Categories
мэдээ цаг-үе

Хурандаа Д.Базаргүр: С.Зоригийн хэргийн гүйцэтгэгчид илэрсэн гэдэгт би огт итгэдэггүй

Түрүүч нь №149(6515) дугаарт

-МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖЛЫГ ОЛОН ЖИЛ УДИРДСАН, ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА АСАН ХУРАНДАА Д.БАЗАРГҮРТЭЙ ХӨӨРӨЛДСӨН ТЭМДЭГЛЭЛ-

Зүүн гар талаас хурандаа Д.Базаргүр, хурандаа Л.Билгээ

Хурандаа бид хоёрын өмнөх тэмдэглэлд Пүрэв генералын дотночлон хэлсэн сургаал үгс, мөн залуу жанжин Лхагвасүрэн гуайн сургамжтай үг цухас дурдагдсан. үргэлжлүүлээд лувсангомбо сайд, Бугын дэжид генералын тухай дурсамж дурдатгалууд гарч ирж байна. үүнийг яагаад онцлов гэхээр хуучны тэр аварга удирдагчдын арга барил, мөн тушаал зааврыг яг хүнд нь онож хэлдэг нь үнэндээ онцгой юм билээ. ингээд Д.Базаргүр хурандаагийн ярианаас хүргэе. “дэжид генералыг халх голын хилийн хороонд очиход би дөнгөж дэслэгч цолтой залуу байлаа. Тэр чинь далан долоон он юм. Та манай цагдан сэргийлэх групп дээр очихгүй юу гэтэл, очъё гэж байна. их сайхан энгийн хүн шүү дээ. хүмүүс бол айхавтраар яриад байх нь бий, надад тийм айхавтар хүн санагддаггүй. хамт олонтойгоо уулзуулангаа, сайдад би гурван хүсэлт тавилаа. “Нэгдүгээрт, мөрдөн байцаагчтай болгож өгөөч, хоёрдугаарт, гурван сум хариуцдаг, гадаад дотоодын зочид их ирдэг болохоор машин чухал байна, машинтай болгож өгөөч. гуравдугаарт, нийтийн аж ахуйн угаалгын газрын хатаалтын зориулалттай өрөөнд би суудаг, хатгинд бариулаад хэцүү байна. зориулалтын контор барьж өгөөч” гэж хүссэн. генерал хариуд нь мөрдөн байцаагчийг яамны орон тоонд зохицуулалт хийгээд өгье. Мөрдөн байцаагчаа ав гэлээ. Машиныг бол засгийн газрын тогтоол гарч байж олгоно, гэхдээ Засгийн газарт танилцуулаад тогтоол гаргуулж машинтай болгох шаардлагатайг ойлголоо. Жолоочоо бэлтгэж бай гэдэг юм. Тэгснээ “Өмнөговь, Сүхбаатар аймгийн мөрдөн байцаагч нар бэх нь хөлдчихөөд, хортой харандаагаар ажлаа явуулж байна.

Тэгэхэд та нар хатиг гараад халууцаад гэж байна, наад паараа хас, конторын тухай асуудлаа толгойноосоо авч хая” гэж миний гурван хүсэлтийг газар дээр нь шууд шийдэж байсан. Тэр дороо л би мөрдөн байцаагчаа авсан, дөрвөн сарын дараа, улсын баярын өмнөхөн машинтай болсон, асуудлыг ингэж шуурхай шийддэг хүн байлаа” гээд Лувсангомбо сайдын тухай дурсамж руу орсон юм.

“Халх голын ялалтын 40 жилийн ойгоор Засгийн газрын комиссын дарга нь Лувсангомбо сайд. Тэгэхэд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан юм. Харин Халхын голын ялалтын ойн өмнөхөн НАХЯ-ны сайд болсон байв. Засгийн газрын комиссын даргын хувьд Халх голд хоёр удаа очиж ажлын бэлтгэл явцтай танилцсан. Эхний удаа очоод ажил үүрэг хуваарилсан.Надад -Зам шороо их босч байна. Шороо босгохгүй байх тал дээр анхаарч услах бэлтгэл хий. Замын голын шан их өндөр байна. Жижиг тэрэгний дороос тулах магадлалтай байна, засуул гэсэн. Тэгэхэд чинь Халх голын ойгоор Цэдэнбал дарга, Жуков жанжин хоёрыг ирнэ гэж байсан үе. Хэрвээ тэр хоёр ирэх бол жижиг тэргээр явж таарна гэдгийг Лувсангомбо сайд мэдэж байгаа. Хөшөөг засаж, цэвэрлэх ажлыг хилийн цэргийн хороонд хариуцуулсан. Ой болохоос гурав хоногийн өмнө дахиж ирсэн. Ажлаа шалгаад явж байтал Ерэн баатрын хөшөөний тэнд шарил бороо усанд идэгдээд цөмөрчихсөн байв. Түүнийг харангуут хилийн цэргийн командлагч яамны нэгдүгээр орлогч сайд, дэслэгч генерал Арвай шууд намайг буруутгаж номхон зогсоогоод чи юу харж байдгийн гэж загналаа. Тэгтэл Лувсангомбо сайд барьж байсан цаасаа хальт харан “Энэ асуудлыг чинь хилийн цэргийн хороо хариуцах юм байна, Тэрбиш гэж хэн билээ” гээд хилийн хороон даргын дуудлаа. Би тэгж Арвай генералын хатуу арга хэмжээнээс сайдын ачаар мултарч байгаа юм. Энэ болгоныг би яах гэж ярив гэхээр тэр цагийн сайд дарга нар яаж ажилладаг агуу хүмүүс байсныг л хэлэх гээд байгаа юм. Лувсангомбо сайд ажил үүргийн цаас харсан мэт боловч үнэн чанартаа энэ бол Базаргүр дэслэгчийн хариуцах ажил биш, хариуцах ёстой эзэнд нь хариуцлагыг нь үүрүүлэх ёстой гэдгийг тэнд байсан хүмүүст ойлгуулчихаж байна. Ийм л амьдралын баялаг туршлагатай, аливаад нухацтай ханддаг, асуудлыг шийддэг, шийдвэрээ биелүүлдэг, хүний ажлыг зөв үнэлдэг дарга нар, удирдагчид байжээ. Ийм жишээ олон бий. Одоогийн удирдагчдад нийтлэг харагддаг, худлаа шударга царайлдаг, худлаа амладаг, алдаагаа бусад руу бухдаг, асуудлыг шийддэггүй, хувийн нэр төр, ашиг завшаан хардаг, буруутныг хаацайлдаг гэх мэт увайгүй чанар энэ хүмүүст ч, манай цагдаагийн тэр үеийн дарга нарт ч хумсын чинээ ч байсангүй.

-ОХУ-ын Буриад улсын Дотоод явдлын яамны сайд, домогт Иванов генералтай та ойр дотно байсан хүн. Тэр тухай бас асуулгүй өнгөрч боломгүй байна?

-Би чинь Халх голын дараа Чойбалсанд байсан. Чойбалсан хот бол нөхцөл байдал хүнд, орос цэрэг ихтэй. Энэ чанараараа би оросуудын үйлдсэн гэмт хэрэгтэй их тулна, мөн оросуудтай хамтарч ажиллах зохих хэмжээний дадлага туршлага суучихсан. Энэ маань ч ажил амьдралд их нөлөөлсөн. Хожим 1992 онд ОХУ-д монголчууд, монголчуудаа дээрэмдэх нь даамжирсан. Уг этгээдүүдийг баривчлах ажлын хэсгийг би ахалж Эрхүү, Улаан-Үүд гээд явсан. Тэгэхэд Иванов генерал тус болсон. 1990 онд генералыг Монголд айлчлаад хариу хоёр хүн очиход нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга байсан дарьхүү бид хоёр явж байлаа. Тэгж анх Иванаов генералтай танилцаж байсан. Мөн НИК-ийн шатахуун талоныг Эрхүүд хуурамчаар үйлдээд нэг сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Энэ хэргийн мөрөөр явахад мөн л тус болсон. дараа нь Хөвсгөлийн хөвч тайгад манай гурван хилчин амиа алдсан. Үүнийг Краснокаменскийн хулгайн анчид үйлдсэн болохыг Буриадын цагдаагийнхан илрүүлж өгч байсан. Энэ болгонд л уулзаж учирч, тус дэмийг нь авч байлаа. Их энгийн хүн байлаа.

-Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. 1990 оны жагсаал цуглаан, 2008 оны 7 сарын 1-нийхээс юугаараа ялгаатай байсан бэ. 2008 онд цагдаа юун дээр алдчихав. Үүнийг танаас нэг асууя гэж бодоод явдаг юм?

-1990 онд ард түмэн ерөнхийдөө маш тайван, цагдаагаа хүндэлдэг, үгийг нь авдаг байсан. ганц нэг, хэсэг бусаг үймээн самуунд уриалсан хүмүүс байдаг л байсан. Тийм хүмүүсийг олноос эвтэйхэн холдуулаад ойлгуулах нь бидний нэг үүрэг байсан. Тиймээс бид жагсаал болоход жагсагчид дунд л явж байдаг байв. Жагсаалын нүүрэн талд гарамжил, Гаравсүрэн хурандаа, Үнэнбат дэд хурандаа гээд бараа сүртэй хэдэн дарга нар ажилтнуудтайгаа ил зогсчихоод, жагсагчидтай нүүр тулан арга эвий нь олоод байдаг байв. Ална тална, эвдэнэ сүйтгэнэ гэдэг яриа бараг гарахгүй. Харин дарь.Сүхбаатар улаан дээлтэйгээ, тугаа бариад, эсвэл Б.Жаргалсайхан улаан лада дээрээ гарч зогсоод уриалахад жагсагчид Төрийн ордон руу дагаад л дайрдаг байв. Жагсагчдад энэ хоёр их нөлөөтэй. гэхдээ эмх журамтай. 2008.7.1-нийх бүгд эсрэгээрээ. Цагдаа алдсан тал бий. Наад зах нь миний дээр дурьдсанчлан нүүр тулж зохицуулахыг оролдоогүй, жагсаал зохион байгуулагчидтай хамтарч ажиллаж чадаагүй, дарга нар нь голдуу энгийн хувцастай намын байрны ардаас удирдаж байгаа харагдсан. Мөн жагсагчид дотор ажиллаагүй гэх мэт. Хамгийн аюултай нь энэ 18 жилийн хугацаанд монгол хүний хүмүүжил ямар их эвдэрч, харгис хэрцгий болсон нь харагдаж байсан. Харин гэм буруутныг олж тогтоолгүй, цагдаагийн удирдлагад байсан хүмүүсийг хэлмэгдүүлэн ял оноосныг шүүхийн практикт буруу хэвшил тогтох эхлэл болсон гэж үздэг. Энэ буруу жишиг Л.гансүхийн нүүрсний, С.Зориг алагдсан хэргийн гүйцэтгэгч гурав, эцэст нь М.Энхсайханы жийп гээд л үргэлжилж байх шив дээ.

Хурандаатай ийн хөөрөлдөж суухад, аливаа асуудлын алдаа оноог нь их ноён нуруутай дүгнэдэг нь анзаарагдаж байлаа. Тухайлбал 7-р сарын 1-ний асуудлыг дүгнэхдээ цагдаа алдаа гаргасан, гэхдээ хамгийн аюултай нь монгол хүн маш их эвдэрч, өршөөлгүй харгис болсон нь харагдсан гэсэн бол МАНАН-гийн талаар ярихдаа загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр юм, тэдний хуйвалдаан анх улс төрийн ашиг хонжоо харж М.Энхсайханы Засгийн газрыг огцруулснаар эхэлж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болж болох Үндсэн хуулийн өөрчлөлт хийснээр түрийвчээ нэгтгэх боломжийг МАНАН-д нээж өгсөн гэж шулуун шударга хэлнэ билээ. Ингээд С.Зоригийн хэрэг рүү яриаг хандуулахад,

-С.Зоригийн хэргийн талаар би ерөөсөө хоёрхон юм хэлье. Нэгдүгээрт, би энэ хэргийн гүйцэтгэгчид илэрсэн гэдэгт огт итгэдэггүй. Мөрдөн шалгах ажиллагааны ажил үүргийн хуваарилалт алдагдсан. Үүнээс болж эрүү шүүлт тулгасан, хүн хэлмэгдсэн гэдэг асуудал яригдаж байна. Ер нь прокурор ажлын хэсэг удирдаад ирэхээр л ийм маргаантай асуудал гараад байдаг юм. 1980-аад онд Дугархорлоогийн гэх хэргийг шалгах ажлын хэсгийг Отгонбаяр прокурор ахлаад яг өнөөдрийнх шиг асуудал үүсч байсан. Яг энэ сэдэв дээр тулгуурлаад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн шинэчлэлийг дурдах хэрэгтэй болж байна. Монгол Улсад Германы техник, эдийн засгийн тусламжтай хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч үзвэл Х.Тэмүүжингийн шинэчлэлийн үзэл баримтлал зөв. гагцхүү сайдад төрийн ажлын туршлага дутаж, хэт их өөрийнхөөрөө яарч зүтгэсэн, хамгийн гол нь шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хүч болсон хурандаа нарыгаа элдвээр дайрч, өөрөөсөө холдуулсан. Гэхдээ прокурорын эрх мэдэл хэтэрхий ихэссэнээс процессын бүх шийдвэрийг гаргаж, мөрдөгч зөвхөн үүрэг гүйцэтгэгч болж хувирсан. Прокурор өөрөө шийдвэр гаргаад, өөрөө хяналт тавьсны горыг Эрдэнэбат прокурор амслаа. Хэрвээ Эрдэнэбат прокурор ажлын хэсгийн ахлагч, шийдвэр гаргах төвшний биш, төрийн хяналтыг хэрэгжүүлэх чиг баримжаа, эрх мэдэлтэй ажилласан бол ийм хэлмэгдүүлэлт гарахгүй, хэрэг илрүүлэх гэж хэт их улайрсныхаа төлөө мөрдөгчид ял шийтгэгдэхгүй байх байлаа. Өөрөөр хэлбэл хэрэг мөрдөх явцад төрийн хяналт байхгүй болсныг энэ хэрэг их тод харууллаа. Цаашилбал хуулиар прокурорт хэт их эрх мэдэл төвлөрсөн нь хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож ял завшуулах гол нөхцөл болж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа атлаа хууль тогтоогчид зөвхөн үүнийг л өөрчлөхийг хүсэхгүй байна. Ингээд харахаар эх газрын хуулийн онол зөв мэт санагддаг боллоо.

Хоёдугаарт, надаас хүмүүсийн сонирхож асуудаг асуултуудад Зоригийн хэргийн талаар Ц.Шаравдоржийн номон дээр нэлээн тодорхой хариулчихсан байна лээ. Улсын дээд шүүхийн гишүүн байсан, туршлагатай хуульчийн хувьд би Ц.Шаравдоржийг голыг нь олоод бодитой биччихжээ гэж үзэж байгаа гэв.

Цэрэнхүүгийн Шаравдоржийн “Манан буусан Монголын золиос Санжаасүрэнгийн Зориг” номын “Зам засах ажиллагаа буюу Эрүүгийн ертөнцийг эзэнгүй байлгах сонирхол” 16 дугаар бүлэгт д.Базаргүр хурандаагийн нэр хэд хэдэн удаа гарч байна. Тухайлбал, “С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг гарахаас өмнө цагдаагийн байгууллага үүний дотор Эрүүгийн цагдаа, түүний Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг татан буулгах гэж маш хүчтэй дарамт шахалтыг үзүүлсэн байдаг. Тэр үеийн Хууль зүйн сайдаар толгойлуулсан, УИХ-ын дөрөв таван гишүүн оролцсон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрүүгийн цагдаагийн газарт ирж, энэ алба хэрэггүй тухай тулгаж, энэ албыг татан буулгах чиглэл “дээрээс” өгөгдөөд байгаа тухай ч битүүхэндээ ойлгогдохоор ярьж байсан гэдэг. Ингэж дээрээс чиглэлтэй шаргуу шахалт шаардлагын дүнд зорилгодоо хүрч, дээд хэмжээнд бэлтгэгдэж мэргэшсэн энэ албаны бүх ажилтнуудыг ажлаас халав. Эрүүгийн цагдаагийн газар, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Базаргүр, Төрмандах, Батбаяр зэрэг эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх ихээхэн туршлагатай шилдэг мөрдөгчид байсан нь ноцтой гэмт хэрэгт бэлтгэж байсан хүмүүсийг айлгаж байсан нь ойлгомжтой байлаа. Тиймээс тэднийг зайлуулах хэрэгтэй байсан бөгөөд энэ зорилгодоо тэд хүрсэн. Үүний дараахан С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдэв. Хамгийн харамсалтай нь, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг татан буулгасны гор энд гарч ирсэн нь харагддаг. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн газрын үзлэгт энэ албанаас дэслэгч цолтой хоёр залуу очсон бөгөөд ямар ч ажлын туршлагагүй, хэн ч мэдэхгүй, Монголын эрүүгийн ертөнцийн тухай ямар ч ойлголтгүй тэр хоёр яах ч билээ, хэргийн газрыг харж зогсож байгаад гарсан байдаг. Хэрэв туршлагатай ажилтнууд очсон бол хэргийн нөхцөл байдлыг анхнаас нь эхлэн харж, цаашид хийх ажлын чиглэл зөв гарах байв. Харамсалтай нь энэ ноцтой хэргийг илрүүлэх алтан боломж эндээс эхлэн алдагдсан байна” гэж бий.

“Шаравдоржийн номон дээрх баримт, гаргалгаа, манай тасгийн тухай, бидний тухай бичсэн юмнууд бол бодитой үнэн. Түүнд бол энэ нь худлаа энээ тэрээ гэх юм байхгүй. Гагцхүү харин манай тасгийг яах гэж тараасан юм, Жамъянсэнгээ, Батбаяр бид гурвыг тагнуулын газар дээр ажиллаж байхад яагаад ямар зорилгоор болиулсан гэдгийн зорилго нь ямар байсныг би мэдэхгүй” гэсэн хурандаагийн хариултаар С.Зоригийн хэргийн тухай яриа өндөрлөсөн.

Пүрэв генералын үүрэг даалгавраар Базаргүр хурандаа олон сайхан чадалтай залуусыг Монголын цагдаад бэлтгэж өгснийг хэн хүнгүй хэлдэг. өөрөө энэ тухайгаа “Зөв сэтгэж, зөв зохион байгуулж чадаж байж хэргийг илрүүлнэ. Манай чиглэлийн ахлахууд тийм чадвар сайтай байсан. Хүн амины хэргийг хүн баригдахгүй гэж хийнэ. Тэр бүхнийг давж сэтгэх хэрэгтэй. Хорьж цагдаад эрүүдэж шүүгээд биш. Би ажилтнууддаа “Энд толгойгоороо ажилладаг хүн байна, гар хөлөөрөө ажилладаг бол тэр алба руугаа яв” гэдэг. гэмт хэрэг илрүүлэхэд маш олон албадын хамтын ажиллагаа их чухал. Шатдаг өнөрмааг чинь худлаа шатаж байна гэдгийг манай тасгийнхан тогтоосон. Үүднийх нь пин шатаад, 13 дугаар хороололд өгсөн байр нь шатаад, өнөрмаа хаана л явна шатаад байдаг. Аав нь ШУА, Их сургуулийн докторуудаар “Өндөр энергитэй хүнээс бөмбөлгөн цахилгаан биеэс нь цацарч байж болно” гэсэн дүгнэлт гаргуулчихсан. Өнөрмааг чинь онцгой энергитэй гээд Анагаахын дээдэд шууд оруулаад, гурван өрөө байр өгөөд, тэгтэл аав нь давраад Ерөнхий сайдыг “Ийм онцгой хүн байхад төр олигтой анхаарахгүй байна. Гадаадад сургуульд явуулж өг, өндөр хангамж өг” гээд шахсан байгаа юм. Жасрай гуай Пүрэв генералд “Энэ ер нь үнэн юм уу, юу болоод байнаа, анхаарч үзээч” гээд ханджээ. Ингээд түүнийг шүдэнз нууж авч явдгийг, зориудаар шатааж байгааг тогтоосон. Криминалистикийн шинжилгээний төвийн шинжээч Оюунбадам, төлөөлөгч Сайнбилэг, Мөрөн энэ хэд голлон олон хүний оролцоотой илрүүлж байсан” хэмээв. “гэмт хэрэг илрүүлэх, хэрэгтнийг барихад олон түмний тус дэм маш их чухал. ганцхан жишээ хэлье. Авдрантын оргодлуудыг бид мөрдөж хөөгөөд Хүүлээ хан ууланд оруулаад мөрийг нь алдчихдаг юм. Яаж ч самнаад мөр нь олддоггүй. Гэтэл Дарханы цагдаагаас нэмэлтээр ирсэн дэд хурандаа З.Эрдэнэбилэгийн бүлэгт нутгийн анчин ганбаатар гэдэг залуу хамт ирсэн. Энэ залуу шөнийн харанхуйд мөрийг олж мөрдөөд оргодлууд дээр яг буулгасан даа” гэв.

Базараа хурандаа бид хоёрын хөөрөлдөөнд Билгээ хурандаа санаа оноогоо хэлж сууснаа -Би 2000 онд ЦЕг-ын сургалтын албыг хариуцдаг байлаа. гэтэл цомхотгоно гээд. Ашгүй яг тэр үед Базаргүр хурандаа дэд даргаар ирээд эрс эсэргүүцсэн. Яахав хуучин бол улс төрийн чиг баримжаатай хэлтэс байсан юм. Улс төрийн үйл ажиллагааг нь байхгүй болгодог юм байгаа биз, цагдааг сургах, хүмүүжүүлэх ажил заавал байх ёстой гээд авч үлдэж байсан. Ёс суртахуунгүй, хүмүүжилгүй цагдаагийн баримт жишээ зөндөө бий. өнөөдөр сургалтын алба шиг хэрэгцээтэй хэлтэс алба цагдаагийн байгууллагад байхгүй болжээ. Тэр үед Базараа хурандаа бид хоёрын сургалтын алба байх ёстой гэж авч үлдээж байсан минь зөв байжээ гэхүйд “Цагдааг цагдаа шиг байлгахын төлөө Билгээ хурандаа их зүтгэсэндээ” гэж хурандаа хажуунаас нь тодотгосноо, төр төвшрөхгүй, төрийн түшээд төлөвшихгүй байгаа энэ цаг үед сайтар сургасан, хүмүүжилтэй, ёс зүйтэй цагдаа л ажил үүргээ ёсчлон гүйцэтгэж чадна гэдгийг арга байхгүй баримттай хэлж байв. Мөн тэрээр “Ерээд онд үйлдвэрүүд хаалгаа барьснаас нийтээрээ ядууралд өртөж байсан. Ажилсаг хэсэг нь гахай зөөх нь зөөж, туйпуу цохих нь цохиж байгаад улсаа өндийлгөөд ирсэн. гэмт хэрэг ч буурсан. өнөөдөр гэмт хэрэг яагаад буурахгүй байна вэ гэхээр бас л ялгаагүй ядуурал. Харин ядуурсны шалтгаан нь нийгмийн баялгийн хуваарилалт бурууд байна. Зальтай завшаанч нь баяжаад, шударга хөдөлмөрлөсөн нь хохирч байна. Хуулийн гажуудал, татвар, зээлийн дарамтанд шахагдаж дампуурч байна. Хууль тогтоогчид нийгмийн ялгаатай хуваарилалтыг мэдээд байгаа атлаа засах гэж хичээхгүй байна. Энэ гажуудлыг хэзээ арилгаж чадна тэр үед улс орон сайхан болно. Оюу толгой гэх мэт энэ том төслүүдийн үйл явцыг харахаар яг “Эдийн засгийн алуурчны өчил” номын дүр зураг уншигдаад байдаг. Гарах арга зам нь бас л энэ номон дээрээ байгаа гэх мэтээр ярилцсаар бидний яриа өндөрлөлөө. гэхдээ л хурандаагийн нөөц зөндөө үлдлээ дээ гэсэн бодол надад үлдсэнийг нуух юун.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *