Бөхөө дээдэлдэг түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит их аварга бол яалт ч үгүй Дагвацэрэнгийн Хадбаатар юм. Тэрээр гурван ч удаа “аавын хаалга” татаж алдаж, онож явсан нэгэн. Энэ талаар хурандаа Балчингийн Нацаг, Пүрэвийн Бадамдорж нартай ярилцсанаа хүргэж байна. Эхлээд Нацаг хурандаагийн яриаг хүргэе.
-Монгол төрийн наадам саяхан боллоо. Монгол Улсын шинэ аварга цолтон төрлөө. Танаас ард түмний хайлан болсон Хадаа аваргын тухай асуух гэсэн юм. Таныг Бэрлэгийн хорихын дарга байхад Хадаа аварга анх очиж байсан гэдэг?
-1974 онд Бэрлэгийн хорих анги шинээр байгуулагдахад би даргаар нь очиж байлаа. Далан дөрвөн оны өвөл шиг санагдаад байна. Нэг өдөр “ачилга ирлээ” гэдэг юм. Хорихын мод бэлтгэлд ажиллах хоригдлууд шинээр ирж буйг хэлж байгаа хэрэг. Хүрэн дээлтэй бөх хүн ирлээ гэсэн мэдээ ирлээ. “Зоонд оруулаад хоол унд өгөөдөх. Удахгүй би очиж уулзана” гэсэн хариу өгөв. Ингээд яваад очтол Хадаа байж байна. Би ч муухан таньж байгаа юм. Хүмүүс Хадаа гээд л өөр хоорондоо ярилцаад байна. Тэгэхэд улсын өндөр цол аваагүй байсан. Гэхдээ л монгол төрийн наадамд зургаа давж одоогийнхоор бол харцага гэж цолтой байсан. Хадааг тавин нэгэн онд төрсөн гэж дуулсан. Тэгэхээр 23- тай залуу хүүхэд байж дээ. “За нөхөр ямар зүйл ангитай вэ” гэж асуухад, хүүхэд шиг толгойгоо маажин инээд алдаад “88-ын Б” гэж байна. Тэр нь хүчингийн хэрэг л дээ. Гурван удаа хоригдохдоо гурвууланд нь хүчингийн хэргээр орсон хүн шүү дээ. “За чи юу хийж чадах вэ” гэсэн “барилдаж чаднаа” гэж байна. Бөх барилдахаас гадна хөнгөн атлетикийн тамирчин гэж байсан. Би өөрөө Төв аймгийн Угтаалцайдам сумынх. Эгч маань спортын мастер Намжилмаа гэж хүн бий гэж хэллээ. Сүүлд гавьяат болсон Монголын бас нэгэн мундаг тамирчин гэдгийг хүмүүс мэднэ дээ. Хадааг хоригдож байхад эргэж очиж байсныг манайхан ярьдаг. Хадаа анх ЗИЛ-130- тай, олон хоригдлын хамт ирж байсан. Аж ахуйн дарга Намхайдоржоос “Хадбаатарыг ямар ажилд хуваарилав” гэж асуутал “Цаадахад чинь таарах хувцас алга” гэдэг юм. Гутал, өмд, дээл аль нь ч таардаггүй гэдэг юм байна. Хоригдлууд ногоон алаг дээл өмсдөг байлаа. Хамгийн том дээлийг нь өмсгөөд ч бараадахгүй нь гэв. Бэрлэгийн хорихын гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн орлогч Дорж Шарын гол, Дархан руу хүн явуулж орос цэргийн гутал Хадаад авчирч өгөх тухай санал гаргалаа. Тэгтэл бас таарах юм алга. Орос цэргийн гутал дээд тал нь 44 размер байдаг, Хадаа 46 размер өмсдөг. Ингээд өөрийнхөө өмсөж ирсэн бөхийн гутал шиг санагдах юм, хүрэн гутлаа баглаад чирсэн. Өвөлдөө хүрэн дээлээ өмсөнө. Зундаа бол шуудагтайгаа л явна.
-Өө бүр бөхийн өмсгөл болох шуудагтайгаа юу?
-Өөр багтах өмд байхгүй, тогооч хийгээд л шуудагтайгаа тууж явна. Адууны махаар ихэвчлэн хоол хийнэ. Шөлтэй хоол, цуйван, будаатай хуурга, юу л бол юу хийнэ. Ганцаараа хоол хийхгүй, туслах тогооч гэж бас бий. Хавраас тэр их хүчтэй бөх хүнийг чинь мод бэлтгэх ажилд хуваарилахаас аргагүй боллоо. Бэрлэгийн хорих анги улсын мод бэлтгэлийн төлөвлөгөөг биелүүлж байсан цаг. “Уруул” Самбуу гэж ахмадын мод бэлтгэх хэсэгт хуваариллаа. Булхайд явуулжээ. Хөрөөчин, булхайчин, ойн цэвэрлэгээ хийдэг гурван хүн нэг хэсэг болдог байв. Хадбаатар мод хийж байна, сайн байна гэж дуулдаж байна. Нэг өдөр яваад очтол мод хийгээд хүрэн хар юм болчихсон, том гэдэстэй цүдийсэн нөхөр явж байна. “За нөхөр яаж байна” гэхэд, хүүхэд шиг инээд алдаад “дажгүй ээ, дарга аа” л гэж байна. Хүмүүсээс асуутал хөгтэй яриа их дуулдах нь тэр. Хадаа булхай хайнаг хөтлөөд явж байж л дээ. Хайнагийн булхай дээр урт гуалин модыг их сайндаа гурвыг л тавина. Булхайгаас унахад Хадаа ядах юмгүй өргөөд тавьдаг гэж байгаа. Нэг инээдтэй нь том модны хожуулын хоёр талаар үхэр булхай хоёр нь зөрөөд орчихож. Тэгтэл Хадаа харж харж байснаа булхайтай урт гурван гуалин модоо өргөөд гаргаж байсан гэдэг. Эгэлгүй их хүчтэй нь тэгж мэдрэгдэж байсан. Уул нь бол хайнагийнхаа дөрнөөс хойш нь татаад л өөрөөр нь гаргачихаж болох юм. Гэвч түүнийг мэдэхгүй өөрийнхөө хар хүчээр зүтгүүлснийг бусад нь хараад инээдэм шог болгож, бахархан ярьж байсан.
-Хадаа хэр удсан бэ. Далан таван онд улсын заан цол хүртсэн байдаг. Бэрлэгийн хорихоос гарсан жилээ л заан авч дээ?
-Тэгсэн юм. Одоогийн ардын багш, улсын харцага Ч.Өвгөнхүү Хадааг очиж авч байсан юм. “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч байсан. Далан таван оны зуны эхэн сард байх. Өвгөнхүү эхлээд Доржтой уулзсан. “Хадааг хүн авахаар ирчихээд байна, дарга аа. Намын төв хорооны зарлиг гарчээ” гэж Дорж надад хэлдэг юм. Нээрээ л Өвгөнхүү Ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Готов гэж хүний гарын үсэгтэй “Хадбаатарыг хугацаанаас нь өмнө сулласан тул өгч явуулна уу” гэсэн зарлигийн бичгийг аваад ирсэн байв. Хадаа бол манайд гурван жилийн ялтай очсон байдаг. Гэхдээ жил ч болоогүй өвөл нь очоод л зуны эхэн сард суллагдсан. Тэр их хүчит аварга бөх хэрнээ яг л хүүхэд шиг гэнэн итгэмтгий хүн байж билээ. Даргатай ч ялгаагүй, хоригдлуудтай ялгаагүй чин үнэнчээр харилцана. Хүнтэй хэрэлдэж ам мурийна гэж байхгүй. Хэний ч үгэнд орно. Хадаа тэрийг тэгээдэхээч гэхэд “за” л гэнэ. Цааргална гэж байхгүй. Харин нэг төрлийн хэргээр гурван удаа орсныг нь гайхаад байдаг юм. Өөрөө яг хийсэн ч юм уу, үгүй ч юм уу, мэдэхгүй юм даа. Ямар чиг л байсан шүүхээр таслагдаад л ирж байсан. Бодоход анхны хэрэг нь үнэн байсан байлгүй дээ.
Пүрэвийн Бадамдорж хурандаа Хадаа аваргын тухай ийн өгүүлж байна.
-1988 оны нэгдүгээр сараас Мааньтын хорих ангид гурваас дээш удаагийн давтан хэрэгт холбогдсон хүмүүсийг салгаж ялгаж чанга дэглэмтэй хорих ангийг бий болгосон. Олон удаагийн шийтгэлтэй хүмүүс бусдадаа муу зүйл үзүүлж байна. Тиймээс тусад нь хорих зүйтэй юм байна гэж үзсэн. Ингээд наян найман оноос улсын хэмжээний хорих ангиудын гурваас 22 удаагийн шийтгэлтэй хүмүүсийг Мааньтын чангад хорьсон. 1200 орчим хоригдол байсан. 1988 оны нэгдүгээр сарын аравдаар Хадаа гурван удаагийн давтан үйлдэлтэй гэж ирсэн. 88-ын буюу хүчингийн хэргээр. Тухайн үед миний бие Мааньтын чанга дэглэмтэй хорих ангийн гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан. Хадааг Багануурын хорих ангиас арван хэдэн хоригдлын хамт Бадам гэж хүн надад авчирч тушаасан. Манайхны “Аавын цээж” гэж хэлдэг машины арын хаалган дээр хаалт маягаар Хадааг таглаад суулгачихсан авчирлаа. Би ирсэн хоригдол болгоны материалтай танилцах үүрэгтэй. “Хадаа минь чиний хэргийн талаар юу асуухав дээ. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан хойно. Гэхдээ чи ер нь юу гэж бодож байна” гэж асуулаа. Мань хүн “Намайг ийм хэрэг хийсэн гээд байгаа” гэв. “Ийм хэрэг хийсэн гэж юу байхав. Чи хүүхний дээр гараад хэвтчихсэн байсан гэж байна шүү дээ” гэвэл, харин тийн. Тэгээд байгаа юм гэв. Хадаа гурван удаагийн давтан гээд арван жилтэй очсон. Хориглуудын хэлдгээр “шажигнасан шинэ улаан аравт”-тай л очсон доо. “Хадаа чи чинь шинэ улаан аравттай ирлээ. Одоо ингээд дууслаа гэж бодож болохгүй. Эртхэн гарах тухайгаа бодох хэрэгтэй. Барилдах бэлтгэлээ бас тасалж болохгүй, чи ер нь юу хийвэл зүгээр бэ” гэж асуулаа. “Би жолооч шүү дээ” гэж байна. “Чамд жолоо хэрэггүй. Муусайн машины үрүүлийг чи тас мушгиад л хаяна” гэхэд, “тэгвэл дарга аа, би манаач хийе” гэж байна. “Чи эндээс гараад барилдах ёстой. Тэгэхээр чамд суудлын ажил хэрэггүй. Чихэртэй хар цай гүзээлж хэвтэхээс өөр юм чи хийхгүй. Яваандаа наад хоёр хөл чинь биеэ даахаа болино” гээд чулуу ачилтанд тавилаа. Мань эр бусад шиг зөөж явж чулуугаа шидэж чадахгүй. Хоёр өвдгөөрөө сөхөрч суучихаад чулуу самсомол дээр шидээд байна. Бяр ихтэй хэрнээ хөдөлгөөн болхи тийм хүн. Ингэж сууж чулуу шидсээр байгаад хамаг бие нь хөөж хавдаад усан хаван гүйгээд хэргээ барлаа. Эмнэлэг домлого боллоо. Ингээд 1988 оны зун боллоо. Дасрангийн Мягмар заан надаас гуйдаг юм аа. Манай шүүхийн шийдвэрийн бөх байсан. “Хадаа бид улсын шигшээд хамт байсан юм. Цаадахыгаа мал бааз руу гаргах арга байна уу” гэв. Би Мягмарт “За тэгж хоёулаа Хадаагаа хорлоод яахав. Мал баазад буриад баахан хүүхнүүд ирнэ. Манай хүн сурсан зангаараа нэгийг нь тэвэрч аваад л баларна. Янз бүрийн юм болбол чи яах юм” гэхэд “Одоо арай ч тийм юм болохгүй биз дээ” гэж байна. Ингээд Сантын мал баазад хуваариллаа. Өөрт нь сайн гэгч сануулж хэллээ. Дахиж асуудал үүсгэвэл чи эндээс гарахгүй шүү гэж айлгах маягтай хатуухан хэллээ. Тэгтэл мал баазад адуу авчирч өгч байгаа залуучууд адуугаа ч өгч байгаа юм байхгүй Хадаатай ирж хууч хөөрөөд явахаа байсан. Нөгөө буриад хүүхнүүд чинь гахайн утсан мах тэр бүгдээ Хадаад өгдөг. Сүүлдээ буриад авгайчууд Хадаад санаатай ч юм шиг. Хадаа маань юун хоригдол зоопаркийн амьтан шиг үзвэрийн юм болж хувирдаг байгаа. Ингээд Хадаагаа буцааж татлаа.
-Мал баазад хэр удаасан бол?
-Сар гаруй болсон байх. Арваад аймгийн 70 мянган адуу цугладаг тийм л газар. Хадаа нэг ч хүн танихгүй. Харин бүх хүн Хадааг таньдаг. Хоригдол гэж бараг хэлэхгүй дээ. Хадаа л гэнэ. Ингээд Хадаагаа мал баазаас татаж адууны ачилга дээр тавилаа. Ачааны вагон руу нарийн хоолойгоор адууг шахаж оруулах ийм ажил. Ямар ч догшин адууг Хадаа бөгсөөс нь түрээд л оруулчихна. Хойшоогоо чираад цахдаад байгаа хэрнээ ямар ч адуу Хадаагийн хүчинд түрэгдээд орно. Тийм аварга тэнхээтэй. 1989 он боллоо. Хадаагаа өглөө гүйлгэхээр болов. Сумын төв рүү хадуурууд явчихав гэж бас санууллаа. Тэгтэл нэг өдөр Хадаатай холбоотой яриа ирлээ. Өглөө гүйх биш цэргийн салбарын захирагч нарын авгай нар дээр очоод зуслангийн байшинд нь боорцог цай болоод сууж байдаг гэнэ. Бас болоогүй байшинд нь хивс авч өгөх тухай хээв нэг яриад сууж байдаг гэнэ. Ингээд нөхрийг өглөө уул руу гүйлгэхээ болилоо. Наян есөн оны өвөл Хадааг уурын зууханд галчаар гаргалаа. Манай хүн өвөлжин гал түлдэг ажилтай. Хаврын сартай золгоод ажил нь хөнгөрчихсөн, тийм үед жижүүр утасдаад “Хадааг нэг хүүхэн үнссэн байна” гэдэг юм.
-За бас юун хүүхэн билээ?
-“Наана чинь тэгээд Хадаа байна уу. Юун хүүхэн юм. Хадааг таньдаг юм уу” гэхэд “Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Ямар ч байсан Хадааг уурын зуухныхаа байшинд байж байхад нь ирээд үнсчихсэн байна. Эмэгтэй хүний үнссэн уруулын будагны ором хацар дээр нь байна” гэдэг юм. Нөгөө хүүхнийг олоодох, Хадаагийн үнсүүлсэн ормыг салхинд арчуулчихалгүй аваад ир гэж үүрэгдлээ. Удаа ч үгүй тоос шороо болсон Хадааг аваад иртэл хацар дээр нь уруулын будагны ором байна аа. Нөгөө хүүхнийг аж ахуйн хашаанаас барилаа гэж байна. “Чи яахлаараа хүүхэнд үнсүүлдэг юм. Чамайг таньдаг юм уу, чи элдэв бусын юм өмнө нь хийгээгүй биз” гэж хэлтэл “Дарга аа, намайг уурын зуухандаа галаа янзалж байтал нэг хүүхэн ирээд үнсчихсэн. Надтай мэндлэлгүй яваад өгсөн. Би хойноос нь баахан харж зогссон. Зооны булан тойртол харсан. Тэгээд би бодлоо. Аягүй бол намайг дахиад нөгөө хилс хэрэгтээ оруулж мэдэх юм гээд би өөрөө жижүүрт хэллээ” гэдэг юм. Хадаатай ярилцаад зогсож байтал нөгөө хүүхнийг оруулаад ирлээ. Наян есөн он гэхэд чинь савхин дээл модонд байсан үе. Тэгтэл савхин дээлтэй ганган шар хүүхэн байна. Чи Хадааг таних уу гэхэд танихгүй гэж байна. Яах гэж ирсэн юм гэвэл уулзах гэж ирсэн юм гэлээ. Уулзах байсан юм бол чи бичиг баримтаа шалгуулаад, албан журмын дагуу уулзахгүй яасан юм гэвэл “Би Улаанбаатараас вагоноор ирсэн. Би Хадбаатарыг хайрлаж явдаг. Халхын сайхан энэ эрийг би нэг үнсчихье гэж бодсон. Монголд дахиж төрөхгүй сайхан хүн. Өөр надад бодол байхгүй. Би орой вагоноор буцна” гэдэг юм. Үнэхээр сонин юм шүү. Маш сэжиг бүхий санагдсан ч тэр хүүхний бид хорих цагдах эрх байхгүй. Ямар хүн үнслээ гэж тухайн үед хорилтой нь биш. Тийм нэг юм болж байсан. Нөгөө хүүхнийг авч үлдээд Хадааг түрүүлээд гаргахад мань хүн эргэн эргэн харсаар гарч байж билээ. Одоо ч нүдэнд харагдаад инээд хүрдэг юм. Хадаа 1986 оны улсын наадамд түрүүлж аварга болоход нь Батлан хамгаалах яамны орлогч сайдаар дөнгөж томилогдоод байсан Арвай генерал чиргүүлтэй шинэ гуч машин өгчээ. Мэдээж албанд нь өгсөн юм байгаа биз. Улсын наадамд түрүүлчихсэн, аварга болчихсон, шинэ гуч машинаа бариад сүрхий амьтан явбал нэг бүсгүй уулзъя гэсэн байна. Тодруулбал, Улаан хуарангийн эцэс дээр хар савхин курткатай жижигхэн шар хүүхэн таараад “орой хоёулаа таван цагт уулзъя” гэж хэлжээ. Тэр хүүхэн “аварга цолыг чинь мялааж байгаа юм шүү. Ганцаараа ууна шүү” гээд нэг шил архи өгсөн байна. Тэр шил юмаа уугаад нэг айлд нөгөө хүүхэнтэйгээ очиж хоносон гэдэг. Гэхдээ тэр шөнө янз бүрийн юм болоогүй гэж өөрөө хэлдэг. Гэтэл өглөө нь хар машинтай хүмүүс орж ирээд л “за хулгайч минь шорондоо явна аа” гээд шууд дайрчээ. Тэгэхээр нь манай хүн машинаа унаад зугтаасан байна. Нөгөө хар машинтай хүмүүс араас нь хөөсөн байна. Найз хүүхнийхээ ажил дээр яваад очтол өрөөндөө байдаггүй гэнэ. Айж сандрахдаа хажуу талынх нь өрөөг таттал нэг хүүхэн байж байсан. Түүнийг айгаад орилохоор нь “зүгээр ээ, би яах ч үгүй” гээд бариад авч л дээ. Энэ нь бас буруудсан. Тэр хүүхэн “намайг хүчиндэх гэж оролдсон” гэж мэдүүлсэн, ийм л юм болсон гэж Хадаа хэлдэг. Ингээд 10 жил авсан байдаг. Хадаагийн ярианд би итгэдэг юм. Яагаад гэвэл Хадаа яг үнэнээ хэлдэг хүн байлаа. Нэг шөнө Хадаа архи уугаад хонолоо гэсэн дуудлага ирэв. Дуудуултал “Хоригдол Хадбаатар би ирлээ” гээд халхайсан том юм гүйгээд ирлээ. “Чи хэдэн шилийг уусан бэ. Хэн өгөв” гэхэд, дарга аа би таван шилийг уусан. Улаан машинтай хүн өгсөн” гэж байсан. Чехийн нөхөд тэр хавиар явж байгаад Хадаад 10 жил пиво өгсөн байгаа юм. Мань эр тавыг нь уусан байна. Яг үнэнээ л хэлнэ. Хүмүүс Хадаад талх, молоко, хиам гээд байгаа бүхнээ өгнө. Хадаа зун борцтой байж байна. Хоригдлууд байтугай албан хаагчид борцгүй байхад манай хүн борцтой байж байна. Ингэж л ард түмний хайрыг хүлээсэн бөх байсан даа. Баргийн гутал таарахгүй, хоёр хөл нь сайртаад хагарчихсан, дарвайсан хар юм л байж байдаг сан. Халхын хүчит их аваргыг алдаж, онож явахад нь хориход хэдэн жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Хөдөлмөрийн аргаар өөрийнх нь биеийг бэлдэж дахиад ард түмнээ баясган бөхийн дэвжээнээ зодоглоход нь бага ч гэсэн тус нэмэр болсон болов уу гэж боддог. Хадааг суллуулах гэж бөөн л юм болж байсан даа. Ерэн оны Улсын баяр наадам, мөн наймдугаар сард болсон Хэрлэнгийн хөдөө арлын даншиг хоёрыг Хадаа аварга өнжсөн нь харамсалтай санагддаг. Хэрвээ ерэн оны хавар суллагдсан бол Монголын төрт ёсны хоёр их наадамд зодоглох байсан даа. Хадаа шоронгоос гараад удаагүй байхдаа ерэн оны намар байх, бага цэнгэлдэхэд болсон нэгэн барилдаанд том Сүхбатыг хүчтэй хаяж билээ. Сүхбат хөл рүү нь дайраад сүрхий цочоотол Хадаа далбааных нь араас барьж аваад жаахан хүүхэд шиг цээжиндээ наагаад өргөөд хаяж байсан. Хүмүүс шуугилдаад явчихаж байсан. Том Сүхбат тэгэхэд заан болчихсон ид байсан үе нь. Сүхбат инээгээд л тахимаа өгч билээ. Тэр барилдааныг би харсан юм. Гэхдээ Хадаатай уулзаагүй. Ерэн нэгэн оны арваннэгдүгээр сарын үе байх, Багшийн дээдийн урдуур машинтай явж байтал Хадаа явж байна. Цэргийн шинелиэ өмсчихсөн, бөхийн жанжин малгайгаа тавьчихсан таахага таахага алхаад явж байж билээ. “Би дарга дээрээ нэг сайхан очно оо” гэж тэгэхэд аминчилж хэлсэн. Даанч дахиж уулзаж чадалгүй өнгөрсөн дөө, хөөрхий минь.