Categories
мэдээ нийгэм

Хүнсний бус ахуйн хэрэглээний согтууруулах төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засаг даргын зөвлөлд шуурхай танилцуулах зорилго бүхий уг ажлын хэсгийнхэн өчигдөр орой 22:30 цагийн үед үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан “Баянгол дүүргийн 2 дугаар хороонд анхны дуудлага 12.10 цагийн орчимд ирсэн байгаа. Үүнээс хойш 20.50 минут хүртэл 5 иргэн хордсон, нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлт явагдаж байгаа учир бид хуулийн хүрээнд өгч болох мэдээллийг өгнө” гэлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нөхцөл байдлын талаар Ж.Батбаясгалан дарга товч танилцууллаа. Хэрэг бүртгэлт явагдаж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шилжүүлж, шинжлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Одоогийн байдлаар яг ийм зүйлээс ингээд хордчихлоо гэсэн зүйл тогтоогоогүй байна. Өглөө гэхэд шинжилгээний дүн эцэслээд гарчихна. Ер нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг бий. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ялангуяа чанар, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг иргэд та бүхнээс хүсч байна” гэв.

Мэргэжлийн хяналтын газрын хувьд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байгаа юм.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *