Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Хурд”-ын Д.Ганбаяр: “Аавдаа би хайртай”-г анх Цогоо дуулахыг сонсоод бүгдээрээ уйлж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хурдхамтлагийн ахлагч, бөмбөрчин Дамбын Ганбаяртай ярилцлаа.


-“Хурдбол Монголын рок попын амьд домог болсон хамтлагуудын нэг. Тантай шинэ уран бүтээл хийгээд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудын тухай ярилцахыг хүслээ. “Цэргийн бодол”-оос эхлэх үү?

-“Хурд” хамтлаг байгуулагдаад 24 жил болжээ. Миний бие рок попын ертөнцтэй хувь заяагаа холбож, энэ том айл өрхийн хаалгыг татсанаар 40 дэх жилтэйгээ золгож байна. 1975 онд Төмөр замын хорьдугаар сургуулийн бага ангийн сурагч анх гитар барьж сургуулийн шинэ жилийн баярт оролцож байв. Түүнээс хойш 40 жилийн баярыг урлагийн гал тогоонд угтжээ. Манай хорьдугаар сургуулийн “Ган зам” хүүхдийн хамтлагийн багш Чүлтэмдорж гэж урлагийн төлөө төрсөн сайхан хүн байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд түрүүлсэн Дарханы багшийг хараад яалт ч үгүй Чүлтэм багшийгаа үгүйлэн санагалзсан. Чүлтэм багшийн шавь нараас Ардын дуу, бүжгийн чуулгын Зоригоо гавьяат, “Орь залуус” тэргүүт олон дууны эзэн Янжиндулам, “Харанга”-ын Энхманлай, Одсүрэн гээд авьяастнууд төрж гарсан. “Харанга”, “Хурд” амьд хөгжмийн хамтлагууд өнөөдрийн өндөрлөгт хүрэх хөрс суурийг багш маань бэлдсэн байна. Тиймийн учир ярианы эхэнд багшийнхаа гавьяаг хэлэх гэсэн юм. “Цэргийн бодол” дуу бид бүхнийг түүчээ тогоруу шиг замчилсан, булган сүүлтэй уран бүтээл. Бидний хамгийн том ах Ганболд энэ дууг цэрэгт байхдаа салааныхаа нөхөдтэй хамтарч шүлгийг нь бичин, аялгууг нь хийсэн. Хуучнаар морин тойруулгын тэнд Туулын хөвөөнд байсан хилийн багана, харуулын цамхаг босгох зориулалт бүхий цэргийн хуаранд 1977 онд төрсөн түүхтэй. Дунд ангийн сурагч байхдаа би ахынхаа дуудсан ёсоор цэргийн ангийнх нь шинэ жилийн баярт “Цэргийн бодол” дууны бөмбөрийг тоглоод зогсож байлаа.

Цэрэг би чинь ингэж бодохоор

Цээжин дотор минь гал дүрэлзэж

Цэвэр сэтгэлийн уяа алдуурч

Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэгэх мөрүүд ахын сэтгэлд шууд ороод ирсэн гэдэг. Тэгээд үргэлжлүүлээд бичтэл салааных нь арван хэдэн цэрэг тал талаас санаа оноогоо хэлжээ. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон ийм гайхалтай уран бүтээл болно гэж яахин мэдэх билээ. Шүлгээ бичиж дуусаад ах маань өөрөө аялгуу хийж бужигналдаж байхыг нь ротын захирагч нь мэдсэн байдаг. “Цэргийн бодол” дууны 30 жилийн ойгоор бид баримтат нэвтрүүлэг бэлдэж, энэ уран бүтээл төрөхөд гэрч нь болж, сэтгэл зүрхээ, бодол оюунаа зориулсан ахынхаа онжавуудыг оролцуулж, дууны түүхийг яриулж олонд хүргэсэн. Бид хаана ч очсон үзэгч олон “Цэргийн бодол”-ыг сонсч байж сая нэг санаа нь амрах шиг болдог. Бидэнд ч ялгаагүй уг бүтээлээ сонсгоогүй бол үзэгч олноо нэг юмаар дутуу орхих юм шиг санагдах нь бий. Монголчууд картын бараанд оочерлож байсан, амьдрал тарчиг, нийгэм зэврүүн байх тэр цагт “Цэргийн бодол” дуу олны сэтгэлийг бүлээцүүлж, тайтгаруулдаг байсан болов уу.

-1995 онд Улсын циркт болсонХар салхиконцертыг хүмүүс одоо хэр нь ярьдаг. Монголын рок хөгжмийн түүхэн дэх тэсрэлт гэх нь ч бий?

-“Хурд” хамтлаг наян зургаан онд төмөр замын ажилчин залуус болох Батжаргал, Зоригоо, Тулгаа, Мөнхбат нарын дунд байгуулагдсан түүхийг манайхан мэднэ. Би бол анхны хэдээс үлдсэн бөмбөрчин шүү дээ. Сонирхуулахад, эхний бүрэлдэхүүнд драмын театрын жүжигчин Эрдэнэцэцэг, гавьяат Оюунтүлхүүр нар дуулдаг байсан. Оюунтүлхүүрийн аав Дамдинсүрэн гэж хүн даралтат хөгжимчин байлаа, дүү нь мөн дуулдаг байсан. Хамтлагийн нэрийг “Харанга”-ын Чука, Пүүжээ нарын ах нар өгсөн гэдэг. Гэхдээ бас эргэлзээтэй. Тухайн үед суудлын вагон депогийн дарга байсан Насанбат бил үү дээ, тэр хүн өгсөн ч дуулддаг. Ямар ч байсан “Улс төрийн дууны Хурд” гэсэн хамтлаг байсан. Ерэн хоёр онд миний бие Монголын рок попын амьд домог гэгдэх “Хурд”-ыг жинхэнэ утгаар нь бий болгож, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ хийх ирмүүн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн. Гадны рок хамтлагийн бичлэгүүдийг үзэж, ийм л хэмжээний концерт тоглох юмсан гэх мөрөөдөл надад байсан. Монголын урлаг хэтэрхий поп тал руугаа хазайсан байв. Нэгэн хэвийн тийм байдлыг өөрчилж, урлагт цоо шинэ стиль, хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж тэсрэлт хийхийг эрмэлзсэн. Түүний тод илэрхийлэл нь “Хар салхи” анхны тоглолт байлаа. Амьд хөгжимчид гэдэг чинь тайзан дээр нэг л тийм бадрангуй, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дайчин эрэмгий байдгийг өнөө л гадны шилдгүүдээс харна шүү дээ. Хөгжимчид наад зах нь бүдүүн, хөдөлгөөн муутай хүмүүс байж болохгүйг хүртэл ойлгож байгаа юм. Эстрадын урлагийн хөдөлгөөнгүй байдлыг эвдэх гэж маш удаан хугацааны бэлтгэл хийсэн. Үндсэндээ амь амьдралаа зориулсан байхгүй юу. “Чоно”, “Хар дарсан зүүд”, “Харанхуй”, “Хар салхи”, “Алив бос”, “Миний Монгол” зэрэг дуу бидний тогтсон хэв маягийг эвдэх гэж шинийг эрэлхийлэн зүтгэсний хүчинд гарсан уран бүтээлүүд.

Нэгэн түүх сөхөхөд, “Хар салхи” концертоос өмнө буюу ерээд оны эхээр Спортын төв ордны “А” зааланд “Харанга”, “Айзам”, “Өргөө”, “Залуус” хамтлагуудын нэгдсэн тоглолт болж, шилдгийг нь тодруулахаар “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат, Зундарь нарын аваргууд шүүж байсныг би мартдаггүй. Тэр харин жинхэнэ тэсрэлт гэдэг чинь болсон юмдаг. Уран бүтээлийн ид оргил үе дээрээ байсан “Харанга”-ынхан түрүүлж, түүний араас эрч хүчтэй гарч ирсэн “Хурд” орж байлаа. Тэрхүү түүхэн дүрс бичлэгийг Төмөр замын “Сарны өртөө”-гийн Энхсайхан гэж хүн хальсанд буулгасан юм. Өнөөдөр тэр хүн бидний дунд алга. Сүүлд дүүтэй нь уулзахад тэрхүү бичлэг байгаа эсэхийг мэдэхгүй байна лээ. Гавьяат Б.Дашдондог туранхай бор хүү анх тайзан дээр дуулж байсан гээд бодохоор эртнийх байгаа биз.

-“Хурдхамтлаг дүүлэн гарч ирэхэдХаранга”-ын нөлөө их байсныг хэн хүнгүй хэлдэг. Танай хоёр хамтлаг хамтарсан тоглолт ч хийж байлаа?

-“Харанга” хамтлагийн гишүүдээ би дотнын ах нар минь гэж хүндэтгэдэг. “Харанга” байгаагүй бол “Хурд” байх эсэх нь эргэлзээтэй гэж би нэгэнтээ хэлж байсан. Биднийг анх гарч ирэхэд Харангынхан “Бидэнтэй өрсөлдөх хэмжээний хамтлаг гарч ирлээ” гэж талархан хүлээж авсан нь хамгийн том гавьяа юм. “Харанга рок” гэсэн төв хамтлагийнхаа дэргэд байгуулж биднийг угтаж авсан даа. “Хурд”-ын шинэ бүрэлдэхүүнийг байгуулахад хоёр хүн маш их гавьяа байгуулсныг онцолж хэлэх гэсэн юм. “Өргөө”-гийн Волоож ах байна. Энэ хүн манай Отгонбаярыг хажуудаа авч бэлдсэн. Гитар хэрхэн тоглохыг заасан. Бөмбөрчнөөр ч бэлдсэн. Отгонбаяр, Нааяа хоёр чинь дөнгөж аравдугаар анги төгссөн банди нар байлаа шүү дээ. Тэднийг өдий зэрэгт хүрэхэд гавьяат Волоожийн дэг сургууль ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мөн “хоовон” Энхбаяр ах байна. Бид бол хөгжмийн мэргэжлийн сургууль дүүргээгүй, ямар ч дипломгүй хүмүүс. Хурдынханд хөгжмийн боловсрол эзэмшихэд гол анхаарлаа хандуулж, чин зүрхнээсээ бидний төлөө байсаар ирсэн Энхбаяр гавьяат юм. Рок попын энэ л хүмүүсийн хүчинд “Хурд” өнөөдрийнхөө өндөрлөгийг авсан. Түүнээс бид арал дээрх “Робинзо Крузо” нар шиг байгаагүй юм. Харин Монголын рок хөгжмийн урлагт бидний гаргасан зам мөр, орон зай өнөөдөр үгүйлэгдэж байна. Авьяаслаг залуу уран бүтээлчид, дүү нар гарч ирж байна гэж тухайн цагт баярлаж байсан. Харамсалтай нь тэд ямар ч шинэ зүйл хийсэнгүй. Гадныхныг цэвэр дуурайж, хуулж байна. Үүнд сэтгэл дундуур, урамгүй байдаг.

-“Нисванистэргүүтэй рок хамтлагууд байгаа биз дээ?

-Рок хөгжимдөө үнэнч яваа “Нисванис”-аас нэрлэлгүй яахав. Уран бүтээлийн хувьд багагүй хугацаанд рок хөгжмийн нэр нүүр болж явсан. “Булсара”, “Лемонс”, “A Sound” гээд хамтлагууд гарч ирж байсан. Гэтэл сүүлийн арван жил рок хөгжмийн урсгалд тийм нэг зааг бий болчихсон юм. Одоо бүр том ангал болсон нь аймшигтай. Америк, Англи, Германд рок хөгжмийн шинэ урсгал чиглэлийн хамтлагууд төрөөд л, үндэснийхээ урлагийг баяжуулж цус сэлбэж байна. Харин Монголын хамтлагууд миний дээр хэлсэнчлэн гадныхны хуулбар болчихож. Монгол үндэсний онцлог алга. Манайхан монгол хамтлаг, монгол урлагийн онцлог, утга агуулга гэхээр морин хуур, хөөмийгөө хэлэх юм. Тэгээд л бүгд ижил түвшинд хуурдсан, хэхэрч орилсон хүмүүс боллоо. Одоо хар л даа, язгуур урлагийн хамтлагууд гээд бүгд л хуурдсан, хэхэрсэн хүмүүс байгаа биз дээ. Зүй нь бол хөгжмийн шинэ урсгал чиглэлийг монгол үндэснийхээ онцлог, сэтгэлгээнд тааруулж, үндсэндээ монгол хөрсөнд тарьж ургуулан шинэ бүтээгдэхүүн гаргахыг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Би тийм эрэлхийллийн төлөө 40 жил зүтгэсэн байна.

Хайдавын Чилаажавын шүлэгАавдаа би хайртай”, мөнЭэждээзэрэг олон уярмаар сайхан дууны хөгжмийг бичсэн Ишхүү гэж авьяаслаг нэгэн байлаа. Танай хамтлагийнхны дурсахгүй өнгөрч боломгүй хүний нэг мөн гэж санана?

-Өвчин гэдэг хэцүү юм билээ. Ишхүү маань уушгины өвчнөөр өнгөрсөн юм. Галдны нөлөөнөөс болж уушигны бяцрал гэгч болсон. Уран бүтээлээ хийж байхдаа ам хамраас нь цус садраад ирдэг байсан. Хамгийн сүүлд би нэгдүгээр эмнэлгийн сэхээнд хүргэж өгсөн. Тэрхүү авьяас билигт сайхан залууг тэгээд явчихна чинээ огтхон ч бодоогүй. Монголын эстрад урлагийн том аялгуу, авьяасын шавхагдашгүй нөөц, үүр уурхай ингээд явчихлаа гэж үү дээ хэмээн бодоод үнэндээ маш их харамссан. Ишхүү анх Өвөрхангайгаас манай хамтлагт дуучин болъё гэж ирсэн хүн. Тэр чинь ерэн гурван он. Цогоо хамтлагт ороогүй байсан үе. Рок хөгжмийн дуучнаар нэг л болж өгдөггүй, яая гэж байтал мань хүн хөгжим бичдэгээ хэлж, “Ээждээ” хэмээх дуугаа дуулж өгч билээ.

Толгодыг даваад шувууд буцлаа, ээж ээ

Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм

Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор

Холдоод байх шиг …” хэмээх дуу нь бид бүхэнд шууд л таалагдсан. Ингэж уран бүтээлээрээ танилцсан. Дараа нь Чилаажавын “Аавдаа би хайртай” хэмээх утга яруу сайхан шүлэгт Ишхүү ямар гоё аялгууг хийснийг ард түмэн мэднэ. Уг дууг Радиогийн фондод бичүүлэхээр очоод студийнх нь гадаа хүлээж суухдаа Цогоогийн дуулахыг сонсоод бүгд уйлж байж билээ. Ишхүүгийнхээ аялгууг нь хийсэн “Аавдаа би хайртай” дууг миний бие дуулах бүртээ, сэтгэлд үг аялгуу нь ороод ирэх бүрийд хамар шархираад явчихдаг. Ер нь би өөрөө гэлтгүй ижий аавын, эх орны тухай дуунуудыг хаана ч очиж дуулна, үзэгч олон хамт дуулж, харийн нутагт суугаа монголчууд минь эх орон, ижий аав, амраг ханиа санагалзан уйлж нэг л халуун дулаан орчин бүрдэж, хайр энхрийлэл, Монголоороо бахархсан бахдал төрөөд явчихдаг. Монгол туургатан олондоо уран бүтээлээ хүргэхэд бас л нулимстай сонсоно.

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай

Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай…” гээд эхлэхээр хэн бүгдэд аав нь бодогдох нь мэдээж юм.

“…Ачаа тэнцүүлсэн нүүдэл нь

Амьдралтай минь дэндүү адилхан

Адууны чимээтэй тал минь

Жаргалтай минь дэндүү ижилхэн

Заяагаараа би нутагтайгаа адилхан

Дөрвөөр ээлжлэх улирал нь

Наслахтай минь даанч адилхан

Дөчин есөн бүрд нь хүртэл

Нулимстай минь ижилхэн

Зүрх сэтгэлээрээ би Монголтойгоо адилхангээд дуулахад хүний нутагт монголчууд минь мэлмэртэл уйлна. Монголоо санасан сэтгэл нь бага ч болов тайтгарах шиг болдог. Ингэж энэхэн дэлхий ертөнцийн хаана ч монгол хэлээр ярьж, монгол гэсэн зүрх сэтгэлтэй яваа элэг нэгтнүүдэд “Хурд” хамтлагийн уран бүтээл хүрсэн. Гэхдээ бид хэзээ ч онгирч, омойтож явсангүй. Аав ээжээс өгсөн суурь хүмүүжил гэж нэг том юм бидэнд байдаг. Бид энэ салбартаа шилдэг нь байж уран бүтээлээ брэнд түвшинд хийе. Бусад нь салбар салбартаа шинэ брэндүүдийг бий болгоно. Тэгж байж улс орон хөгжиж дэвшдэг байх.

-“Хурд”-ынхнаас өнөөдөр хоёр ч гавьяат төрөөд байгаа?

-Цогоогоо Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор гавьяат болоход нь ихэд бэлгэшээж байсан. Өнгөрөгч жил Отгонбаяр маань гавьяат боллоо. Монголын урлагт Цогоогийн, Отгонбаярын гавьяа их. Манай Цогоо эцэж цуцашгүй хоолойтой дуучин. Би Цогоогийн хоолойг бурханы өгөгдөл юм даа гэж боддог. Хичнээн ч цаг дуулна яг л эхлээд дуулсан шигээ тэр урт удаан тоглолтын туршид дуулдаг. Тийм цуцашгүй хоолой гэж байх уу. Отгонбаяр авьяаслаг хөгжимчнөөс гадна олон сайхан дууны аялгуу хийсэн уран бүтээлч. “Эх орон” дуу байна. Энэ дуунд нэг л юм дутаад байх шиг байна гэж надад хэлж билээ. Би түүнийг сайн ойлгохгүй, юу юм бол гэж эргэлзэж байтал манай Цогоо “Би дутсан зүйлээ олчихлоо” гэж хэлсэн. Тэр нь ардын жүжигчин Банзарын Дамчаа гуай байсан. “Шижир туяа цацруулан мишээсэн…” хэмээн Дамчаа гуай арааживаар дуулахыг Отгонбаяр сонсож л дээ. Тэгээд л Дамчаа гуайгаар дахилтыг нь дуулуулж байна. “Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй…” гэх Эх орон дууны дахилтын бадаг миний хөгжим юм. Аль тэртээ ерээд онд тийм аялгуу биччихсэн байсан. Дамчаа гуай хоёрдугаар эмнэлгээс ирж “Эх орон” дууны бадгийг харж дуулчихаад “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дууг би яг ийм маягаар Москвад дуулж байлаа. Тэр түүх давтагдах шиг боллоо” гэж нэг их сэтгэл ханамжтайгаар хэлснийг би мартдаггүй юм. Дамчаа гуайн тэр өвөрмөц баргил хоолойг “Эх орон” дуундаа мөнхөлж чадсан нь Отгонбаярын гавьяа. “Номин талст”-ын “Харцнаас чинь би хайрыг мэдрэх юм даа…” гээд эхэлдэг “Зүүдэнд ирэх жаргал” зэрэг олон дууг Отгонбаяр аялгууг нь хийснийг хүмүүс мэднэ байх аа.

Сүүлд танайханНарлаг диваажинцомог дээр ажиллаж байна гэж та хэлж байсан. Харин рок попын том төлөөллүүд маань сүүлд ямар уран бүтээл хийж байна вэ. Чимээ аниргүй байх шиг санагдах юм?

-Монголын рок попын уран бүтээлчид өнөөдөр зүүрмэглэн унтацгааж байна. Тэднийг би нойрноосоо сэрээч, нөхөд минь гэж хэлмээр байна. “Чингис хаан”-ы Жагаа, поп Сараа, Ариунаа энэ хэд бүгд бөөрөнхий хүмүүс шүү дээ. Тэд бусдынхаа хийж бүтээснийг ер нь ярьдаг болов уу. Зөвхөн өөрсдийгөө л боддог хүмүүс. Бусдыгаа уриалсан, уран бүтээлийн цэвэр өрсөлдөөн бий болгосон тийм зүйлийг хийнэ гэж байхгүй. Өнөөдөр ихэнх уран бүтээлч ямар нэг тэмцээний шүүгчээр л залрах болж. “Монголын урлаг бол ийм шүү дээ” гээд цээжээ дэлдэн ярьцгаана. Тэр мундаг шүүгчдийг харин өөрсдийг нь шүүмээр байна. Хоёрхон дуутай хүн “Монголын урлагийг би байлдан дагуулж байлаа” гээд ярихад нь миний инээд хүрдэг. Ингээд яривал олон зүйл байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *