөсөө л гитар. Хөгжим. Бид үүндээ дуртай байна. Аливаа нэг юманд хүн тууштай байна гэдэг хамгийн том тэвчээр. Тэвчээртэй байх хэрэгтэй. Би нийтдээ 27, 28 жил гитар тоглож байна шүү дээ. Магадгүй хааяа стрессдэх үе байдаг. Аая, гитар барихаас ч ёо ёо гэж ёолмоор үе байдаг шүү. Тэгсэн мөртлөө л цаанаа нэг тийм далдын нэг юм, далдын нэг хүч байдаг юм. Тэгээд наашаа өөрийн мэдэлгүй орж ирж сууж гитар дуугаргадаггүй юмаа гэхэд ажил төрөл ярьж байгаад гараад явахаар ажлаа хийчихсэн мэт сэтгэл төрж, тэр өдөр сэтгэл ханадаг. Нааш ирэхгүй болохоор нэг л юм дутагдаад байх шиг болдог. Энүүгээрээ ороод гарахдаа бүгдээрээ нэг уулзаад учирчих ёстой ч юм шиг. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа хайртай, үнэнч, дуртай болохоороо л наашаа ирээд байдаг. Тэгээд л нэг мэдсэн чинь 25 жил болсон байна шүү дээ” хэмээн бахархах баярлах хослуулан ярингаа бэлтгэлийн өрөөнийхөө хоймор дахь “Хурд” гэсэн бичиг бүхий хэсэгт очиж ховор нандин эд зүйлсээ танилцууллаа. “Цэргийн бодол” дууг 1978 онд ууган ах Д.Ганболд нь цэргийн албан байхдаа зохиож байжээ. Өнөө жил уг дууны 45 жилийн ой тохиож байгаа. Ахтай нь хамт цэргийн алба хааж байсан нөхөд нь “Цэргийн бодол” дууны үгийг жаазлаад “Хурд”-ынханд гардуулжээ. “БНМАУ-ын НАХЯ-ны хязгаарын ба дотоодын цэргийн дугаар ангийн 1977, 1978 оны дайчдаас “Хурд” хамтлагийн дүү нартаа” хэмээн зориулаад ахтай нь хамт албаж байсан онжавууд нь нэрээ дурайтал бичиж дурсгажээ. Дуучин Цогоогийн “Цэргийн бодол” дууг дуулахдаа өмсдөг цэрэг шинель нь өлгөөтэй байна. Бэлтгэлийн байрны хана жааз, зураг сэлтээр дүүрэн. Заримыг нь өлгөж амжаагүй учир хана түшүүлжээ. Өдрийн тал хүлээсэн бэлтгэл бөмбөрчин Д.Отгонбаатарын гурван цохилтын дохиогоор сая эхэлж цахилгаан гитарын галтай хэмнэл дор “Миний найз миний дайсан”, “Чамайг зорино” дууны дан хөгжим цангиналаа. Дараа нь “Акустикаа нэг явъя” гэцгээв. Ганцаараа чимээгүй, юм бодоод сууж байсан дуучин Цогоо босч зогсоод микрофондоо дөхлөө.
Биднийг “Хурд”-ын бэлтгэл дундуур гарч ирэхэд “Жаргалтай хүний нүдэнд нулимс тогтохгүй” дуу эгшиглэж байв.
…Уулзалгүй удвал уйтгарладаг
Уулзвал хэдэн өдрөөр сэтгэл минь өөдрөг байдаг
Хайрт минь чамдаа би
Хайр сэтгэлийн ариун итгэлээ зориулсан.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН