Өдгөөгөөс таван жилийн өмнө Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа авсан Евро бондын 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх гэж Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэрэндээ эрвийж, дэрвийлээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байж ард нь гарахаас өөр замгүй гэж байсан ч сар шинийн өмнөөс “Хуралдай” хэмээх шинэ бондын сураг гарч эхэлсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр яалт ч үгүй ийм бонд гарч 580 сая ам.долларын зээлээ төлж байгаа аж. Үлдсэн 20 сая ам.доллараа Монгол Улс бэлнээр нь авахаар болсныг эх сурвалжууд хэлж байсан юм. Ямар ч гэсэн Монгол Улс дефолт зарлаж түмний өмнө шившгээ дэлгэхээргүй болжээ.
Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын “Хуралдай” бондоор солих саналыг Евро бонд эзэмшигчдэд тавьсан байна. Евро бондыг авахдаа 5.7 хувийн хүүтэй авч байсан. Сангийн сайдын хэлснээр хоёр тал “Хуралдай” бондын хүүг 7.6 хувь байхаар долоон жилийн дараа эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр тохирсон байна. “Хуралдай” бондыг маргааш олгож магадгүй талаар зарим эх сурвалж өгүүлэв. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр түрүүчийн Засгийн газрын үед гаргасан бонд 10.8 хувийн хүүтэй байсан бөгөөд үүний дэргэд 600 сая ам.долларын үнэ бүхий “Хуралдай” бондын хүү бага юм.
Харин Чингис бондыг 4.1 хувийн хүүтэй авч байсны дэргэд бол өндөр байгаа нь манай орны эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарч байгаа юм билээ. “Чингис” бондыг гаргаж байхад манай улсын өрийн хэмжээ 28 хувь байсан бол өнөөдөр аль хэдийнэ 100 гаруй хувьд хүрчихээд байгаа. Андеррайтер компаниудаар “Credit Suisse”, “JP Morgan” ажилласан талаар “Bloomberg” мэдээлж байсан. “Хуралдай” бондын хувьд олон улсын бондын хоёрдогч зах зээлд 2013 оноос хойш анх удаа Монголоос гаргасан бондын үнэ ханш дээд цэгтээ хүрээд байгаа гэнэ. Сангийн яам уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч эхэлсэн учир Хөгжлийн банкны бондыг шинэ бондоор солих ажил амжилттай хэрэгжинэ гэж үзсэн бололтой.
Нэг үгээр хэлбэл, бид өмнө нь байсан өндөр хүүтэй өрөө бага хүүтэй өрөөр өөрчилж, хугацааг нь сунгаж, хүүг нь бууруулсан гэсэн үг юм. Тиймээс энэ нь ямар нэгэн шинээр тавьсан өр биш юм байна. Цаашдаа зах зээлд эерэгээр нөлөөлж, гадны хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийнхэн гадны бизнесийнхэнтэй хамтран ажиллах боломжийг илүүтэй нээж өгч байгаа юм. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр томоохон төсөл хөтөлбөрүүд хөдлөх чухал гарц бөгөөд гадныхны биднийг хардаг нүд өөрчлөгдөх эхлэл нь “Хуралдай” бонд болно гэдгийг эдийн засагч, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хэлж байлаа.
“Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид, 18 хувийн Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн гэх мэдээлэл байна.
Э.ЭНХ