Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор өнөөдөр шагналаа. Шагналыг гардуулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хурандаа Т.Дуламдорж, Онцгой байдлын ерөнхийн газрын даргын зөвлөлийн гишүүд, тус ангийн үе үеийн удирдлагууд болон албаны хүмүүс оролцлоо.
ЕТГ-ын дарга П.Цагаан шагнал гардуулах үеэр тус ангийн аврах бүрэлдэхүүн, техник хэрэгсэлтэй танилцлаа. Уг аврах тусгай ангийг анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1967 оны Н/22 дугаар тогтоолоор байгуулж, одоог хүртэл албан чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэн 42 мянга гаруй эрдэнэтхүний амь нас, олон арван тэрбум төгрөгийн улс орны болон иргэдийн өмч хөрөнгийг байгалийн гамшиг, ослоос авран хамгаалжээ.
ЕТГ-ын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт офицер, ахлагч, зочид, төлөөлөгчидөө. Та бүхэнд Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийнхээ аюулгүй байдлын энхийн манаанд зогсож, хүмүүнлэг үйлсийн эзэд болсон та бүхний амжилт бүтээл, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн нөр их хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж танай хамт олон, танай ангийг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байна. Та бүхэнд баяр хүргэе.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, авран хамгаалах их үйлсэд та бүхэн улам ихийг хийж бүтээж, илүү идэвхи чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Онцгой байдлын алба түүний Аврах тусгай анги нь эх орныхоо аюулгүй байдал, ард түмнийхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ үнэнчээр биелүүлж, амь биеэ үл хайрлан, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж өргөсөн тангарагтаа үнэнч байж ирснийг төр, засаг, Монголын ард түмэн үргэлж харж та бүгдээр бахархаж ирсэн юм.
Өнөөдөр Монгол оронд төдийгүй олон улсын түвшинд байгалийн болон бусад гамшиг ослын гаралт, давтамж нэмэгдэж, улс орнуудад учруулж байгаа гарз хохирол улам өсч байгаад дэлхий нийтээрээ анхааран улс орнууд гамшиг ослын хор хохирлыг бууруулах, арилгахад ихээхэн анхаарч байгаа билээ. Ийм ч учраас Онцгой байдлын албан хаагчид та бүхний эх орон, иргэдийнхээ төлөө зүтгэх үүрэг, харицлага улам их өндөрсөж байна.
Монгол Улсын иргэдийн аюулгүй орчинд амьдрах ариун үйлсийн төлөө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ биелүүлэн хүчин зүтгэж байгаа та бүхнийхээ хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажилд тань амжилт хүсье” гэлээ.