Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хурандаа Ц.Гэндэндаржаа: Хамгаалалт гэдэг чинь дагаж явахын нэр биш DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……

Хоёр дайны галын тэрг үүн шугаманд байлдаж, дараа нь төрийн тусгай хамгаалалтын албаны бүх л салбарт ажиллан, удирдан зохион байгуулж явсан Цогтын Гэндэндаржаа гуайтай ярилцаж байна. Төрийн тусгай хамгаалалтын албаны амьд түүх болсон энэ хүн өнөө жил 91 настай юм.



-Таныг галын шугаманд өнөөх алдарт баатруудтай мөр зэрэгцэн тулалдаж явсан хүн гэх юм билээ. Хоёул эндээс яриагаа эхлэх үү?

-Би Хэнтийн Галшарын уугуул иргэн. Октябрийн хувьсгалтай зэрэг мэндэлсэн ч тэнхимд элсэхийн тулд хоёр насаа дарсан. Жинхэнэ насаараа бол өнөө жил 93 насны сүүдэр элээж. 1938 онд цэрэгт татагдан зүүн хилийн 24 дүгээр отрядад партизан Нясалдагийн удирдлагад алба хааж байлаа. 6,7 дугаар заставт нь.

-Хилийн цэргээр гараагаа эхэлж ээ дээ?

-Тийм шүү. Сүүлд Монгол Улсын баатар цол хүртсэн Чогдон, Жамбаа нарын хүмүүстэй хил дээр зогсч байлаа. Хил тайвангүй, байнгын тагнуул туршуулд ээрэгдэж хүнд үе сэн. Дайсны тагнуулыг хилийн шугамнаас 21 метр дотогш оруулж буудах юм уу, баривчлах үүрэгтэй. Харийн хилд буу дуугаргаж, сум хүргэх учиргүй.

-Та тэгээд тагнуул баривчилж байв уу?

-1938 оны аравдугаар сарын дундуур хил нэвтрэн орж ирсэн дайсны хоёр амьд хэлийг олзолж отряд, заставаасаа шагнуулж байлаа. Нөхөдтэйгээ хамтарч ийм үүрэг гүйцэтгэх явдал жирийн хэрэг л дээ. Хилчин хүний маш нарийн арга ухаан байна.

-Халх голын дайн ямар байдлаар эхлэв? -Манай тагнуулын мэдээгээр Халх голын орчим Япон, Баргын асар их хүч хуралдаж байгаа мэдээ авдаг байлаа. Яг довтлохынх нь урьд өдөр манай ар талаас ч их хүч орж ирсэн. Голдуу Оросын армийнхан. Энд нэг ер бусын тохиолдол боллоо. Дайн хэзээ маргаашгүй эхлэх гэж байтал монгол цэргээс хоёр хүнийг их эмч Полотниковын даргалсан Оросын цэргийн хээрийн эмнэлэгт ажиллуулах боллоо. Тулалдааны тэргүүн эгнээнд явж шархадсан цэргүүдэд тусламж үзүүлэх, аюулгүй нөхцөлд гаргах, ар тийш нь явуулах их хэцүү алба.

-Та яагаад эмнэлгийн албанд тэнцчихэв?

-Нэгд бичиг үсэгтэй. Хоёрт ганц хоёр орос үг мэднэ. Гуравт бие чийрэг, чадал тэнхээтэй байсан байх. Ингэж л Халх голын дайны тэрг үүн шугаманд орж явчихсан даа. Окопонд орос цэргийн хугарсан ясыг боож суулаа. Үүрч дүүрэх, чирч гулдрах алийг тэр гэхэв дээ. Орос, монгол олон аавын хүүгийн аминд орсон гэж бодож явдаг юм. Дайн дуустал фронтын эмч нартай ажиллаж овоо ч мэдлэгтэй боллоо. Фронтын бага эмч болгож билээ. 1945 оны байлдаанд Сангийн далайн VIII отрядад эмнэлгийн албаны орлогч даргаар явж мөн л тэргүүн шугаманд үүрэг гүйцэтгээд буцаж ирсэн.

-Дайн дууслаа. Та цэрэгтээ байв уу. Эмнэлэг рүүгээ очив уу?

-Хувь тавилан бас л өөрөөр эргэсэн. НАХЯ-нд, одоогийнхоор бол төрийн тусгай хамгаалалтын албанд зүтгэж эхэлсэн дээ. Эхлээд Эрүүлийг хамгаалах яам хариуцсан төлөөлөгч байгаад дараа нь маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр тусгай хамгаалалтын обьектуудад ажиллаж эхэлсэн.

-Бие хамгаалагч гэсэн үг үү?

-Үгүй дээ. Төрийн удирдлагуудыг хамгаалдаг олон зүйл байдаг юм. Төрийн удирдлагуудын орон байрны аюулгүй байдал, хоол хүнсний аюулгүй байдал, унаа хө- сөгний аюулгүй байдал, гадны халдлагаас хамгаалах, эрүүл мэндийн аюулгүй байдал гэхчилэн бүхэл бүтэн цогц арга хэмжээ байдаг юм. Гол нь би тэр бүхэнд ажиллаж, гавьяаны амралтанд гартлаа энэ алба үүргийг гүйцэтгэсэн юм.

-Сонин байна. Манайханд төрийн тусгай хамгаалалт гэхээр л дарга нарыг дагаж явдаг хүний тухай буудаг. Тэр, бусад олон хамгаалалтын талаар сонирхмоор байна?

-Төрийн тусгай хамгаалалтын гол газар болох Их тэнгэр, Бага тэнгэр чинь цулгай цагаан газар байлаа шүү дээ. Маршал Х.Чойбалсан нэг өдөр дуудаад “Чи эмч хүн байна. Бага тэнгэрт лаборатори байгуулж дарга нар, зочид гийчдийн хоол хүнсний аюулгүй байдлыг найдвартай хангах арга хэмжээ ав. Ямар байр сав, техник хэрэгсэл хэрэгтэй байгааг судалж үзээд яаралтай мэдэгд. Хөрөнгө мөнгийг нь гаргаж өгнө” гэлээ. Очоод үзсэн чинь нэг жижиг байшин, ганц хоёр гэр. Хэдэн алаг үнээ, цөөн хэдэн хонь байж билээ. Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд, Зөвлөлтийн Элчин сайдад л үйлчилдэг, ойр зуурын шинжилгээ хийдэг газар байсан. Тусгай үйлчилгээний лабораторийг өргөтгөх, шинэчилж тоноглох, мэргэжлийн хүмүүсээр хангах бодлого боловсруулж дарга нарт танилцуулаад одоогийн энэ лабораторийг байгуулж билээ.

-Хэцүү алба байв уу?

-Тэгэлгүй яахав. Өндөр ашиг шимтэй сайн чанарын малтай болгож, хүнсний ногоо тариалахаас эхлээд их зүйл хийсэн дээ.

-Та адуутай нутгийн хүн. Гүү барив уу?

-Галшараас хэдэн сайхан адуу авчирлаа. Гүү барьж, ёстой л арааны шүлс асгаруулсан айраг хийлээ. Шинжлээд ямар ч гэм хоргүй айргаар дарга нарыг хангаж байсан. Тэгсэн чинь гадаадын зочид сонирхож уугаад гүйлгээд болдоггүй. Яамаар юм бэ гэж бодож байсан чинь Намжилд айргийг гүйлгэхгүй болгодог жор байдаг юм байна. Нэг өдөр уулзаад хэлсэн чинь “Чи очоод 50 литр саам буцалгаад хөргөчих” гэлээ. Гүүнийхээ сүүг буцалгаж хөргөчихөөд байсан чинь Намжил ирээд нэг шампанск задлаад хийчихлээ. Битүү таглаад байж байсан чинь төдхөн шуугиад эхэллээ шүү. Ямар ч гэм хоргүй сайхан айраг исч, түүнээс хойш гадаадын зочид төлөөлөгчдийн биед ямар ч гаж нөлөөгүй болсон. Энэ мэтээр олон зүйлийг аргалж үзлээ дээ. Том сайхан лабораторитой болгосон доо.

-Их тэнгэрийн амны тусгай цогцолборыг та бариулсан гэлүү?

-Бариулахыг нь би бариулааг үй юм. Ер нь цулгай газар дээр бид л босгосон. Их тэнгэрт, Ленинтэй уулзсанаа үргэлж хуучилж суудаг ганц өвгөнийх л байсан. Маршал Х.Чойбалсангаас үүрэг авч Ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнө Их тэнгэр цогцолборыг ашиглалтад оруулахаар бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Чойдог гуайн зураг төслөөр Хятадын барилгачид энэ цогцолборыг барьж босгосон. Доторх тавилга төхөөрөмж, материал хангамжийн бүх асуудлыг нь би хариуцаж байсан. Аяга шанага, халбага сэрээ гэхэд л бүгд соёмбо хээтэй, 40 жил гэсэн үсэг бичигтэй захиалж хийлгэж билээ. Дөчин жилийн ойд төлөөлөгчдөө оролцуулах 12 улсын тугны суурийг хүртэл ямар гоёмсог хийсэн гээ. Энэ бүхэн бол төрийн удирдлагуудын аюулгүй байдлыг хангахад зориулагдсан байлаа.

-Та Их тэнгэрийн цогцолбортоо л ажиллаад байв уу?

-Үгүй дээ. Гэнэт нэг өдөр намайг дуудаад Ю.Цэдэнбал даргын комиссар болгочихсон. Ингээд хорин хэдэн жил даргын хамгаалалтад явлаа даа.

-Дарга, авгай хоёрын тухай янз бүрийн л яриа байдаг. Та бол энэ хоёр хүнийг дотор нь орсон юм шиг мэдэх байх даа? -Мэднэ ээ мэднэ. Энэ хоёр хүнийг муу хэлүүлэх дургүй шүү. Насаар бид хоёр ойрхон. Яриа хөөрөө их нийлнэ. Дарга “Чи бид хоёр үе тэнгийнхэн шүү дээ” гэж ярих дуртай. Албанд бол хариуцсан үүргээ хатуу баримтална. Амралт чөлөөт цагаар бол надтай хамт явах дуртай. Элдвийн хууч хөөрнө дөө.

-Даргын хуучилснаас заримыг сонирхуулахгүй юу?

-Цэдэнбал дарга хойно сургууль төгсч ирээд Алтанбулагт явгарчихсан юм билээ. Тэгсэн чинь нэг жолооч сайдыгаа хүргэж ирээд буцах болж. Цэдэнбал тэр жолоочоос “Би сургууль төгсөөд явж байгаа юм. Хот руу намайг аваад яваач” гэж гуйж. Өнөө хүн халгаасангүй. Сайдын машинд хамаагүй хүн суулгаж болохгүй гэж загнаад бараг л хөөж. Цэдэнбал сахиад л суугаад байж. Тэгснээ оройхон “Яасан нойтон хамуу шиг амьтан бэ” гээд суулгаад явсан гэнэ. Хотод оруулж ирээд буулгачихаж. Дарга тэр жолоочийг сурагласаар байгаад “Бух” Ёндон гэгч болохыг мэдээд авч. Цэдэнбал дарга Сангийн сайд, Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэвшээд л байв. Нэг өдөр “Бух” Ёндон жолоочийг дуудсан чинь хүрээд ирлээ гэнэ. Нөгөө хот оруулж ирсэн жаал хүүгээ таньж, тулгамдсан сонин учрал болсон аж. Хэсэг ярилцаад “Та миний жолоочоор ажиллах уу” гэсэн чинь их баярлаж, нас дээр гарснаа учирласан гэнэ. Цэдэнбал дарга “Бух” Ёндон жолоочдоо их л ховор нандин бэлэг өгч буцаасан гэдэг.

-Хүний ач тусыг мартдагг үй хүн байсан гэдэг юм. Үнэн л юм байна даа. Өөр сонин? -Баянголын зусланд ээжийнх нь бас өөрөө нэг жижиг шургааган байшинтай. Салхинд тийшээ гарна. Хоёр хүрэн морьтой. Тийшээ явахдаа заавал намайг авч явна. Нөгөө хоёр хүрнийг унаж салхинд явна даа. Зуны нэг сайхан өдөр бид хоёр морьтой ам уруудаж явсан чинь нутгийн таньдаг айлын гадаа морь машин багшраад, нэг л ёслол болж байх шиг. Дарга “Тийшээ очъё” гэж байна. Би хориглолоо. Таныг энд айл хэсч явсан гээд шуугина. Тэгээд ч энэ олны дунд ямар хүмүүс байгааг бүү мэд. Би зөвшөөрөхгүй гэж хатуу хориглоод аваад явж билээ.

-Таны үгэнд бол орох уу?

-Оролгүй яахав. Хамгаалалтын хэний ч үгэнд орох ёстой. Тусгай хамгаалалт гэдэг бол зүгээр дагаж явахын нэр биш. Тэр хүний аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой. Жаахан л алдаа гаргавал нөхөж баршгүй хохиролд хүргэнэ.

-Дарга, та нарт ч гэсэн хатуу шаардлага тавих уу?

-Тэгэлгүй яахав. Бид чинь ч гэсэн алдаад гишгэчихэж болно шүү дээ. Тэр бүхэнд дарга, хатуу зөөлөн, янз бүрээр хэлнэ. Сануулна. Ухаантай хүний сануулсан болгон заавал хожим хойно үр нөлөө нь илэрч байдаг.

-Тухайлбал?

-Дарга үе үе, машинаа араасаа дагуулчихаад явган алхдаг юм. Их тэнгэрийн харшаасаа гүүр хүртэл бараг л алхана даа. Нэг удаа бид хоёр явган алхаж байгаад би ялимг үй сүүлдсэнээ тамхиа асаагаад хэд сорчихлоо. Гүйцээд очсон чинь дарга мэдчихжээ. “Юуны төлөө энэ сайхан агаарт алхаж байна. Наад угжнаасаа салаач” хэмээн хатуухан хэлж байна шүү. Тэр доороо тамхиа унтраагаад хаячихлаа. Тэгснээ дарга ярьж байна аа. “Та нар над гурван баатартай тамхи авчирч өгдөг байлаа. Нэг ёсондоо хор байж. Би Гагарин сансарт ниссэн өдөр нэг сайн үйлс бүтээе гэж бодоод тамхиа хаячихсан. Одоо хүртэл татаагүй л байна шүү дээ” гэж билээ. Энэ явдлыг хожим нь би уужуухан бодоод нэг л өдөр тамхиа хаячихсан. Дахиж зуугаагүй.

-Та, төрийн тусгай хамгаалалтын бараг бүх албанд ажилласан, төрийн тэргүү- нийг олон жил хамгаалсан хүний хувьд өнөөдөр хэлмээр, сануулмаар зүйл юу байна?

-Аль ч төрд амь нас аюулг үй байдлыг нь чанд нарийн хамгаалах ёстой хэдэн хүн байдаг. Тэр хүмүүсийг хамгаалахын тулд бүхэл бүтэн алба, цэрэгжүүлсэн хамгаалалт ажиллаж байгаа. Энд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлага, мэдлэг чадвар, ажлын онцгой чадавхийг байнга дээшлүүлж байгаасай гэж боддог. Ерөнхийлөгчийгөө амь сөрсөн ууланд авируулчихаж байгаа, Ерөнхий сайдыгаа занг нь мэдэхгүй морь унуулаад явуулчихаж байгаа, УИХ-ын даргынхаа машиныг осолд оруулчихаж байгаа зэргийг сонсоод харамсч суудаг. Тэр эрхэм дээд хүний аюулгүй байдал, хамгаалалтын албаны хүнтэй салшгүй холбоотой. Тусгай хамгаалалт гэдэг маань ах дүү, найз нөхдийн хүрээнд найран дундаа яваад байж болохгүй. Миний үед үүнийг хатуу сахидаг байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *