Categories
гадаад мэдээ

Хунтайж удам залгах үртэй болно

Монакогийн хунтайж Альберт II-ийн эхнэр, гүнж  Шарлен Уитсток давхар биетэй болсноо мэдэгдлээ. Тэрээр энэ оны сүүлчээр амаржих юм байна. Гүнж Шарлены хувьд анхны хүүхэд нь бол хунтайж урьд нь хоёр өөр эмэгтэйгээс хоёр хүүхэдтэй аж. Монакогийн гүнж  1978 онд Зимбабвед мэндэлж, Өмнөд Африкт амьдарч байсан юм. ӨАБНУ-ын усанд сэлэлтийн аварга тэрбээр хунтайж Альберттай 2000 онд танилцсан билээ. Тухайн үед улсаа төлөөлөн олон улсын усанд сэлэлтийн тэмцээнд амжилттай оролцон түрүүлж байсан гэдэг. Шарлен олимпийн тэмцээнд оролцож тавдугаар байр эзэлж байжээ. Альберт, Шарлен хоёр танилцсанаасаа зургаан жилийн дараа дотнын харилцаатай болсон. 2011 онд гэр бүлээ батлуулсан юм. Тэр үед Монакогийн хунтайж 53, Шарлен 33 настай байжээ. Хунтайж Альберт II залуугаасаа нийгмийн ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тэрээр 30 нас хүрээгүй байхдаа Олон улсын Олимпийн хорооны гишүүн болж байсан төдийгүй хойд туйлд хүрсэн анхны хунтайж гэгддэг. Удаан хугацаанд эхнэргүй явсан түүний хувийн амьдралын талаар янз бүрээр ярьдаг. Эх Грейс Келли нь Холливудын од байсан тул Монакогийн хаан Альберт кино од бүсгүйчүүдэд тун таатай ханддаг гэнэ. Тэрээр нэгэн цагт Брук Шилдс, Шэрон Стоун, Гвинет Пэлтроу нартай холбогдож байсан төдийгүй нэрт загвар зохион бүтээгч Наоми Кэмпбелл, Клаудия Шиффер нартай найзалж байжээ. Хунтайж Альберт нэг бус удаа хэрэгт холбогдож байсан гэнэ. Тухайлбал, 2004 онд түүний үерхэж байсан Голландын загвар өмсөгч бүсгүй өөрийг нь хүчингийн хэрэгт буруутгасан юм. Гэвч нотлох баримт олдоогүйгээс хэргийг хаасан гэдэг.